Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 531

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн ... сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Булган аймгийн ... сумын ... оршин суух, А овогт Ө.Г-д холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.159.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00426/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, ... сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн ... оршин суух, Б овогт М.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, ... сумын Засаг даргын Тамгын газрын ХЖДҮХАХ мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн ... оршин суух, Б овогт Д.Д,

Төрийн төлөөлж оролцсон прокурор: Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Булган аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор ажилтай Х овогт  Э.Г, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн ... сумын иргэн Ө.Г  нь ... сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.590.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч засварын гагнуурын аппарат, нарийн гагнуурын аппарат, багаж, тоног төхөөрөмж 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан.

Дээрх хугацаанд үндсэн зээлийг дутуу төлсөн.

Иймд зээлийн үлдэгдэл 1.590.000 төгрөг, 2 жил хугацаа хэтрүүлсэн, зээлийн хүү 71400 төгрөг, алданги 498.420 төгрөг нийт 2.159.820 төгрөгийг Ө.Г ас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , Д.Д  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн ... сумын иргэн Ө.Г  нь ... сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.590.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч засварын гагнуурын аппарат, нарийн гагнуурын аппарат, багаж, тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Дээрх хугацаанд үндсэн зээлийг дутуу төлсөн.

Иймд зээлийн үлдэгдэл 1.590.000 төгрөг, 2 жил хугацаа хэтрүүлсэн, зээлийн хүү 71400 төгрөг, нийт 1.661.400 төгрөг, үүний 10 хувь болох 166140 төгрөг бүгд 1.827.540 төгрөгийг Ө.Г ас гаргуулж, алданги 498.420 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэв.  

Хариуцагч Ө.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ... сумын Засаг дарга надаас 2.159.820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би тус сумын Хөдөлмөр халамжийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд гэр ахуйн цахилгаан барааны засвар үйлчилгээ үзүүлэхээр ... сумын Засаг дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай хамтарсан гурвалсан гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ зэргийг байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө сургалтанд суулгасан. Ингэхдээ бидэнд гэрээ байгуулахдаа ямарч хүүгүйгээр тоног төхөөрөмж олгоно гэж байсан. Гэтэл гэрээ байгуулах болохоор хүү алданги тооцсон гэрээ байгуулах болсон. Бас олгосон тоног төхөөрөмжүүд нь бодит байдалд тохирохгүй, хэтэрхий өндөр үнээр үнэлэгдсэн мөн чанарын шаардлага хангахгүй зарим эд зүйл нь дутуу, бүрэн биш тоног төхөөрөмжүүд байсан. Иймээс хүлээн зөвшөөрөхгүй гэрээ байгуулахгүй гэхэд нэгэнт сургалтанд суусан, дутуу ч гэсэн эд зүйл, төхөөрөмжүүдээ авчирчихсан юм чинь түр авч бай, бид эргээд үнийн асуудлыг ярилцаж өөрчлөлт оруулья гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл эргэж үнэд өөрчлөлт оруулахгүй эд зүйлээ гүйцээж өгөхгүй байсаар өдий хүрсэн. Мөн гэрээнд заасны дагуу зохих ажлын байр гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалд ч хамруулаагүй. Иймээс өгсөн зүйлүүдийг нь ашиглаагүй. Үйл ажиллагаа явагдаагүй. Үүнд Засаг дарга, Сум хөгжүүлэх сан өөрөө буруутай. Үйл ажиллагаа явуулах гэж олон удаа асуудлыг шийдэж өгөөч гэхээр огт шийдэж өгөхгүй байсаар өдий хүрсэн. Угтаа бол албан хүчээр гэрээ байгуулж өндөр үнэтэй эд зүйл шахсан ийм юм явагдаж байгаа.

Гэрээний үүрэг хэрэгжээгүй эд зүйлийг нь ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй байхад ийм мөнгө нэхэх учиргүй. Иймээс би өгсөн зүйлүүдийнх нь бодит үнийг гаргаж байж бодит үнийг төлөх, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцалж, Засаг даргад өгсөн зүйлүүдээ буцаан авах хэрэгтэй байна гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Г ын хувьд чанар муутай тоног төхөөрөмж авсан нь нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож харин Сум хөгжүүлэх сангаас чанар муутай бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол эргүүлэн татан авах эсвэл түүний зөрүүг Ө.Г ар гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн ... сумын Засаг дарга нь хариуцагч Ө.Г д  холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.590.000 төгрөг, хүү 71400 төгрөг, алданги 498.420 төгрөг нийт 2.159.820 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  алданги 498.420 төгрөгөөс татгалзаж, санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1.590.000 төгрөг, хүү 71400 төгрөг, нийт 1.661.400 төгрөгийн 10 хувь болох 166.140 төгрөг бүгд 1.827.540 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч Ө.Г  нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ... сумын Сум хөгжүүлэх сангаас 1.590.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч засварын гагнуурын аппарат, нарийн гагнуурын аппарат, багаж, тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан зээлээр авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах” гэж, 10 дугаар зүйлийн 10.2.1-д “түрээслэгч нь түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн төлбөрийг төлөх хуваариас үзвэл санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээслэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хариуцагч Ө.Г  нь олгосон тоног төхөөрөмжүүд нь хэт өндөр үнэтэй, чанарын шаардлага хангахгүй, зарим эд анги нь дутуу, албан хүчээр гэрээ байгуулж өндөр үнэтэй эд зүйл өгсөн, эд зүйлийг ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй тул гэрээг цуцалж, эд зүйлийг буцаан өгнө гэж маргасан.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг байгуулсанд тооцно” гэж заасан. Хариуцагч Ө.Г  албан хүчээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “түрээслэгч нь хүлээн авах үед биет байдлын болон эрхийн зөрчилтэй байвал түрээсийн зүйлийг буцаах, эсхүл үнэ төлбөргүйгээр засах, иж бүрэн болгох, түрээсийн төлбөрийг зохих хэмжээгээр бууруулахыг шаардах эрхтэй” гэж заасан.

Эд хөрөнгийн доголдол гэдгийг гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 314 дүгээр зүйлийн 314.1-д “түрээслүүлэгч нь ...эсхүл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг адил хүлээнэ” гэж, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8-д “Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй” гэж зааснаас тус тус үзвэл хариуцагч Ө.Г  нь гэрээ байгуулах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан хэдий ч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан байх тул эд зүйлийн доголдлын талаар хожим гомдлын шаардлага гаргах эрхгүй байна.

Иймд хариуцагч Ө.Г ас 1.590.000 төгрөг, хүү 71400 төгрөг бүгд 1.661.400 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Булган аймгийн Засаг даргад олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нийт төлбөр 1.661.400 төгрөгийн 10 хувь болох 166100 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хариуцагч Ө.Г д  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Г ас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.661.400 /нэг сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... сумын Засаг даргад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41532 /дөчин нэгэн мянга таван зуун нучин хоёр/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МЯГМАРСҮРЭН