Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0256

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0256

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.В.А.

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх журам-ын 3.11.1, 3.11.2 дахь заалт, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн УБ05/024-046, УБ05/002-047 дугаарын дүгнэлтийг тус тус үндэслэн тушаах нь: Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан ОХУ-ын иргэн К.А /1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй,  дугаарын паспорттой/...-г 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор Монгол Улсаас албадан гаргасугай.. гэснийг үл зөвшөөрч байна. Үүнд:

1.2010 оны 07-р сарын 08-ны өдөр батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль-ийн Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэх 3-р зүйлийн 3.1-д: энэ хуулийн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, тус улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн /цаашид гадаадын иргэн гэх/, гадаадын иргэнийг уригчид хамаарна гэж заасан байдаг.

Р.В.А нь 1990 оны 8-р сарын 19-нд Дархан хотод төрсөн, эх Р.Л нь 1964 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн гурван үеэрээ Монгол улсад амьдарч байгаа суугуул иргэн юм.

2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.11 дэх хэсэгт: Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон Р.В.А нь Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 73 тоот тогтоолоор ЭХТА-ийн 17.2-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн байна. Энэхүү хүнд гэмт хэргийн эрүүгийн шүүх хуралд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй, хэт яллах талыг баримтлан шийдвэрлэснээс түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдигүй хуульзүйн туслалцаа аваагүйгээс давж заалдах гомдол гаргах эрхээ эдлээгүй хохирсон байж болзошгүй байна.

1966 оны 12-р сарын 16-ны өдрийн НҮБ-ын 2200А тогтоолоор батлагдсан Иргэний ба Улс төрийн эрхийн Олон улсын Пакт-д Монгол Улс 1976 оны 03-р сарын 23-ны өдөр нэгдэн орсон. Энэ Олон улсын гэрээний 14-р зүйлийн 14.7-д: Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй гэснийг зөрчсөн тушаал гэж үзэж байна.

3. Р.В.Аыг Монгол Улсаас албадан гаргалаа гэхэд ОХУ-д ямар ч хамаатан садан төрлийн хүнгүй, оршин суух газар үгүй, хэзээ ч Орост очиж үзээгүй, хэдэн үеэрээ Монгол нутагт суурьшин амьдарсан орос гаралтай л болохоос Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хилээр ч гарч үзээгүй зэрэг хувийн нөхцөл байдлыг нухацтайгаар хянан үзэж ГИХГ-ын даргын 2019 оны А/ 60 дугаар тушаалын Р.А.В-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Р.В.А нь Монгол улсаас гарахгүй байх олон шалтгаан байна. Тэрээр 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Алтанбулагийн боомтоор өдөр нь гараад орой нь буцаж орж ирсэн. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Солонгос улс яваад ирсэн. Түүний гэр бүл аав, ээж, ах дүү нар нь бүгд Монгол улсад амьдарч байна. Гэтэл чи цагаач хүний хүүхэд учраас эх орондоо оч гэж байгаа нь үнэхээр хатуудаж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад зааснаар хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлд Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй гэж заасан. Р.В.А нь гэмт хэрэгт холбогдохдоо энэ эрхээ эдэлж чадаагүй, давж заалдах эрхээ эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн. Энэ нь Монгол улсаас албадан гаргах үндэслэл болоод байна. Уг гэмт хэрэгт нэхэмжлэгчийг холбогдсон шалгагдаж байхад болон ял эдэлж байхад нь аль ч байгууллагаас Оросын Холбооны Улсын консулын газарт мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээг зөрчсөн. Аль нэг байгууллагаас танай улсын иргэн шалгагдаж байна, ял эдэлж байна гэж мэдэгдсэн бол манай улсын иргэний мэтгэлцэх, өмгөөлүүлэх эрх хангагдаагүй байна гэж давж заалдах байсан. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсан юм уу. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй гэж заасан. Гэтэл Монгол улсын шүүх яагаад нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөр хангаагүй, консулын газарт мэдэгдээгүй, гадаад хүн гэж үзэж байгаа бол орчуулагч оролцуулаагүй юм бэ. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7-д Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй гэж заасан. Гэтэл энэ дахин шийтгэх нөхцөл байдал үүсчхээд байна.

Гадаадын иргэний эх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11 дэх заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Р.В.А нь гадаад улсаас ирсэн иргэн биш. Гадаад улсаас ирсэн бол тухайн улсруу нь буцаах ёстой гэсэн зарчим түүнд үйлчлэхгүй байна. Р.В.А нь Монгол улсад төрсөн. Хэрэв Оросын Холбооны Улсаас ирсэн бол тус улсруу албадан гаргая гэх боломжтой. Гэтэл энэ хүнийг явуулах газар алга. Уг асуудалд хүмүүнлэг хандаач гэж хүсч байна. Иргэнийг харьяаллын дагуу тогтмол оршин суудаг улсруу буцаахаас гадна аль улсаас ирсэн тэр улсад нь буцаах ёстой гэдэг олон улсын эрх зүйн зарчим энд үйлчлэхгүй байна. Иймд Монгол улсын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Уян хатан нөхцөлийг хангаагүй учраас энэ алдаа гарсан байна. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 339 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 147 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.11.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-оос дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 3 жилээр албадан гаргахаар заажээ. Үүний дагуу улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 тоот дүгнэлтээр Р.В.Аыг 3 жилийн хугацаагаар Монгол улсаас албадан гаргах санал гаргасны дагуу шийдвэр гарсан байна. Нэхэмжлэгч гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар зүйлчлэгдэх ёстой байтал Дархан-Уул аймгийн шүүх алдаа гаргасан. Р.В.А нь хүнд өвчтэй байхад эцэг эхээс нь салган хөөж болохгүй. Бид чинь хүн шүү дээ. Иргэншил гэдэг ухагдахууныг хуучин хэвшмэл ойлголтоор ойлгох нь асуудалтай болж эхэлж байгаа. Монгол улсын харьяатын тухай хуульд зааснаар Монгол улсад иргэншил олгох, харьяат гэсэн ойлголтод хөрсний эрх, цусны эрх гэсэн хуулийн заалттай. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Монгол улсад төрснөөр харьяат болох боломжтой. Мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрөх үед эцэг, эх нь Монгол улсын харьяат биш бол хаана төрсөн эсэхээс үл хамааран харьяат болох боломжтой. Эцэг эх нь хоёулаа гадаад улсын иргэн бол хэрхэн шийдвэрлэх талаар заалт байхгүй. Тэгэхээр хуулийн хийдэл үүсч байна. Гадаад улсын цагаач иргэнийг харьяаллын дагуу байнга оршин суугаа улсад нь буцаадаг. Р.В.А нь төрсөн цагаасаа хойш 29 жил Монгол улсад оршин суусан. Энэ тохиолдолд байнга оршин суудаг улс нь Монгол улс болоод байна. Монгол улсын шүүх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Консулын газар, дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй олон улсын гэрээг зөрчсөн учраас консулын газар арга буюу иргэнээ орогнуулсан байна. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлийн 12.1-д Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан. Р.В.А нь Монгол улсад хууль ёсоор амьдран сууж байгаа иргэн юм. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн үнэн, ялаа эдлээд гарч ирсэн. Түүнийг хууль ёсоор Монгол улсад байгаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу байгаа. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, Монгол улсын язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, олон улсын алан хядах байгууллагын гишүүн, рецтив гэмт хэрэгтэн, Монгол улсын үндэсний ёс заншил, хууль, шашны урсгалд харшлах зүйл хийсэн бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдсэн хийсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй. Хөдөө орон нутагт байгаа 20-оос 30 хүртэлх насны залуучууд болчимгүй, томоогүй насандаа гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд байдаг. Дэлхийн улсуудад уг асуудалд торгох захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч өмгөөлөгч аваагүйгээс шалтгаалан энэ нөхцөл байдал үүсчхээд байгааг харгалзан үзнэ үү. Албадан гаргах ажиллагааг хоёр талт эсхүл олон талт гэрээгээр зохицуулдаг. Гадаадын иргэний эх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон гэж заасан. Гэтэл Оросын Холбооны Улс нэхэмжлэгчийг ялтан шилжүүлэх тохиролцооны дагуу авах шаардлагагүй. Учир нь Р.В.А нь Оросын Холбооны Улсаас ирээгүй, түүнийг авъя гэж хүсэлт гаргаагүй. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлд Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй, оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх, өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах, өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй, шүүн таслах ажиллагаа явуулж байгаа хэлийг ойлгохгүй буюу үг хэлээр ярьдаггүй тохиолдолд орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах, ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан. Энэ бүх эрхийг Монгол улс хангаагүй. Р.В.Аы хувийн байдлыг илт дордуулсан үйлдлээс болж энэ үр дагавар үүсээд байна.

В.Р.Антон нь 3 үеэрээ Монгол улсад амьдарч байгаа. Түүнийг ирсэн улсруу нь буцаах боломжгүй. Байнга оршин суух хаяг нь Монгол улсад байна. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ дагаж биелүүлэхийн тулд маргаан бүхий тушаалыг хүнлэг, энэрэнгүй талаас нь анхаарч Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7, 11 дүгээр заалтуудыг харгалзан үзэж маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ОХУ-ын иргэн Р.А.В / К.А, 1990.08.19-нд төрсөн, эрэгтэй, дугаарын паспорттай/-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтоох бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2010 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Засгийн газраас дагалдах журмуудыг батлан гаргасан. Гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбоотой харилцаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан Засгийн газрын тогтоолоор баталсан холбогдох бусад журамд зааснаар зохицуулагддаг.

Харин тус улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам-ын 3.11 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан... бол Эрүүгийн хуульд заасан хорих ялын хэмжээнээс хамаарч 1, 3, 5, 7, 10 жилийн хугацаагаар тус тус Монгол Улсаас албадан гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг.

ОХУ-ын иргэн Р.А.В TS буюу цагаач хэлбэрийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байсан.

Тэрээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхээс оногдуулсан ялаа эдэлж дууссан ба түүнийг Гадаадын иргэний харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаарын тушаалаар Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-т шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон бол Монгол Улсаас албадан гаргах, харин тус улсад дахин оруулахгүй байх хугацааг Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам-д зааснаар тогтоодог эрх зүйн зохицуулалттай.

2.Нэхэмжлэгч өөрийгөө Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш, Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн суугуул иргэн гэжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг гадаадын иргэн гэж тодорхойлсон.

Р.А.В энгийн зэргийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй хугацаатай ОХУ-ын иргэний дугаарын паспорттай.

ОХУ-ын иргэн Р.А.В Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч буюу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2- т заасан цагаачлах хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм.

Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид суугуул иргэн гэсэн нэр томъео байхгүй болно.

Түүний Монгол Улсад 3 үеэрээ төрж өссөн, оршин суусан нь төрийн байгууллага хууль дээдлэх, хэрэгжүүлэх үндсэн зарчмыг баримтлахгүй байж болно гэсэн үг биш юм.

2. нэхэмжлэгч ОХУ-ын Р.А.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлэхдээ өмгөөлөгч авах эрхээр хангагдаагүй, давж заалдах гомдол гаргах эрхээ эдлээгүй хохирсон байж болзошгүй хэмээн дурдаад, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй гэснийг зөрчсөн тушаал гэжээ.

Уг пактын тухайн зохицуулалт нь эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдох хуулийн дагуу нэгэнт шийтгэл оногдуулсан бол тэрхүү гэмт хэрэгт нь дахин шүүх буюу шийтгэж болохгүй гэсэн ойлголт бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаарын тушаал нь огт хамааралгүй юм.

Харин тухайн пактад оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэнийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болохоор тусгасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэн 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн нь ОХУ-ын иргэн Р.А.В-ийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болсон. Энэхүү шүүхийн шийдвэрээс гадна, Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрт харгалзах үндэслэл болоогүй боловч уг гадаадын иргэн өмнө нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг тогтоосон баримт болох бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд үл хүндэтгэж байгаа хэрэг бөгөөд ОХУ-ын иргэн Р.А.В нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-т Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх... " үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх-ийг хориглосон хэм хэмжээг зөрчсөнөөр тус тус илэрхийлэгдэж байгаа юм.

4. ОХУ-ын иргэн Р.А.В нь хэзээ ч ОХУ руу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хилээр нэвтэрч үзээгүй гэжээ. Гэвч байгууллагын мэдээллийн санд авагдсан бүртгэлээр тэрээр 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашинаар Алтанбулаг боомтоор, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Ухаа боомтоор тус тус Монгол Улсын хилээр нэвтэрч байсан байна.

Мөн тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ОХУ-ын Улаан-Үд хотоос хүнд машин механизмын ажил хий гэж дуудаад байгаа гэжээ. Эдгээрээс үзвэл, түүний ОХУ-д хэзээ ч очиж үзээгүй, оршин суух газаргүй, таних мэдэх хүнгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаарын тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан шаардлагын дагуу тус байгууллагын даргын 2019 оны А/60 дугаарын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах эрх зүйн үндэслэлгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан тушаалыг хүчингүй болгохыг даалгах гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Олон улсын гэрээ, конвенц нь тухайн үндэстний эрх ашгийг хамгаалахаар гардаг. Тухайн улсын бүрэн эрх, тусгаар тогтнол гэж байна. Хэрэв Р.В.Аы үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол яах вэ. Үүнээс өөр төрлийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тайлбараа өгч болох юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар гадаад улсын иргэн сайн дураараа эх орондоо очих эрхтэй. Гэтэл Оросын Холбооны Улсын консул тухайн улсын иргэн эх орондоо буцах асуудал гараад ирэхэд яагаад иргэнээ авахгүй байгаа юм бэ. Улс орнууд иргэн нь гэмт хэрэгт холбогдох юм бол иргэнээ шилжүүлэн авах талаар бодлого явуулдаг. Түүнээс тухайн гэмт хэрэгт холбогдсон улсад байлгах бодлогыг явуулдаггүй.

Монгол улсад 2017 онд шүүхээр ял, шийтгэл оногдуулсан 7 улсын 26 иргэн, 2018 онд 8 оны 20 иргэн, 2019 он гарснаас хойш 8 орны 13 иргэн байна. Гадаад улсын иргэн удаа дараагийн үйлдлээр Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж чадахгүй байгаа нь шүүхийн шийтгэх тогтоолоор тодорхой болсон. Бусад улсад тухайн этгээдийн зан төлөвийг нь харгалзаад албадан гаргах үндэслэлүүд байдаг. Түүнийг Монгол улсад төрсөн учраас Монгол улсын цагаач иргэдэд тавьдаг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхгүйгээр цагаач статусаар бүртгэн авсан. Р.В.А нь одоо 30 орчим настай насанд хүрсэн этгээд учраас цагаач иргэнд тавих шаардлагыг тавих боломжтой. Цагаач иргэн гэхээр давуу эрх эдлэхгүй.

Нэхэмжлэлд Р.В.А нь Монгол улсын хилээр нэг ч удаа нэвтэрч байгаагүй гэж дурдсан байдаг. Гэтэл тэрээр хилээр 2 удаа нэвтэрсэн байна. Мөн Р.В.А нь шүүхэд гаргасан тайлбартаа Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод очиж ажиллана гэж ярьсан байдаг. Оросын Холбооны Улсын консулын газар өөрийнх нь улсын иргэн эх орондоо очих болоод байхад яагаад эндээ амьдар гээд байгаа юм бэ. Р.В.А нь өмнө нь 2 удаа хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан. Энэ хүн Монгол улсын хууль, тогтоомжийг цаашид дагаж мөрдөх үү гэдэг нь эргэлзээтэй байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах анхан шатны үйл ажиллагаа нь албан гаргах шийдвэр юм. Энэ хүн өөрийн зан төлөв бүх зүйлээрээ дахин зөрчил гаргах боломжтой гэдгээ тогтоож өглөө. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Р.В.Аыг Гадаадын иргэний эх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д зааснаар Монгол улсаас албадан гаргаж байгаа. Үүнд үйлдсэн гэмт хэрэг хүнд, хөнгөн эсэх нь чухал биш, гэмт хэргийн ангилал хамаагүй. Монгол улсын шүүхээр ял шийтгүүлсэн л бол албадан гаргана. Уг шийдвэрийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга гаргадаг. Даргыг онцлон ярьж байгаа нь зохисгүй юм.

Р.В.А нь гурван үеэрээ Монгол улсад амьдарсан суугуул иргэн учраас албадан гаргах ёсгүй гэж байна. Монгол улсын Үндсэн хууль болон түүнийг дагалдан гарсан бусад хуулиудад суугуул иргэн гэсэн ойлголт байхгүй. 2010 онд батлагдсан Гадаадын иргэний эх зүйн байдлын тухай хуулиар байнга оршин суугч гэсэн ойлголт өөрчлөгдөж Монгол улсад хувийн хэргээр оршин суугч гэсэн зохицуулалт шинээр орж ирсэн. Хэрэв цагаач гэсэн статусаар Монгол улсад амьдаръя гэвэл шаардлага тавигддаг. Үүнд гэмт хэрэгт ял, шийтгэл эдэлж байгаагүй, Монгол улсаас албадан гаргагдаж байгаагүй гэсэн онцгой шаардлагууд тавигддаг. Үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн, хүнд эсэх нь уг шийдвэрт хамааралгүй. Монгол улсын хуулийг биелүүлдэггүй хүн цаашид зохих ёсоор оршин сууна гэдэг нь эргэлзээтэй гэж Монгол Улсын Их Хурал үзээд хуульд уг зохицуулалтыг оруулсан учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль болон олон улсын гэрээ, конвенцод заасан эрхээ ярьж байна. Гэтэл яагаад үүргээ биелүүлээгүй юм бэ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх үүргийг хүлээнэ гэж заасан. Р.В.А нь Эрүүгийн хуулийг 3 удаа зөрчиж, ял эдэлсэн. Үүнээс нэг удаа Өршөөлийн тухай хуульд хамрагдаж ял эдлээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх буруу шийдвэрлэсэн гэж байна. Үүнийг Захиргааны хэргийн шүүхэд ярих учир дутагдалтай. Үнэхээр иргэнийхээ төлөө санаа зовдог бол Оросын Холбооны Улсын консулд ажиллагаа явуулах эрх нь байгаа. Албадан гаргах ажиллагаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар заасан хэм, хэмжээ. Улсын Их Хурлаас Монгол улсын нэгдэн орсон гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн хууль баталдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд гадаадын иргэнийг албадан гаргаж байгаа тохиолдолд шилжүүлэх улсыг нь тодорхой зааж өгсөн. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шууд шилжүүлэх боломжгүй бол дараахь улсын аль нэгэнд шилжүүлж болно, 38.2.1-д урьд нь оршин сууж байсан буюу төрсөн улсад нь, 38.2.2-т Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь, 38.2.3-д визийг нь авсан улсад гэж заасан. Р.В.А нь Оросын Холбооны Улсад амьдрах боломжгүй бол ажил хийхээр зорчиж байсан Солонгос улс руугаа зорчиж болно. Түүний төрсөн дүү нь Москва хотод суралцаж байгаа. Төрсөн дүү нь байгаа газар амьдарч болно. Яагаад заавал Монгол улсад амьдрах гээд байгаа юм бэ. Монгол хүний эрх ашиг үнэ цэнэгүй, Оросын Холбооны Улсын иргэний эрх ашиг үнэ цэнэтэй байна гэж үзэж болохгүй. Монгол хүн нь Монгол улсын үнэт баялаг юм. Монгол хүний эрх ашгийг 3 удаа зөрччихөөд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль нь олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчөөгүй, Үндсэн хууль болон олон улсын гэрээ, пактад бүрэн нийцсэн.

Гадаадын иргэний эх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д шүүхээр ял шийтгүүлсэн гэж ерөнхий утгаар нь томьёолсон бөгөөд гэмт хэргийг онц хүнд гэж зүйлчилсэн байдлаар гадаадыг иргэдийг албадан гаргаагүй. Торгуулах шийтгэл хүлээсэн гадаадын иргэнийг ч Монгол улсаас албадан гаргах шийдвэрийг гаргадаг. Монгол улсын шүүхээр 3 удаа ял шийтгүүлсэн энэ хүн цаашид ч гэмт хэрэг үйлдэх боломж, бололцоо байгаа гэдгийг өөрийн үйлдэл, зан үйлээр илэрхийлсэн. Иймд манай байгууллагаас гаргасан А/60 дугаар тушаал хүчин төгөлдөр юм. Иймд албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.В.А Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Р.В.Аыг Монгол улсаас албан гаргахаар шийдвэрлэсэн хариуцагч Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол улсаас албадан гаргах тухай А/60 дугаар тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол улсаас албадан гаргана:, 37.1.11-д шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн,.... гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Р.В.А Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д Улсын байцаагч.....дараахь эрх үүргийг хэрэгжүүлнэ:, 41.7.3-д гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах тухай дүгнэлт гаргах; гэсэн бүрэн эрхийн хүрээнд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн УБ05/024-046 дугаар бүхий дүгнэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч энэ дүгнэлттэй маргаагүй байна.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Монгол улсын шүүхээр удаа дараа ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан Оросын холбооны улсын (ОХУ)-ын иргэн Р.А.Вийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах болон Монгол улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам-ын 3.11.2 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргах тухай дүгнэлтийг гаргаж танилцуулсан бөгөөд хариуцагч энэхүү дүгнэлтийг маргаан бүхий тушаалын үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч Р.В.А эрүүгийн хэрэгт шийтгүүлэхдээ өмгөөлөгч авах эрхээр хангагдаагүй, давж заалдах гомдол гаргах эрхээ эдлээгүй зэргээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний эрх зүйн байдлыг дордуулж, зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлууд нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэрэгт нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй гэснийг зөрчсөн бөгөөд энэ нь түүнийг Монгол улсаас албадан гаргах шийдвэрийн нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэхдээ Олон улсын гэрээ, конвенци, Монгол улсын хууль, журамд заасан эрхээ эдлэх боломжоор хангагдсан эсэх асуудлын талаар захиргааны хэргийн маргаан шийдвэрлэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын тодорхой заалтууд маргаан бүхий А/60 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотой бус харин өмнөх Эрүүгийн хуулийн тодорхой зүйлээр ял шийтгүүлэхтэй холбоотой эрхийг эдлүүлэхэд хэрэглэгдэх зохицуулалттай байна.

Тодруулбал нэхэмжлэгч Р.В.Аыг эрүүгийн хэрэгт ял шийтгэхдээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Мөн хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байгаа бөгөөд нэхэмжлэгч хорих ялаа эдэлж суллагдсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс маргаан бүхий тушаал гарсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл өөрөө энэ ажиллагаанд биечлэн болон гэр бүлийн гишүүдийн хамт оролцоотой байсан нь түүний Гадаадын иргэн харьяатын газарт хандаж гаргасан өргөдөл хүсэлтээр хангалттай нотлогдсон гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдож удаа дараа ял шийтгүүлсэн этгээдийг албадан гаргах хуулийн заалтыг хэрэгжүүлж гарсан Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын нэхэмжлэгч Р.В.Ад холбогдох хэсэг хууль зөрчөөгүй байх тул түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн37.1, 37.1.11-д заасныг баримтлан Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын Р.В.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Р.В.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг буцаан олгож, 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР