| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Бд холбогдох ________дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн төвд тус сургуулийн 10б ангийн сурагч, насанд хүрээгүй Д.Этой маргалдаж, улмаар шилний хагархайгаар хэвлий хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүүхдийн буруу. Хийсэн үйлдэлд нь гэмшиж байна гэв.
________дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй хохирогч Д.Эод өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сурагч байгаа юм. Тэгсэн манай ангийн хүүхэд Билгүүндалай дээд ангийн Эрдэнэбилэг гэх хүүхэдтэй сургуулийн коридорт шүргэлцэж маргалдаж муудалцсан. Тэгэхээр нь би ангийн хүүхдүүдийн хамт нөгөө маргалаж байхад салгаж тэгээд би ангийн хүүхдийн хамт хичээлдээ буцаад орсон чинь нөгөө маргалдсан Эрдэнэбилэг гэх хүүхэд 6-р цагийн завсарлагаанаар анги тараад бид хэд сургуулийн 3 давхарт явж байгаад Эрдэнэбилэг гэх хүүхэдтэй таартал үе тэнгийн хүүхдүүд байж хоорондоо хэрэгдэж муудалцах муухай шүү дээ цаашид муудалцах хэрэггүй танай ангийн Билгүүндалай намайг өөрөө эхэлж мөрлөөд байсан Эрдэнэбилэг гэх хүүхэд надад хэлсэн. Ингээд хэдүүлээ маргалдаж муудцалцаад байвал нээх сайн зүйл болохгүй дээ гэж хэлээд би явсан. Тэгээд би гэртээ байж байгаад өдөр 15 цаг 30 минутын орчим бөхийн бэлтгэлд явах санаатай сургууль орохоор явж байтал Магнайбаяр над руу чатаар залгаж чи хаана явж байна гэж асуухаар нь би сургууль орж бэлтгэлдээ орох санаатай явж байна гэсэн чинь дээд ангийн хүүхдүүд ирсэн дуудаж байна гэхээр нь би сургууль ороод багштай уулзчихаад бэлтгэлийн цагаа асуучаад ирье гэж хэлсэн. Тэгээд явж Билгүүндалай над руу дахиад залгасан гялс хүрээд ирээ, энэ болохоо байлаа гэж дахиад ярихаар нь би дэлгүүрийн урд талд яваад очтол манай ангийн хүүхэд Ханддорж намайг тосож авсан. Тэгээд хамтдаа дэлгүүрийн ар талын гудамжаар ороод яваад очтол манай дээд ангийн Б.Б, Мөнхболд зүс таних хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ сууж байсан. Дээд ангийн Б.Б Билгүүндалайтай маргалдаж байсан. Эрдэнэбилэг гэх хүүхэд рүү утасаар залгаад дуудаад хэсэг хугацааны дараа миний урд өмнө сонссон байсан Батжаргал гэх хүүхдийг явсан байгаа одоо бид хэд доод үеийн хүүхдүүдийг дэглэнэ гэж хэлсэн байна чи гэж би Батчулулунд хэлтэл Б.Б надад би тэгж хэлээгүй гэж хэлэхээр нь би чамайг нилээн хэдэн хүүхдийн амнаас сонссон гэж Б.Бд дахин хэлээд байж байтал Эрдэнэбилэг гэх хүүхэд 5 хүүхэд дагуулж ирээд Анхбаяр ах ирсэн байсан болохоор нь би Анхбаяр ахад энэ хоёр маргалдаад байж байгаа юм гэж Анхбаярт хэлээд байж байтал Б.Б Анхбаярын суган доогуур гарч ирээд намайг нүүр рүү нэг удаа цохисон. Би хариуд ийм охин шиг зан гэж юу байсан юм бэ гэж хэлээд дахиад маргалдаж эхэлсэн. Нөгөө маргалдаж байсан Эрдэнэбилэг Билгүүндалай гэх хүүхдүүд эвлэрч Б.Б бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Би тухайн үед Б.Быг чи бие шигээ хүнийг цохих юм аа, хэл амаараа учраа олж чадахгүй гэж хэлтэл манай хамаатаны ах Анхбаяр ах намайг одоо боль гэж намайг нэг удаа алгадаж гар бариад салцгаа гэж хэлэхээр нь би чамайг зөндөө харж зөндөө тэвчлээ гээд надад хэлэхээр би тухайн үед Б.Бтай гар бариад эвлэрч салаад явцгааж байтал хашааны булан тойроод явж байтал Б.Б уурласан байдалтай намайг ямар аавын хүү ингэж хэлдэггүй юм аа гээд орилж байгаад тухайн үед Б.Бы ангийнхан хоёр талаас нь барьсан байж байтал над руу орилоод байсан. Би цаашаа явж байтал Б.Быг нөгөө хоёр хүүхэд алдсан бололтой Б.Б миний араас хагархай архины шил бариад дайрч ирээд миний цээж рүү хүчтэй цохих шиг болсон. Тэгээд би хувцасаа сөхөөд хартал миний цээжнээс цус гарч байсан. Тэгээд би Б.Бы өөдөөс дахиад хартал миний нүүр рүү архины шилээ бариад дахиад дайрах гэж байхад дээд ангийн ах нар салгаж гарнаас нь архины шилийг булааж хаясан чинь миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл хамт байсан хүүхдүүд чи хүн алчихвал яах юм гэж хэлтэл би алсан ч чадна гээд орилоод байсан юм. Тэгээд гэнэт Б.Б гайгүй болоо хамт явж байсан хүүхдийн гарт байсан бентээр миний шархыг боож би хамт явж байсан Магнайбаяр, Билгүүндалай нарыг наадахаа бариад ав гэж хэлсэн. Тэгээд би миний хэдэн сарын хөдөлмөр бэлтгэл ингээд дуусчихлаа гээд шарандаа орилж тэгсэн Б.Б бүгдээрээ эмнэлэг явъя гээд хамт эмнэлэг явж очоод шархандаа цэвэрлэгээ хийлгэж Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Болд-Эрдэнийн өгсөн: “...тэгсэн Б.Б, Энхболдыг нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг хооронд нь эвлэрүүлээд салгаад хашааны хаалгаар гарч явж байсан чинь Б.Быг Эрдэнэбилэг, Мөнхүүш хоёр хажуунаас нь барьж байгаад би тавиад урд нь гараад алхаж явсан чинь хүн орилохоор нь эргээд харсан чинь Энхболд өмсөж байсан хувцасаа тайлахаар нь харсан чинь цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд би айсандаа гараа боож байсан уян бентээ тайлж өгөөд боосон. Тэгээд Б.Б би хариуцлагаа өөрөө хүлээнэ би эмнэлэг авч явна гээд эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэбилэгийн өгсөн: “...би очоод эвлэрэх гээд Билгүүндалай надаас уучлалт гуйгаад бид хоёр гар барьж байсан чинь Б.Б, Энхболдыг нүүр рүү цохисон. Тэгээд жаахан юм ярьж байгаад эвлэрсэн. Бид нар түрүүлж явсан, араас нөгөө хэд явж байсан, тэгсэн чинь Б.Б шил барьчихсан байсан, би тэгээд Б.Быг шилээ хаячих гэсэн чинь хаяхгүй байсан. Болд-Эрдэнэ, Мөнхүүш хоёр Б.Быг бариад зогсож байсан тэгсэн Б.Б очоод Энхболдыг зүсчихсэн. Тэгээд гараа боож байсан бентээр нь Энхболдын гэдсээр боогоод Энхболд Билгүүндалай, Б.Б нар эмнэлэг яваад би сургууль дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхболдын өгсөн: “...би Б.Быг цамцны ар талын захнаас нь барьж байгаад Эрдэнэбилэг, Б.Быг тавьж Болд-Эрдэнэ Б.Бы зүүн талаас нь барьсан болохоор би Б.Быг тавиад тэгсэн Б.Б нөгөө шилээ зүүн гартаа бариад урагшаа 2-3 удаа алахаад Энхболдын талын цээж рүү шилтэй гараараа савж цохих шиг болсон. Тэгээд Энхболдын өмсөж явсан куртика нь урагдчихлаа гэж бодоод гайгүй байлгүй дээ гэж бодоод Б.Бы гартаа барьж байсан хагархай архины шилийг гараас нь булааж аваад хагархай шилийг нь айлын хашаагүй байшин довжоо руу шидээд Энхболдыг гайгүй байх гээд хувцасаа тайлтал Энхболдын цээжний баруун хэсэгт 4-7 см хэртээ зүсэгдэж шарх нь ангаасан байсан. Тэгсэн Төгөлдөр гартаа ороосон байсан бентээр Энхболдын гэдсийг ороод Б.Б, Энхболдыг дагуулаад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 626 дугаартай “1.Д.Эын биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байгаа тухайн үед Энхболд намайг жижигхэн гэж хэлсэн, түүнд нь гомдоод тухайн үед газар хэвтэж байсан архины хагархай шилээр хэвлийн тус газарт нь хатгасан юм. Тэгээд дараа нь цус гарахыг нь хараад айж сандраад түүнд тусламж үзүүлж шууд эмнэлэг рүү явсан. Өөр зүйл болоогүй. “ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн төвд тус сургуулийн 10б ангийн сурагч насанд хүрээгүй хохирогч Д.Этой маргалдаж, улмаар шилний хагархайгаар хэвлийн хэсэгт нь зүсэж эрүүд мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар насанд хүрээгүй хохирогч Д.Э, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д.Эын биед хэвлийд шарх бүхий гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 626 дугаартай дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, насанд хүрээгүй шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Д.Эод эмчилгээний болон бусад зардалд 1.100.000 төгрөгийн төлж барагдуулсан.
Мөн насанд хүрээгүй хохирогч Д.Эод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоох,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн санал болгосон 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Батчулууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Быг шүүхээс тогтоосон Төв аймгийн Жаргалант сумаас бусад нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагшуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН