| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/00360/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 506
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг ... оршин байгаа, “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... оршин суух, Х овогт М.У,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... оршин суух, Б овогт Б.О нарт холбогдох,
Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 15.132.491,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00360/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.У , Б.О нар нь 2015 оны 02 сарын 10-ны өдөр 102 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулж 14.000.000 төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4.313.279,41 төгрөг, зээлийн хүүд 3.592.536,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 640.502,01 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй зээлийн хугацаа дууссан.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 15.132.491.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.У , Б.О нар Ктай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр № Цалин 102 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж 14.000.000 төгрөгийн сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээл авсан. Зээл авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4.313.279.41 төгрөг, зээлийн хүүд 3.592. 536.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 640.502.01 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 9.686.720,59 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5.112.769,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 333.001,38 төгрөг нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 15.132.491,63 төгрөгийг Б.О аас гаргуулж, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч М.У ээс татгалзаж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч М.У , Б.О нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 15.132.491,63 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэн М.У , Б.О нар нь 2015 оны 02 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “К” ХХК-иас 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хурваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хэргийн 9-10 дүгээр тал/
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээл төлөх хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлэн харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-д “зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөх” гэж заасныг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч М.У ээс татгалзжээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.14-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэж заасан.
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул үүрэг гүйцэтгүүлэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Б.О аас үндсэн зээл 9.686.720,59 төгрөг, зээлийн хүү 5.112.769,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.001,38 төгрөг бүгд 15.132.491,63 төгрөгийг гаргуулж “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.О д шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал түүний эдгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О аас үндсэн зээлийн үлдэгдэл 9.686.720,59 /есөн сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун хорин төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 5 .112.769, 66 /таван сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун жаран есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.001,38 /гурван зуун гучин гурван мянга нэг төгрөг гучин найман мөнгө/ төгрөг бүгд 15.132.491,63 /арван таван сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 233 612 /хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН