Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 334

 

Ц.Б, Ц.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

хохирогч Т.Жамъяангарав,

хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг нарын өмгөөлөгч Л.Азжаргал,

шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Ц.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1811022300913 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн ............., 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс-Мон” компанид борлуулагч ажилтай, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 21 дүгээр гудамжны 184 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХИ......../;

 

2. ..........., 1973 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан депод машинчин, ээлжийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Улиастайн 7-36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХИ73032011/;

 

Ц.Б нь 2014 оны 2-оос 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн,

2017 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эрдэнэцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр рүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Хашцэцэгийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мөнгөнчимэгийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Хашцэцэгийг “өөрийнх нь араас дагалаа” гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Баяртөрийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

 

Ц.Б, Ц.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жамьяангаравыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ц.Бд 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Ц.М, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Ц.Бд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч ..............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Бгийн шүүхийн дансанд байршуулсан 1.322.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Баяртөрд 714.000 төгрөг, хохирогч С.Хашцэцэгт 608.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун подволк 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, авто машины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой, хар өнгийн  автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхэгийг хохирогч Т.Жамъяангаравт буцаан олгож, шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон нийт 677 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Ц.Бг 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтад “Шүүгдэгч Ц.М, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдлийн хохирогч Т.Жамъяангаравын “...Буянзаяад хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас Мягмаржав нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Буянзаяа, Мягмаржав нар нийлж өшиглөж гараараа цохисон. ...би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал Мягмаржав ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү өшиглөсөн ба миний зүүн гарыг Мягмаржав ард даланд хүртэл гараараа өчсөн ба тэр хооронд Буянзаяа миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед Мягмаржав нь миний гарыг өчсөн байсан ба Буянзаяа тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал бүхий гэмтлийг Буянзаяа учруулсан байх гэж бодож байна. ...”, мөн гэрч В.Нэргүйгийн “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Буянзаяа барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч хүн аллаа гэхэд Буянзаяа хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн. ...тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан. ...намайг харж байхад Буянзаяа нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан. ...тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/ зэргийг үгүйсгэж Ц.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” нь үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн Ц.Б нь хоёр түүнээс дээш буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлийн олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад “Шүүгдэгч Ц.Бд 2014 оны 02- 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.М, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай агийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хориглосон заалтыг баримталжээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Ц.Б, Ц.М нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Ц.Бгийн 2014 оны хөнгөн хохирол учруулсан үйлдэл, 2016 онд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурор Ц.Бд холбогдох 6 үйлдлийг гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжтэй байна гэж үзсэн. Үүнээс эхнэр Б.Хашцэцэгийг зодсон гэх 2 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Мөн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцогдсон. Иймээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдсэн үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлтэй байна. Бусад үйлдлийг анхан шатны шүүхээс гэр бүлийн харилцаатай хүнээ байнга зодсон шинж байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй. Мөн хадам С.Эрдэнэцэцэг, хадам ах Б.Баяртөр нарыг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Ц.М, Ц.Б нар бүлэглэн хохирогч Т.Жамъяангаравын биед хүнд гэмтэл учруулсан. Ц.М, Ц.Б нар нь төрсөн ах дүү хоёр. Тухайн хэрэг цагаан сарын үед буюу Ц.М нь Дарханаас өөрийн аавын гэрт золгохоор ирсэн байх үед болсон. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтаас харахад гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн, нэгдсэн зорилгоор санаатайгаар хамтарсан тохиолдолд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болдог. Ц.М нь тухайн зодоон болсныг мэдээгүй. Цонх тогшоод “амь авраарай” гэхэд нь гэрээсээ сандраад нүцгэн гарч ирээд хохирогчийн зүй бус үйлдэлд шаардлага тавьсныхаа төлөө өөрөө зодуулж хөнгөн гэмтэл авсан. Тэгэхээр Ц.Мын хувьд гэмт хэрэгт бүлэглэж, санаатайгаар оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан үйл баримтад хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хавтас хэрэгт хохирогч Т.Жамъяангаравын удаа дараагийн мэдүүлэг байдаг. Зөвхөн Т.Жамъяангараваас л мэдүүлэг аваад байсан. Эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Мөн Т.Жамъяангаравын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт “би нэг жил гаран бодож тунгаасны эцэст миний биед учруулсан хүнд гэмтлийг Ц.Б учруулсан байх боломжтой” гэж мэдүүлсэн. /3хх 130-132/ Энэхүү мэдүүлгээс харахад гэмтлийг Ц.Б учруулсан болох нь нотлогдож байна. Мөн хамгийн сүүлд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр “энэ гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж дүгнэснээс харахад гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэстэй байна. Мөн Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч тус бүрд бүрэн төлж барагдуулсан. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 21 дүгээр талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож шийдвэрээ гаргасан тул анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.М нь бүлэглэж Т.Жамъяангаравыг зодсон гэх нэгдсэн санаа зорилго хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Мөн энэхүү үйлдэл нь 2 тусдаа орон зайд болсон. Түүнчлэн Т.Жамъяангарав нь Ц.Мыг цохиж гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн Ц.Б нь олон хүний биед хөнгөн гэмтэл учруулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчлэх үндэслэлтэй гэж ярьж байна. Гэхдээ ийм үндэслэл харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, сүүлийн гэмт хэргээсээ асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлтэй боловч хамгийн сүүлд үйлдэгдэж гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон буюу шүүх хуралдаан болох үед сүүлийн гэмт хэргээс тооцсон ч 1 жилийн хугацаа өнгөрсөн байсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр зүйлчлэхдээ яагаад хүндрүүлж зүйлчлээгүй вэ гэхээр гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хадам ээж хамаарахгүй, мөн байнга зодсон гэх шинж байхгүй гэж анхан шатны шүүх дүгнээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг удирдлага болгож тогтоолдоо тусгасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг нарын өмгөөлөгч Л.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг нарыг зодсон үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Хадам ээж С.Эрдэнэцэцэгийг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу “ахмад настны эсрэг үйлдсэн бол” гэж хүндрүүлэн зүйлчилсэн байсныг, гэр бүлийн хамаарал бүхий хүн биш, мөн байнга зодоогүй учраас гээд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Тухайн үед Б.Хашцэцэг нь ээж С.Эрдэнэцэцэгтэй хамт амьдарч байсан. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б гэрт нь хүрч ирээд хадам ээж болон эхнэрээ зодсон. Тэгэхээр хадам ээж нь гэр бүлийн хамаарал бүхий хүнд тооцогдоно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байнга гэх шинж нь энэхүү гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдэд хамаарахгүй байх ёстой гэж үзэж байгаа тул буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Харин хохирогч Б.Баяртөрийг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчилсэн нь үндэслэлтэй. Б.Хашцэцэг нь 2017 оны 3 дугаар 15-наас 17-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Мөн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ээжийг нь зодоод байхад ээжийгээ Ц.Бгаас холдуулах гээд очиход өөрийг нь зодсон. Энэ үйлдлийн улмаас Б.Хашцэцэгийн биед гэмтэл учирсан. Энэ нь таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлж зүйлчилсэн байсныг өөрчилсөн тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ хэргийг шийдвэрлэхэд хохирогч нарыг залхаан цээрлүүлсэн үйлдлүүд гарсан. Анх 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлээр ял шийтгүүлсэн. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүхээс байнга үйлдсэн гэдгийг нь нотол гээд прокурорт буцаасан. Б.Хашцэцэг нь байнга гэдгээ нотлох гээд урьд нь зодуулж байсан бүхий л үйлдлүүдээ ярьсан боловч хөөн хэлэлцэх хугацаанд хамаараагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр зүйлчлэгдсэн байсан бол хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах болоогүй байсан. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт ороод энэ хэрэг анхан шатны шүүх рүү буцвал Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу эдгээр зүйл ангиудаар ял эдлэх боломжтой болж байна. Ц.Бг 2017 оны 10 дугаар сард яллагдагчаар татсан тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157 тоот прокурорын ял өөрчилж сонсгосон тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 32 тоот ял өөрчилж сонсгосон тогтоол зэргээс харахад хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татчихсан байсан нь харагдаж байна. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд Эрүүгийн хуульд тусгалаа олсон ч гэсэн байнга гэдэг шинжээрээ хэрэглэх боломжгүй болгож байна.” гэв.

Хохирогч Т.Жамъяангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг маш их удаж байж шийдэгдсэн. Би хамгийн их хохирсон хүн. Ц.М гэрээсээ гарч ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Энэ хэргийг харсан гэрч байхад түүнийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Б, Ц.М нарыг бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жамьяангаравыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар цохих, өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Ц.Бд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон ...өөрчилж шийдвэрлэжээ.

Ингэхдээ, шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, дээрх хуулийн зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хэрэглэх ойлголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Т.Жамъяангаравын “...Буянзаяад хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас Мягмаржав нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Буянзаяа, Мягмаржав нар нийлж өшиглөж гараараа цохисон. ...би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал Мягмаржав ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү өшиглөсөн ба миний зүүн гарыг Мягмаржав ард даланд хүртэл гараараа өчсөн ба тэр хооронд Буянзаяа миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед Мягмаржав нь миний гарыг өчсөн байсан ба Буянзаяа тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал бүхий гэмтлийг Буянзаяа учруулсан байх гэж бодож байна. ...” /1хх 165-168/, мөн гэрч В.Нэргүйгийн “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Буянзаяа барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч хүн аллаа гэхэд Буянзаяа хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн. ...тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан. ...намайг харж байхад Буянзаяа нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан. ...тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан. ...” /1хх 191-192/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Ц.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б, Ц.М нарын хохирогч Т.Жамъяангаравын биед хүнд хохирол учруулсан гэх үйлдэл нь 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй, аль Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай талаар дүгнэлт өгөлгүйгээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргажээ.

Мөн шүүгдэгч Ц.Бгийн зарим үйлдлүүдийг хуульд заасан ямар үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож байгаа талаар шийтгэх тогтоолд хуульд заагдсан тодорхой шаардлагын дагуу дүгнээгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар хууль зүйн тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                                                                                                             

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ