Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00433

 

“Х б” ХХК-ийн Сэлэнгэ салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаар магадлалтай,

“Х б” ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

“Д у” ХХК, Х.Г-д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Д у” ХХК-ийн төлөөлөгч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, хариуцагч “Д у” ХХК-ийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Д у” ХХК, Х.Г-д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч , ...зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийн хүү хэт өндөр, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, ...харин үндсэн зээл 26,943,180.67 төгрөгийг төлнө... гэж маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Д у” ХХК, Х.Г-д нараас зээлийн гэрээний үүргийн  гүйцэтгэлд 57,998,881.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын, 1-р баг, Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 000054751 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1302000003 бүртгэлтэй, буудал ресторан, сауны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 170201099 дугаартай нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 000308786 дугаар гэрчилгээтэй, 2 га хэмжээтэй, аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрыг албадан дуудлага худалдаанд оруулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үлдэх 447,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 447,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 288,954 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “Д у” ХХК-ийн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн 67 дугаар магадлалд хариуцагч “Д у” ХХК-ийн төлөөлөгч Б.М миний бие дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2015.04.13-ны өдөр байгуулсан №1100018698 дугаар Зээлийн гэрээний 1.3-т “Банк нь жил бүрийн 4 дүгээр сарын 1, 10 дугаар сарын 1-ний өдөр зээлийн хувьсах хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, шинэчлэн тогтооно. Банк зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтийг гэрээний банкинд хадгалагдаж байгаа хувийн хавсралт 2-т тэмдэглэнэ.” гэж заажээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай тус тус нийцнэ. Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээ тодорхойгүй, эсхүл маргаантай байгаа тохиолдолд талууд гэрээгээр хүү тохирсон гэж үзэх эсэх, тохирсон бол хүүг ямар хэмжээтэй болохыг тогтоосны эцэст нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн хүү болох 26,664,023.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 4,391,678 төгрөг, нийт 31,055,701.31 төгрөгийн хүүгийн төлбөрийг чухам ямар хувь хэмжээгээр бодсон, Зээлдүүлэгч нь Зээлийн гэрээний 1.3-т заасны дагуу хүүгийн хувь хэмжээг өөрчилсөн эсэх талаар тодруулга, дүгнэлт огт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4.2. “Зээлдүүлэгч нь жилд хоёр удаа хүүгийн хэмжээг дангаараа шинэчлэн тогтоох эрхтэй” гэж Зээлийн гэрээний 1.3-т тусгажээ. Энэ зохицуулалт нь Зээлдэгчид илтэд хохиролтой бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 31,055,701.31 төгрөгийн хүүгийн төлбөрийн хувь хэмжээг нягталж тодруулаагүй, мөн хүүгийн хувь хэмжээ Зээлдүүлэгчид илтэд хохиролтой тогтоогдсон байхад түүний хүсэлтээр зээлийн хүүг багасгаж болох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020.08.11-ний өдрийн 207 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.20-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Д у” ХХК, Х.Г-д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд үндэслэлийг ...хариуцагч нар 2016.08.31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. ...Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар олон удаа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан боловч үүргээ биелүүлээгүй... гэж тодорхойлсон байна.

7. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийн хүү хэт өндөр, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, ...харин үндсэн зээл 26,943,180.67 төгрөгийг төлнө... гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хариуцагчийн “...шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 31,055,701.31 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хувь хэмжээг нягталж тодруулаагүй, хүүгийн хувь хэмжээ зээлдэгчид илтэд хохиролтой байдлаар тогтоогдсон байхад ...зээлийн хүүг багасгаж болох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Хариуцагч “Д у” ХХК, Х.Г-д нар нь Хас банкны Сэлэнгэ салбартай 2015.04.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 19 сарын хугацаатай, жилийн 32.4 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээнд Х.Г-д хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуржээ.

Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээ байгуулж, “Д у” ХХК-ийн өмчлөлийн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 1-р баг, Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах, 000054751 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1302000003 дугаарт бүртгэлтэй, буудал, ресторан, сауны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 170201099 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн 000308786 дугаар гэрчилгээтэй, 2 га аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газар зэргийг барьцаалсан байх ба мөн иргэн Б.М, Б.Мөнхтөр нартай батлан даалтын гэрээг байгуулсан байна.

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцжээ.

12. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн 80,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 53,056,430.33 төгрөг, хүүд 24,652,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172,717.17 төгрөг, нийт 77,882,086,50 төгрөг төлсөн боловч 2016.08.31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2017.08.15-ны өдөр дуусгавар болсон. Иймд банк зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.  

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, тухайн маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, 2020.01.08-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн үндсэн зээл 26,943,180.67 төгрөг, хүү 26,664,023.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,391,678 төгрөг, нийт 57,998,881.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

Мөн, хоёр шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.   

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Д у” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2020.11.11-ний өдөр төлсөн 313,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

              ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

               П.ЗОЛЗАЯА

               Б.МӨНХТУЯА

               Х.ЭРДЭНЭСУВД