Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч М.Одгэрэл,

шүүгдэгч Б.О,

иргэний нэхэмжлэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б Б.Од холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

 

                                       Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2005 онд төгссөн гэх D200506842  дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Архуст сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 43 дугаартай тушаалаар Төв аймгийн Архуст сумын ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажил орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт 

  Шүүгдэгч Б.О:

  ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

   Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа:

  ...Миний хувьд сумын засаг даргын захирамжийн дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Сургуулийн зүгээс хохирол нэхэмжлэхгүй. Багш минь ажиллаж байх хугацаандаа албан тушаалын чиг үүргийн дагуу ажиллаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Энэ талаар саяхан цагдаа дуудахад  мэдсэн. Би энэ сургуульд 20 жил ажиллаж байна. Би энэ хугацаанд Б.Ог хуурамч дипломтой гэдгийг  мэдээгүй. Хохирлыг нэхэмжлэхгүй...гэж мэдүүлжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Үүнд:

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 01 тал/, гомдол мэдээлэл /1хх-ийн 02 тал/, Ажлын хэсэг байгуулах сайдын тушаал, хавсралт /1хх-ийн 5-6, 7-35 тал/, гэрч Ч.Энх-Амгалангийн мэдүүлэг /1хх-ийн 38-41 тал/, гэрч Я.Номинцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 42-44 тал/, гэрч А.Танан-Эрдэний мэдүүлэг /1хх-ийн 46-48 тал/, гэрч Б.Доржхуягийн мэдүүлэг /1хх-ийн 50-52 тал/, гэрч Н.Батбилэг мэдүүлэг /1хх-ийн 55-57 тал/, гэрч Д.Аззаяа мэдүүлэг /1хх-ийн 60-63 тал/, хохирогч Г.Олонбаяр мэдүүлэг /1хх-ийн 66-67 тал/, шүүгдэгч Б.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 120-148 тал/ зэрэг болно. 

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2005 онд төгссөн гэх D200506842  дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Архуст сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 43 дугаартай тушаалаар Төв аймгийн Архуст сумын ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажил орохдоо ашигласан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ....дугаартай хэрэгт авагдсан

 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга / хх-ийн 11-35 дугаар хуудас/,

Гэрч Ч.Энх-Амгалангийн ...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах. Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь хоёр болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээр хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөл, хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн хоёр программ ашиглагддаг юм. Тухайн НЕМІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕЅІЅ программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕЅІЅ систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

Гэрч Я.Номинцэцэгийн ...Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн, багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis программ/ бүртгэл, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Их, дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ илэрсэн нэг зөрчил илэрсэн. Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэт мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Гэрч А.Танан-Эрдэнийн ...Яг системийн хувьд бол би сайн мэдэхгүй үүнийг боловсрлын яамны мэргэжилтэн Доржхуягаас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр харин миний хувьд бол өөрийн үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ЕЅІЅ систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Би энэ талаар бол сайн мэдэхгүй байна. Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулах нь зүйтэй байх. ЕЅІЅ бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

Гэрч Б.Доржхуягийн ...Үүнийг бол дэлгэрэнгүй дүгнэлт гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа. Тэндээс харсан дээр байх. Үүнийг бол манай яамны цахим бодлого, статистикийн хэлтсийн шинжээч Анхзаяагаас тодруулсан дээр байх учир нь миний хувьд системийн талаар мэдэх зүйл байхгүй. Дээрх системийг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой. Дээрх системтэй холбоотой асуултыг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой гэхдээ шалгалтын явцад анх системийн мэдээллийн дата баазыг бий болгохын тулд яамнаас гэрээт ажилчдыг хөлсөөр ажиллуулсан ба тэдгээр ажилтнууд дундаас системд дур мэдэн баталгаажуулалт хийсэн тохиолдол гарсан. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Үүнийг тайландаа дэлгэрэнгүй тодорхой тусгасан байгаа. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Гэрч Д.Анхзаяагийн ...Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/446-дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан хасгийн даргаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энх- Амгалан ахалж нарын бичгээр тус газрын ахлах шинжээч Б.Доржхуяг, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ерөнхий боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч Д.Наранзул, сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Бадамжав, боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батбилэг, Боловсролын ерөнхий газраас ахлах Мэргэжилтэн Л.Батхангай, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч А.Танан-Эрдэнэ, Я.Номинцэцэг нарын хамт ажилласан. Боловсролын салбарт /Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем/ болон /Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Уг системийг ашиглах болсон шалтгаан 2018 оноос өмнө мэдээллийн нэгдсэн системгүй байсан энэ нь статистикийн мэдээ тайланг цасаар буюу excel хүснэгтээр авдаг байсан нь статистикийн мэдээний хамралт дутуу алдаатай буруу мэдээлэл цуглуулагдах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байсан болохоор 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд нийт 18 сарын хугацаанд дээд боловсролын шинэчлэлтийн төслийн хүрээнд дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг боловсруулж ажилласан ба 2020 оны 12 дугаар сард системийг яам хүлээн авсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 96 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг удаа дараа бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг мөн боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9. 32, 33.3.4. 310 1-0 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Г.Олонбаярын ...Манай яамнаас одоогийн байдлаар дээрх утга бүхий албан бичгийг хууль хяналтын байгууллагад гарган ирүүлэх боломжгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрхэн явагдаж хаашаа эргэхийг бид урьдчилан мэдэх боломжгүй, хэрэг тус бүрээр тогтоогдсон нөхцөл байдал өөр байгаа учраас яамны зүгээс нэгдсэн чиглэл бүхий албан бичиг өгөх боломжгүй байна. Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Огийн яллагдагчаар өгсөн ... Би 2001 онд Гурван Эрдэнэ багшийн дээд сургуульд элсэн орж монгол хэл, англи хэлний багшийн мэргэжлээр суралцаж байгаад 2005 он буюу 4 дүгээр күрсдээ буюу 2005 оны 4 дүгээр сард аавын маань бие муудаж нас барснаар төгсөлтийн шалгалтаа өгч чадаагүй. Тэгээд ээж 3 гурван дүүгийн хамтаар үлдээд тухайн суралцсан сургуулиа төгсөж чадаагүй ба 2005 оны 8 дугаар сард Төв аймгийн Архуст сумын ерөнхий боловсролын сургуулиас намайг багшийн мэргэжлээр суралцаад төгсөх курс юм чинь манайд түр ажиллаач гэхээр нь Бүрэн дундын боловсролын гэрчилгээгээ өгөөд бас өмнө нь сурч байх хугацаанд Архуст сумын ЕБС-д нэг удаа дадлага хийж байсан болохоор шууд ажилдаа ороод ажиллаж эхэлсэн. Би тухайн Монгол улсын боловсролын их сургуульд суралцаагүй ба 2006 онд Төв аймгийн Архуст сумын ЕБС-д ажиллаж байсан ба тухайн мэргэжлээр ажиллахад заавал бакалаврын диплом шаардлагатай байсан тул өмнө нь Архуст сумын ЕБС-д ажиллаж байсан Оюунаа гэх хүнтэй холбогдож цааш Эрхэмээ гэх хүнээс дипломоо худалдаж авсан. Би Төв аймгийн Архуст сумын ЕБС-д 2005 оноос хойш ажиллахдаа 6 анги төгсгөөд улсад 17 жил ажиллахдаа 2014 онд Төв аймгийн иргэдийн хурлын жуух, 2019 онд Боловсролын яамны жуухаар тус тус шагнагдаж байсан..., Архуст сумын ЕБС-д ажиллаж байсан Оюунаа гэх хүнтэй холбогдож цааш Эрхэмээ гэх хүнээс 350.000-450.000 төгрөгийн хавьцаа худалдаж аваад ашигласан... гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяагийн ...Би Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна. Би тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан гэх Б.О гэх хүнийг ажиллаж байсан сургуулийг хариуцсан захирал болохоор тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архуст сумын засаг даргын 05/58 дугаартай албан бичгийн дагуу иргэний нэхэмжлэгчээр томилуулан оролцож байна. Би Төв аймгийн Цагдаагийн газраас дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгч томилуулах албан бичиг ирсний дагуу Б.Ог хуурамч баримт бичиг ашиглан ажиллаж байсныг мэдсэн. Тухайн үед буюу 2005 анх Төв аймгийн Архуст сумын сургуульд ажлаар орох үед өөр албан тушаалтан байж томилсон ба одоог хүртэл ажиллаж байна. Тухайн Б.О нь ажилд томилогдон ажилласан цагаас хойш одоог хүртэл ажлын байрны чиг үүргийн зохих ёсны ажлыг хариуцлагатай гүйцэтгэн ажилсаныхаа хүрээнд дээрх хохирол болох 140,418,139 төгрөгийг авч байсан тул иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирлын мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Харин хуурамч диплом ашигласан үйлдлийг зохих журмын дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Одгэрэл:

...шүүгдэгч Б.Ог эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирлын тухайд  шүүгдэгч хуурамч бичиг баримт ашиглан гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн эрхлэх ёсгүй ажил эрхэлж цалин авсныг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж түүнийг хураах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар эрхлэх ёсгүй ажил хийж, олгогдох ёсгүй цалин авсан тул гэмт хэргийг улмаас олсон орлого болох 140.418.130 төгрөгийн цалин гаргуулж улсын орлого болгох санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа:

...Хохирлын 140.418.139 төгрөгийг нэхэмжлэхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.О:

...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.О гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Од холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хорин гуравдугаар бүлэг “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.   

 

Шүүгдэгч Б.О нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

 

Шүүгдэгч Б.О нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

 

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.О нь хуурамч боловсролын диплом ашигласан үйлдлийн улмаас 140.418.139 төгрөгийн хохирол учирсан байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Энь 140.418.139 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байх ба иргэний нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Одгэрэл:

...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага, хөнгөрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ог эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа:

...хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.О:

...Улсын яллагчаас оногдуулж буй торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай...гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.О хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг  сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Б.Од оногдуулсан 1.500.000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

   оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ...........дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200506842 дугаартай диплом нэг ширхийг устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв.     

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

        шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус

                            тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Ог “...боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б Б.Ог Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг  мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500 /нэг  мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

5. Эрүүгийн ...........дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200506842 дугаартай диплом нэг ширхийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Огаас иргэний нэхэмжлэгч нь 140.418.139 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН