Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 532

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн ...  сумын  Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Булган аймгийн ...  сумын  ... оршин суух, Т овогт Ч.У-д холбогдох,

Зээлийн болон түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.231.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00433/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, ...  сумын  Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн ...  сумын  4 дүгээр багт оршин суух, Б овогт М.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, ...  сумын  Засаг даргын Тамгын газрын ХЖДҮХАХ мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн ...  сумын  4 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Д, хариуцагч Ч.У , төрийн төлөөлж оролцсон прокурор Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Булган аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор ажилтай Х овогт Э.Г,  нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...  сумын  Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн ...  сумын  иргэн Ч.У  нь ...  сумын  Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийн зээлийг зодог шуудаг хийх зориулалтаар, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4.300.000 төгрөгийн үнэ бүхий үсчний тоног төхөөрөмжийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй тус тус авсан.

Дээрх хугацаанд үндсэн зээлийг дутуу төлсөн.

Иймд зээлийн үлдэгдэл 5.562.500 төгрөг, 3 жил хугацаа хэтрүүлсэн, алданги 1.668.750 төгрөг нийт 7.231.250 төгрөгийг Ч.У аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , Д.Д  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн ...  сумын  иргэн Ч.У  нь ...  сумын  Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3.000. 000 төгрөгийн зээлийг зодог шуудаг хийх зориулалтаар, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4.300.000 төгрөгийн үнэ бүхий үсчний тоног төхөөрөмжийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй тус тус авсан. Дээрх хугацаанд үндсэн зээлийг дутуу төлсөн.

Иймд зээлийн үлдэгдэл 1.262.500 төгрөг, түрээсийн гэрээний төлбөр 4.300.000 төгрөг бүгд 5.562.500 төгрөгийг Ч.У аар төлүүлж, алданги 1.668.750 төгрөгөөс татгалзаж байна гэв.

Хариуцагч Ч.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс тоног төхөөрөмжөөр хангах сургалт явагдана гэхээр нь сургалтанд суусан. Сургалтанд суусны дараа төнөг төхөөрөмж ирсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс тоног төхөөрөмжийн үнийг төлнө гэж ойлгож байсан. Гэтэл  зах зээлийн үнээс өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг гэрээ байгуулан өгсөн. Би өндөр үнэтэй байгаа тул буцаах талаар хэд хэдэн удаа хэлж байсан. Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй очиж уулзахад манайд хамааралгүй, сум хөгжүүлэх сан шийднэ гэж хэлж байсан. Үсчний тоног төхөөрөмжийг 2 ажлын байранд авсан бөгөөд үүнээс 1 тоног төхөөрөмжийг хэрэглэсэн.  Хэрэглээгүй байгаа тоног төхөөрөмжөө буцааж өгөөд хэрэглэсэн тоног төхөөмжийн үнийг төлнө. Мөн Сум хөгжүүлэх сангаас зодог шуудаг хийх зорилгоор 3.000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн төлбөрөөс төлж байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлнө гэв.   

Төрийг төлөөлж оролцсон прокурор Э.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.У  нь Булган аймгийн ...  сумын  Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийг зодог шуудаг хийх зорилгоор, мөн 4.300.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг гэрээ байгуулан авсан байна. 3.000.000 төгрөгийн зээлээсээ 1.262.500 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд зээлийн төлбөрийг төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн 4.300. 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээний үндсэн дээр хүлээн зөвшөөрч авсан нь тогтоогдож байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн үнийн дүнг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн ...  сумын  Засаг дарга хариуцагч Ч.У д холбогдуулан зээлийн болон түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.231.250 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь алданги 1.668.750 төгрөгөөс татгалзаж, зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 5.562.500 /4.300.000+1.262.500/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч Ч.У  нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ...  сумын  Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй, зодог шуудаг хийх зориулалтаар, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4.300.000 төгрөгийн үнэ бүхий үсчний тоног төхөөрөмжийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 312 дугаар зүйлийн 312.1-д заасан зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хэргийн 4-5 дугаар тал/

Хариуцагч Ч.У  нь үсчний тоног төхөөрөмжийг 2 ажлын байранд авсан бөгөөд үүнээс 1 тоног төхөөрөмжийг хэрэглэсэн, хэрэглээгүй байгаа тоног төхөөрөмжөө буцааж өгөөд хэрэглэсэн тоног төхөөмжийн үнийг төлнө гэж маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах” гэж,  10 дугаар зүйлийн 10.2.1-д “түрээслэгч нь түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн төлбөрийг төлөх хуваариас үзвэл зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч болон түрээслэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд хариуцагч Ч.У аас зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 5.562.500 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Булган аймгийн Засаг даргад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.У аас 5 562 500 /таван сая таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...  сумын  Засаг даргад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас  103.950 /нэг зуун гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МЯГМАРСҮРЭН