| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0952/З |
| Дугаар | 221/МА2026/0178 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0178
Д.Гын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.М
Гуравдагч этгээд: Т.А, “В” ХХК, Г.П, “М” СӨХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0886 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.М
Гуравдагч этгээд Т.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Л.Н
Гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Д,
Гуравдагч этгээд “М” СӨХ-ын төлөөлөгч С.Г, өмгөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0952/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.Гаас Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мт холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0886 шийдвэрээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1 Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлийн талаар анхан шатны шүүхэд нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үндэслэлд нь дүгнэлт өгөөгүй.
... Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаж мэтгэлцээд буй үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй, тэр дундаа СӨХ-г хариуцагч Б. М дарга нь яагаад шийдвэр гаргах үйл явцдаа оролцуулаагүй талаар, тэр нь хуульд нийцсэн эсэх талаар тодруулах ажиллагаа явуулаагүй.
Б.М дарга нь шүүхэд хариу тайлбараа ирүүлэхдээ урьд гаргасан захиргааны актаа хуулан бичсэн харагддаг. Харин нэхэмжлэлд дурдсан асуудлуудын талаар ямар нэгэн тодорхой хариуг бүрэн өгөөгүй бөгөөд тухайн дүгнэлтийн хувийн хэрэгт СӨХ-ийг оролцуулаагүй үндэслэлийн талаар ямар нэгэн тодорхой баримт, тэмдэглэл авагдаагүй, харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-д нийцээгүй.
Учир нь, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024-05-13/002 дугаартай баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа М.Б, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн Улсын хяналтын /ахлах/ байцаагч, хошууч Ц.Б, ахмад Н.С нарын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дээрх №03 дугаартай дүгнэлт (шүүхийн шийдвэрт дурдсанаар "анхдагч” акт)-д "Дээрх барилга нь гомдол гаргагч иргэн Д.Гын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан объект болон баригдаж буй барилга хооронд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл орох зам гарц хязгаарлагдмал байгаа нь болзошгүй гал түймрийн аюулын үед иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй гэж дүгнэж байна" гэж нэгэнт дүгнэсэн байсан тул Б. М дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.3-т заасан чиг үүрэг бүхий СӨХ-г оролцуулж сонсох, мэдэгдэх, хуульд заасан бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд зохих ёсоор явуулах учиртай байсан, энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй.
3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шийдвэрийн танилцуулах хэсгүүд харилцан зөрүүтэй болсон тухайд:
Шүүхийн шийдвэрийг танилцуулсан дэлгэрэнгүй тэмдэглэл хэсэгт тусгагдсан агуулга буюу уг хэрэгт "харин 2 барилгын хооронд галын норм ба дүрэм хангагдсан эсэх талаар шүүх ямар ч дүгнэлт хийхгүй. Энэ талаар тусдаа маргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй" (тэмдэглэл, х.41) гэж тодорхой дүгнэсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү дүгнэлтээс зөрүүтэйгээр "10.3. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30- 01-04 болон Барилга байгууламжийн аюулгүйн байдал БНбД 21-01-2-т заасан норм ба дүрмийн заалтуудтай тухайлан анхдагч захиргааны акт болон гомдол шийдвэрлэх ажиллагаанд маргаагүй, харин маргаан бүхий энэ тохиолдолд Авто зогсоол БНбД 21-01-10-аар болон Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-т гуравдагч этгээдийн үйлчилгээний барилгаас газар доорх автозогсоолын автомашины өгсөх /буух/ хөдөлгөөний /пандус/ налуу замын хашлага бүтээц, саравчны хоорондох галын зай хэмжээг зааж өгөөгүй талаарх хариуцагчийн дүгнэлтийн үндэслэлийг шууд буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн газар доорх автозогсоол буюу гал эсэргүүцэх ханагүй баригдсан барилга нь гуравдагч этгээдийн барилгатай залгаа бус, уг барилгын доор байрлаагүй зэргээс сууц, аж ахуйн байгууламж хоорондын зайг нормчлоогүй талаарх тайлбар үндэслэлтэй байна" гэж хариуцагчийн захиргааны актад тусгасан галын норм энэ тохиолдолд үйлчлэхгүй гэсэн илэрхий хууль бус дүгнэлтийг зөвтгөн дүгнэсэнд гомдолтой байна. Т. Агийн захиалгат барилгад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, барилгын норм ба дүрмээр хангалттай тодорхой тусгасан шаардлагууд галын аюулгүй байдлыг хариуцсан чиг үүргийн байгууллага, албан тушаалтны түвшинд үйлчлэхгүй болж хувирдаг, тэр нөхцөл байдал нь шүүх дээр ийнхүү хуульд нийцэхгүй байдлаар зөвтгөгдөх болж буйд эмзэглэж байна. БНбД 30-01-04 заавал дагаж мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралтын "Галын аюулаас хамгаалах шаардлага"-ын 1 дэх хэсэгт "Гал тэсвэржилтийн I, II зэрэгтэй орон сууц, олон нийтийн барилга болон тэдгээрийн туслах барилгаас гал тэсвэржилтийн І, ІІ зэрэгтэй гарааш буюу үйлдвэрийн барилга хүртэлх зайг 9 метрээс багагүйгээр" төлөвлөх шаардлагыг шинээр барих барилгад мөрдөх талаар тусгайлан тогтоосон шаардлагыг Т.Агийн барилгын хувьд үйлчлэхгүйгээр тайлбарлаж, Д.Гын өмчлөлд бүртгэлтэй гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Т.Агийн дуусаагүй барилга хооронд тухайн шаардлага нь үйлчлэхгүй гэж хууль, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ялгамжтайгаар биелүүлж, Т.А, "В" ХХК нарт ашигтайгаар тайлбарлаж Б.М дарга дүгнэлт гаргасныг хуульд нийцсэн гэж баталгаажуулсанд гомдолтой байна. Б.М даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 04/**-**дугаартай дүгнэлт “анхдагч" гэх актаас өргөн хүрээтэй, Д.Г болон гуравдагч этгээдэд сөрөг нөлөөтэй байхад маргасан үндэслэлийг "хумиж" дүгнэх замаар хэргийг шийдвэрлэсэн.
Тухайн анхдагч гэх актад Б.М даргын гаргасан дүгнэлтүүд тусгагдаагүй байхад тухайн Б.М даргын дүгнэлтэд маргасан үндэслэлүүдийг "хумиж, хязгаарлах" замаар маргааны үндэслэлийг зөвхөн гал унтраах тусгай зориулалтын хэрэгсэл нэвтрэх эсэх асуудлаар хязгаарлана гэж хэргийг шийдвэрлэснээр, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын сөрөг нөлөөллийн талаар шүүхэд мэдүүлэх эрх дагаж хумигдсан. Галын аюулгүй байдалтай холбоотой дэвшүүлсэн үндэслэлүүдийг газар эзэмших хил хязгаарыг үндэслэл болгон хэрэгсэхгүй болгосон нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид нийцээгүй
Маргаан бүхий дүгнэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 13- ны өдрийн 2024-05-13/002 дугаартай баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа М.Б, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн Улсын хяналтын /ахлах/ байцаагч, хошууч Ц.Б, ахмад Н.С нарын гаргасан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №03 дугаартай дүгнэлтийг өөрчилсөн.
Ингэхдээ, Т.А нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хуулийн этгээд болох "В” ХХК-тай байгуулсан гэх "Хамтран ажиллах гэрээ"- ний дагуу барилгын ажлын зөвшөөрлийг хууран мэхлэх аргаар гаргуулан авсан баригдаж дуусаагүй барилгын төлөвлөлт, угсралт нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөнийг дүгнэхгүй орхигдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт баталгаажуулан заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх"- ийг зөрчсөн үйл ажиллагааг хууль бус аргаар зөрчиж, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл * ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж манай сууц өмчлөгчдийн * холбооны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг дордуулсан; Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:” гээд 7.1.1.ард түмэнд үйлчлэх; 7.1.2. мэргэшсэн, тогтвортой байх; 7.1.6. ил тод байх; 7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмыг зөрчиж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, өөрөө ажлын зургийг нь зөвшөөрөлцсөн барилгатай холбоотой асуудлаар дахин шийдвэр гаргахад оролцож; үүгээрээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11, 8.5 дахь хэсгийн 8.5.1, 8.5.2-т "тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба зөвхөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа"-гаас бусад тохиолдолд нийтийн албан тушаалтан Б. М нь уг асуудлаар аливаа шийдвэр гаргах, хянах үйл явцад оролцох боломжгүй буюу урьд түүний хяналтад байсан асуудлыг шууд болон шууд бус байдлаар шалгуулахтай холбоотой шийдвэр гаргах үйл явцад өөрөө шууд оролцох нь хуулиар тусгайлан хориглосныг зөрчсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс Д.Гын эзэмшлийн газарт тухайн барилга хоорондын зай нь хамаарахгүй тул түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэсэн нь галын аюулгүй байдлын тухай маргааны үндэслэлийг газрын давхцалтай холбогдох үндэслэлийг баримтлан хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна.
Д.Гын эзэмшлийн хил, хязгаар нь нийтийн эзэмшлийн зам талбайг Т.А, "В" ХХК-ийн тайлбарласан шиг зөрчиж хэтрэн орсон эсэх үйл баримтыг шалган тогтоолгүйгээр Б. М дарга дүгнэлт өгсөн, энэхүү нөхцөл байдлыг шүүх шалган тогтоолгүйгээр дүгнэлт өгсөн.
Д.Гын эзэмшлийн газартай холбоотой асуудлыг газар эзэмшигч бус этгээд болох “В" ХХК-нд хаяглан ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 10-17/857 дугаартай албан бичгийг үндэслэн дүгнэсэн.
Гэтэл бодит байдал дээр тухайн асуудлын хувьд Д. Гын эзэмшлийн 178070**** нэгж талбарын дугаартай, 2728 м.кв хэмжээтэй газрын кадастрын мэдээллийн санд тусгагдсан цэгүүд нь газрын төлбөр төлөгдсөн хэмжээ бүхий талбайгаас бага буюу зөрүүтэй байсныг илрүүлж, энэхүү зөрүүг арилгуулах хүсэлтийг Д. Гаас холбогдох албанд гаргасны дагуу хүсэлт хангагдаж, дээрх "зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалж, зөрчил гаргасан" гэх үндэслэл аль хэдий нь арилсан байсан ба энэ талаар тодруулах ажиллагааг Б. М нь зохих журмаар явуулаагүй тухайгаа шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шатанд уг асуудлыг шалгах ажиллагаа мөн хийгдэх ёстой байсан боловч хийгдээгүй.
Б.М нь уг нөхцөл байдлыг шалган тогтоох тухай Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл /Нөхцөл байдлыг тогтоох/-ийн 24.1, 24.2-т заасан зохицуулалтыг баримтлахын оронд Т. А, Г. Б, "В" ХХК- ийн захирал Н.Б нарын тайлбарыг бусад нотлох баримтаас илүү хүчин чадалтай гэж шууд хүлээн авч дүгнэлтийг гаргасан нь тухайлбал: гэсэн иргэн Д.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хожим өргөтгөл нөхөж хийсэн гэх агуулгатай зохиомол дүгнэлтийг зориуд бичиж дүгнэсэн Хот байгуулалт, хотын стандартын газрын эрхлэн хөтөлж буй мэдээллийн сан (ebarilga.ub.gov.mn)-д "Төлөвлөгдсөн барилга, байгууламж /АТД/" ангилал дахь "Авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар"-т иргэн Д.Гын эзэмшлийн 178070**** нэгж талбарын дугаартай, 2728 м.кв хэмжээтэй газрын ертөнцийн зүгээр хойд талд байрлах газарт авто замын төлөвлөлт хүчинтэй байдлаар тусгагдаагүй байхад энэ талаарх нөхцөл байдлыг судлахгүйгээр орхигдуулсан.
Б. М нь дүгнэлт гаргах үндэслэлээ тодорхойлохдоо, “Дүгнэлт гаргах үндэслэл: Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот дүгнэлтэд... иргэн Д. Гын...дөрвөн давхар барилга, авто зогсоолын барилга хоёрын аль объектод нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл орох зам гарц хязгаарлагдмал байгаа тодорхойгүй байна. Иймд Д. Г нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа хайлс барьсныг буулган чөлөөлснөөр зэргэлдээ байрлах барилга байгууламж, орон сууцны хорооллын туслах зам талбай нээлтэй чөлөөтэй болох буюу гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл боломж хангагдана" гэсэн нь
а. өмнөх дүгнэлтийн "тодорхойгүй” байдлыг арилгахыг үндэслэл болгосон атлаа аль хашаа хайлсыг Д. Г нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан гэж дүгнэсэн болох нь өөрөө "тодорхойгүй", ямар нэгэн зураглал, байршил заагаагүй байна.
б. Т. А, "В” ХХК-ийн захирал Н.Б нь Д.Гын эзэмшлийн хашааг нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хэтрүүлэн барьсан хашаа гэж зааж, газрын албаны албан шаардлага (дээрх 2.1 дэх хэсэгт тайлбарласан) зэргийг иш үндэс болгож ярьсан байдаг бол Б. Мын дүгнэлтэд энэ талаар тодорхой дүгнээгүй.
в. Нөгөөтээгүүр, Б. Мын дүгнэлтэд хэрэв хотхоны хашааг заасан гэж төсөөлбөл, тухайн хотхоны хашааг Д.Г нь нийтийн эзэмшлийн газрыг хааж хэтрүүлж барьсан гэж яагаад дүгнэсэн болох нь ойлгомжгүй, ийм нөхцөл байдлыг шалгаж тогтоосон гэх нотлох баримт хувийн хэрэгт байхгүй байхад, маргалдагч талууд зөрүүтэй байр сууринаас маргаж байхад хэрхэн маргаантай асуудлыг дүгнэсэн нь тодорхойгүй, бодит нөхцөл байдлыг энэ талаарх хууль тогтоомжид заасан шаардлагыг (Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл /Нөхцөл байдлыг тогтоох/-ийн 24.1, 24.2-г илтэд зөрчсөн.
Хамгийн ноцтой нь, дүгнэлтэд "Иймд...Д. Г нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа хайлс барьсныг буулган чөлөөлснөөр” галын аюулгүй байдал хангагдах мэтээр дүгнэж, БНбД 30-01-04 заавал дагаж мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралтын "Галын аюулаас хамгаалах шаардлага"-ын 1 дэх хэсэгт "Гал тэсвэржилтийн I, II зэрэгтэй орон сууц, олон нийтийн барилга болон тэдгээрийн туслах барилгаас гал тэсвэржилтийн I, II зэрэгтэй гарааш буюу үйлдвэрийн барилга хүртэлх зайг 9 метрээс багагүйгээр” байх шаардлага илтэд зөрчигдөж, урд тал хэсгээрээ 4.1 метрийн зайтай, хойд хэсгээрээ 2.8 метрийн зайтай баригдсан хөдөлшгүй баримтаар тогтоогдож буй зөрчлийг үгүйсгэсэн нь хууль, норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар тогтоосон үүрэг, хариуцлага нь Т. А, Г. Б, "В" ХХК, түүний захирал Н.Б тэргүүтэй зарим хүн, хуулийн этгээдэд үйлчлэхгүй байх, бусад хүн, оршин суугчдын эрх ашиг, нийгмийн дэг журам, шударга ёсыг хөсөрдүүлсэн, оршин суугч, ойролцоох сууц өмчлөгчдийн эрх ашигт халдсан, илтэд алдаатай, мэргэжлийн бус дүгнэлт болсон байхад үүнийг "буруутгах боломжгүй” хэмээн шийдвэрлэж буй нь хуульд нийцээгүй.
Түүнчлэн, уг хэрэгт Б. М даргын дүгнэлтэд тусгагдсан БНбД 30-01- 04 заавал дагаж мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралт нь уг барилгад үйлчлэхгүй гэсэн шийдвэр ба үндэслэл, мөн "Тайгер консалтинг” ХХК, “Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн галын аюулгүй байдлын зөвлөх инженер С.Б, мэргэшсэн инженер А.Г тэргүүтэй мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт нь зөрүүтэй, чухам аль нь үндэслэл бүхий болох эсэхийг шинжээч томилж тогтоолгох үндэслэл бүхий, дэлгэрэнгүй хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон СӨХ гаргаж байсан, энэ талаар талууд маргасныг нотолгооны хэрэгслээр шүүх тогтоох үүрэгтэй байсан боловч шаардагдах ажиллагааг явуулаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй.
Б.М нь уг маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа, хуульд зааснаар нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох, шинжлэх үүргийг хүлээж байсан боловч ямар нэгэн бодит байдалд нийцсэн, ойлгомжтой, зорилгодоо нийцсэн судалгаагүйгээр буюу тухайн шийдвэр гаргах ажиллагаанд Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Б нь тухайлбал, “та нар аль хашааг хэлээд байгааг би ойлгохгүй байна” гэж хурлын тэмдэглэлд удаа дараа хэлсээр байхад, ертөнцийн зүгээр зүүн урд талын хэсэгтэй холбоотой барилга хоорондын гал тэсвэржилтийн зайтай холбоотой гомдол, маргааныг ертөнцийн зүгээр хойд тал хэсэгт байрлах өөр хашаа хайсыг зааж дүгнэлт гаргасан ба тухайн дүгнэлт гаргах үе шатанд энэ талаарх нотлох баримт цуглуулах ажиллагааг хийхдээ байршилтай холбоотой нэг ч зураглал хийгээгүй, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг татан авч бүрэн судлаагүй, ингээд шүүх хуралдааны мэтгэлцээний үед эдгээр нөхцөл байдлыг хариуцагч Б. М хүлээн зөвшөөрсөн бөгөөд дүгнэлтийг захиргааны акт гэж үзэж бичгээр тайлбар өгч оролцож байснаа байр сууриа хуралдаан дээр өөрчилж энэ бол захиргааны шийдвэр биш, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хариу гэж тайлбарлаж эхэлсэн нь хуралдааны тэмдэглэлийн 33-р талаас эхлэн харагдаж байна.
Харин хариуцагч талын энэхүү тодорхой бус байр суурь, эрх зүйн илэрхий зөрчилтэй шийдэл, дүгнэлтүүдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны шатанд ч, хожим шүүхэд түүнийг нь хянах шатанд ч тэр, бүрэн шалгуулж тогтоолгохгүйгээр Д.Гын олон жилийн өмнө баригдсан барилгад БНбД-ээр тогтоосон галын аюулгүй байдлын холбогдох шаардлагыг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр зөрчиж тулгаж барьсан үйлдлээ Т.А, "В” ХХК нар зөвтгөн дээрх БНбД үйлчлэхгүй, Д.Гын эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа нь хууль болон бодит байдалтай нийцэхгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 128/ШШ2025/0886 дугаар шийдвэр нь дээрх болон бусад үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байгаа гэж үзэж хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Д.Гаас Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мт холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0886 шийдвэрээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлт нь иргэн Т.Агийн гаргасан гомдлыг дээд шатны байгууллагын хувьд шийдвэрлэж гаргасан захиргааны акт байна.
Тодруулбал, иргэн Т.Агаас гомдол ирүүлсэн тул Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын Зураг, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Б.Маас төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаар дүгнэлтээр гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтэд иргэн Д.Г нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа хайс барьсныг буулган чөлөөлснөөр зэргэлдээ байрлах барилга байгууламж, орон сууц хорооллын туслах зам талбай нээлттэй чөлөөтэй болох буюу гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл боломж хангагдана гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
Анхдагч захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 болон 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд түүнийг гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна. Захиргааны актыг эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох, хяналт шалгалтын дүнг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг зөрчин Гал түймрийн хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтийн хувийг эрх нь хөндөгдөж буй хүн, хуулийн этгээдэд хүргүүлээгүй зэрэг дутагдал илэрсэн байна.
4. Маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлт нь өмнөх актын алдаа дутагдлыг залруулан холбогдох ажиллагааг бүрэн явуулж, талуудын эрхийг хангаж, оролцох боломжийг олгосон, ямар нэгэн процессын зөрчилгүй, хуулийн дагуу гарсан захиргааны акт байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүхийн шийдвэр, түүнийг гаргах” гэсэн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч зөвхөн “Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга Б.Мын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн талаар маргаагүй, тодруулбал ... гэж дүгнэсэн байгааг өөрчилсөн маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаар дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгч, шүүхийн хяналтын цар хүрээг хумих нь зүйтэй байна.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч талаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр “ ... гомдол гаргагч иргэн Д.Гын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан объект болон баригдаж буй барилга хооронд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18.3. Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө гэх заалт зөрчигдсөн өөрөөр хэлбэл тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл орох зам гарц хязгаарлагдмал байгаа нь болзошгүй гал түймрийн аюулын үед иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй.” гэж дүгнэсэнд маргаагүй тул захиргааны хэргийн шүүх маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/**-**дугаар дүгнэлтийн цар хүрээгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.
6. Анхан шатны шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газар үзлэг хийхэд үзлэгээр “ ... иргэн Д.Г нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, галын автомашин орох боломжгүй болгосон. Галын норм стандарт зөрчигдсөн” гэх зөрчил илэрсэн тухай тэмдэглэл үйлдэн талуудын гарын үсгээр баталгаажуулсан байна.
Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09-19/783 тоот албан бичигт “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ҮТГ *** тоот хаягтай 2724м2 амины орон сууцны зориулалттай иргэн Д.Гын эзэмшил газрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай ашиглаж буй зөрчлийг арилгах талаар мэдэгдсэн мэдэгдэл болон илүү талбайн харуулсан зургийг хавсралтаар нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэв.” гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “М” СӨХ-ын зүгээс “ ... Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалж, зөрчил гаргасан” гэх үндэслэл нь аль хэдий нь арилсан байсан ба энэ талаар тодруулах ажиллагааг явуулаагүй.” гэж маргаж буй боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх “ ... маргаан бүхий дүгнэлт нь ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Мөн Нэхэмжлэгч Д.Г, гуравдагч этгээд Т.А нар нь нэгэн зэрэг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 415 дугаар захирамжаар тухайн байршилд тус бүр газар эзэмшиж эхэлсэн байна. Харин нэхэмжлэгч Д.Г нь өөрийн эзэмшил газрын хил заагт тулгаж үл хөдлөх хөрөнгө барьсан, иргэн Т.Агийн барилга нь өөрийн эзэмшил газрын хил заагаас дотогш баригдаж байгаа нь тогтоогдож байна.
8. Хөндөгдөж буй гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд:
8.1 Нэхэмжлэгч Д.Г болон гуравдагч этгээд Т.А нарын барилгын дундуур галын машин орж болохуйц хэмжээтэй байсан ч энэ нь “М” СӨХ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй байна.
8.2 Нэхэмжлэгч Д.Гын барилгын хойд хэсгээр болон зүүн талаар нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой. Энэ нь үзлэг хийсэн баримт, фото зураг зэргээр тогтоогдсон төдийгүй шүүх хуралдаанд хариуцагч граашийн пандус, баригдаж буй барилгын дундуур тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой талаар дурдсан.
Д.Гын бусдын зорчих хэсгийг хааж барьсан хашаа хайсыг буулган чөлөөлснөөр зэргэлдээ байрлах барилга байгууламж, орон сууц хорооллын туслах зам талбай нээлттэй чөлөөтэй болох буюу гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл боломж хангагдана.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0886 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “М” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.Аын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус бүр 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР