Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-ид холбогдох эрүүгийн 2238002400575 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.А-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэж хагалан гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, прокурорын гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал болон эрүүгийн 2238002400575 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын албан үүргээ биелүүлж байхад нь хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэж хагалж, гэмтээсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б-ын өгсөн: Танай эхнэр чинь дрейгар багажаар шалгуулаад 0,20 хувиас доогуур гарах юм бол явуулна гэхэд л нөхөр нь агсраад ирсэн. ...Намайг хөл дээгүүр машин гараад явах үед Б- жолооч эмэгтэйг машиныг нь жолоодуулахгүй гээд хориглоод түлхүүрийг нь авах гэж байхад нөгөө эмэгтэй арагшаа хөдлөхдөө бас Б- хөл рүү нь машинаараа хүрсэн юм шиг байсан. Б- ч гэсэн хөлөө үзүүлнэ гэсэн. Тэгээд бид хоёрын хөлийг эмнэлэг рүү очиж үзүүлнэ гээд нэгдсэн эмнэлгийн хашаа руу машинаа жолоодоод явахад жолооч эмэгтэй машинд суучихсан юм. Хойноос нөгөө нөхөр нь хоёр хүүхдийн хамтаар алхаад ирж байсан. Би эмнэлгийн үүдэнд очиход хөл гайгүй, өвчингүй болчихоор нь зүгээр байна гээд эмнэлэг рүү орж үзүүлээгүй, Б- л эмнэлэг рүү орж үзүүлнэ гээд буусан, үзүүлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Эмнэлгээс буцаад л нөгөө эмэгтэйн хамтаар гараад ирэхээр нь Б-ын явъя гэж хэлэхэд нөхөр нь Б-ыг явуулахгүй гээд Б-тай зууралдаад байсан. Б- арай чүү салаад машиндаа суугаад хөдлөх гэхэд араас тас гээд л дугарсан. Машинаас буугаад харахад албаны машины хойд талын цонх нэлэнхийдээ няцраад хагарчихсан байсан. Шидсэн чулуу нь машинаас хойшоо 3 метр орчмын зайд л цементэн дээр байсныг авсан. Нөгөө залуугаас яагаад чулуу шидэж байгааг асуухад би шидээгүй, энүүгээр хоёр хүн өнгөрч явахдаа шидчихлээ ш дээ гэсэн. Тэр хавиар бол тэд нараас өөр хүн байгаагүй. Тэгээд нөгөө өмнөх дуудсан цагдаа нараа дуудаад, жижүүрт цонхоо хагалуулснаа хэлсэн. Албаны машины цонх хагалсан чулууг ерөнхий жижүүр хошууч Бат-Амгаланд хүлээлгэн өгсөн. Ийм л юм болсон... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30-р хуудас/

Хохирогч А.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Ачлагын машин ирээд машиныг ачаад явах гэхэд эхнэр нь машинаасаа буухгүй гээд суугаад байсан. Машинаасаа буугаарай гэж хэлэхэд буухгүй байсан. Тэгсэн нөхөр нь машинаасаа буу буу гээд буулгаад ирэх шиг болсон. Тэгээд л машиныг нь ачаад явчихсан. Тэгээд явах гэхэд хөлийг чинь эмнэлэг орж үзүүлье гээд машинаар эмнэлэг рүү явсан. Машинд жолооч эмэгтэй суугаад цуг явсан. Араас нь нөхөр нь хоёр хүүхдийн хамтаар алхаж ирсэн. Эмнэлгийн үүдэн дээр ирэхэд Бат байцаагч гайгүй биз гээд машиндаа үлдсэн. Би жолооч эмэгтэйн хамтаар эмнэлэг руу ороход эмч нь байхгүй байхаар нь буцаад хоёулаа гарч ирэхэд нөхөр нь Бат байцаагчийн машины хажуу талд ирчихсэн зогсож байсан. Та хоёр маргааш ирж уулзаарай гэж хэлэхэд машиндаа суух гэхэд нөхөр нь уулзъя гээд зууралдаад байсан. Би түүнээс салаад машиндаа суугаад хөдлөөд явж байхад араас тас хийгээд дуу гарахад машины арын хаалганы цонхны шил хагарсан. Машинаас буугаад харахад арын хаалганы шил нэлэнхийдээ хагарчихсан, яагаад цонх хагалж байгааг асуухад би хагалаагүй гээд байхаар нь нөхрийг нь машиндаа суу, цагдаа дээр очиж уулзъя гэхэд суухгүй гээд эсэргүүцэх үед гараас нь татсан чинь цамц нь урагдчихсан ш дээ. Цамцны материал нь л муу байсан байх. Тэгээд машинд суухгүй болохоор нь дахиад нөгөө Балдан-Очир, Бадамрагчаа нарыг дахин дуудаж ирэхээр нъ нөхрийг нь авч явахаар машиндаа суулгах гэж байхад эхнэр нь суулгахгүй гээд л тойрч гүйгээд бид нарыг гараас татаад байснаас миний нүүр лүү нулимчихсан юм. Тэгээд л нөхрийг нь машиндаа суулгаж аваад цагдаагийн газарт ирсэн... миний биед гэмтэл учраагүй, гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35-р хуудас/

Иргэний нэхэмжпэгч Ч.М-ын 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажилладаг. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албаны Киа рио маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг үл таних иргэн чулуу шидэж хагалсан гэж дуулсан. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК нь 150.000 төгрөгөөр үнэлсэн байх тул хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-43-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.М-ын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Ч.А-нь албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан эвдрэл хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-р хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-622/3935 дугаартай: “...2021 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kia Rio маркийн автомашины хаалганы шилний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 6 дугаар сарын байдлаар 150.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 51-53 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн дахин шинжилгээ хийсэн 2022 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн ТХҮ-922/5136 дугаартай: “...үнэлэгдэж буй Kia Rio маркийн тээврийн хэрэгслийн багажны хаалганы шилний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 691.800 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 157-159 тал/,

Шүүгдэгч Ч.А-ийн: “...үнэлгээний тайлан гарахаас өмнө ...албаны тээврийн хэрэгслийнх нь арын шилд учирсан эвдрэл, хохирлыг янзлуулж, засварлуулах, замын зардал, хөлс зэргийг нь нийтэд бодож үзээд 1 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /ххийн 63 тал/, Цагдаагийн газрын нэгдсэн хайлтын системийн тээврийн хэрэгслийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 93 тал/,

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14в/867 дугаартай: “...Цагдаагийн ерөнхий газар болон “Киа Моторс Монгол” ХХК-ийн хооронд байгуулагдсан Н-6/2021-01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”- ний дагуу хүлээн авсан “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай автомашин нь тус цагдаагийн газарт ашиглагдаж байгаа нь үнэн болно” гэх албан тоотын хуулбар /хх-ийн 98 тал/,

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ашиглаж байгаа Киа рио маркийн ... УАТ дугаартай автомашины хойд салхины шилийг Улаанбаатар хотод захиалгаар солиулахад ...350000 төгрөг...” гэх зардлын тооцоо /хх-ийн 132 тал/,

“Киа Моторс Монгол” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн: “...багажны хаалганы шил, тоо 1, нэгж үнэ 691.800” гэх нэхэмжлэхийн хуулбар /хх-ийн 155 тал/,

Зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар, /хавтаст хэргийн 74-93/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн /13-16-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 тал/,

Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 20 тал/,

Эд мөрийн баримтаар шилний үйрмэг хэсэг, нэг талын гадаргуу нь гөлгөр, эсрэг тал барзгар гадаргуутай хар хөх өнгөтэй 1 ширхэг чулууг хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Б-ыг хохирогчоор тогтоосон тогтоол /хх-ийн 26 тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаагийн ахлагч А.Б-ыг хохирогчоор тогтоосон тогтоол /хх-ийн 31 тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын нягтлан бодогч Ч.М-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ч.А-ийн өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв ярьсан. Надад дахин ярих шаардлага байхгүй. Тухайн үед цагдаагийн алба хаагчтай үл ойлголцож, албаны тээврийн хэрэгслийнх нь арын шил рүү чулуу шидэхэд нь хагарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор Ц.Чингүүний гаргасан: “...Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.А-ид холбогдох эрүүгийн 2238002400575 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ч.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэн хагалж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилж өгсөн байна. Мөн хуулийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байна. Шүүгдэгч нь Замын цагдаагийн тасгийн албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэн хагалж гэмтээж бусдад 691,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Бусдын эд хөрөнгийн устгаж, гэмтээх гэмт хэрэг нь бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба нэмэлт шинжээчийн дүгнэлтээр 691,800 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаа бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан: “...Миний үйлчлүүлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэн хагалж гэмтээсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Миний бие яллагдагчийн өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад улсын яллагчийн яллах дүгнэлт нь хуульч зөрчсөн, ял халдаах ёсгүй хүнд ял халдаасан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг хэмжээ нь бага хэмжээнээс дээш байхаар заасан бөгөөд уг гэмт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан хохирлыг хэмжээ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар хууль зөрчиж дүгнэлт гаргуулсан байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Хууль зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байх тул 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 62233935 дугаартай дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэр гаргаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч нь 150,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж ойлгож байгаа. Энэ нь тухайн хэргийн хохирлыг хэмжээнд хүрэхгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид ял халдаасан байх тул шүүгдэгч Ч.А-ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах буюу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү ...” гэв.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Б-, А.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ашиглаж байгаа Киа рио маркийн 03- 87 УАТ дугаартай автомашины хойд салхины шилийг Улаанбаатар хотод захиалгаар солиулахад ...350.000 төгрөг...” гэх зардлын тооцоо, “Ашид Билгүүн” ХХК-ийн дахин шинжилгээ хийсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-922/5136 дугаартай: “...үнэлэгдэж буй Kia Rio маркийн тээврийн хэрэгслийн багажны хаалганы шилний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 691.800 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Ч.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэж “хагалан гэмтээсэн” бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн 691.800 төгрөгийн үнэ бүхий багажны хаалганы шилийг санаатайгаар хагалж хохиол учруулсан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар “Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б-, С.Б- нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн ... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэж хагалсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.А-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийж, хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгч Ч.М-т 691.800 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч нь Ч.М- нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Ч.А- нь албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан эвдрэл хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-р тал/, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын гаргасан: “... Ч.А- нь албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг солиход гарсан нийт 1,000,000 сая төгрөгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх зардлын тооцооны баримт /хавтаст хэргийн 132-р тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.А-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.А-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 70-72 талд авагдсан ...хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Ч.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчын гаргасан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгын талаар хуульчилж өгсөн байдаг. Үүнд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Л.Цогтбаярын гаргасан: “...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх дүгнэлтээ гаргая. Тухайн зүйл ангид заасан ял нь сонгох санкцтай тул миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншиш сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилний үйрмэг хэсэг, нэг талын гадаргуу нь гөлгөр, эсрэг тал барзгар гадаргуутай хар хөх өнгөтэй чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.А-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилний үйрмэг хэсэг, нэг талын гадаргуу нь гөлгөр, эсрэг тал барзгар гадаргуутай хар хөх өнгөтэй чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР