| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00015/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ш.Алтанзул, нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнийг суулцуулан, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч С.Унарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С-н Ут холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Болормаагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны ...-р сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, .... ажилтай байсан гэх, ам бүл .., ... хамт амьдрах, Бор-Өндөр сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012-05-10-ны өдрийн 13-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015-05-19-ний өдрийн 19-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015-11-05 өдрийн 177-р шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, РД:..., З овогт С-н У.
Шүүгдэгч С.Унь 2016 оны 6-р сарын 21-ний өдөр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр “Хажуу улаан” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “...................” нөхөрлөлийн уурхайн ажилчдын байранд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Ш-ийн эрүүний доод хэсэг, цээжний баруун хажуу урд хэсгүүдийн цээжний хөндий рүү нь нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, хохирогч Б.Т-ынын зүүн гарын шууны дунд хэсэгт 1/3 хэсгийн хөдлөн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, булчингийн нугалагч шөрмөсний тасрал, доод эрүүний зүсэж биед нь хүндэвтэр гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Ш-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-06-21-ний өглөө 10 цагийн орчимд У, Т-ын ax бид гурав "Их монгол" нэртэй архи уусан юм. Б гаднаас орж ирж пиво уучихаад гарсан. Тэгээд бид гурав архиа ууж байсан чинь Т гаднаас орж ирсэн. Тэгэхэд Т-ын ax 10000 төгрөг өгөөд архинд яваад ир гээд гаргахад У харчихсан юм. Та нэг шил архитай орж ирээд архиа бид нарт өгөөд удалгүй гараад явсан. У Т-ын ax бид гурав архиа ууж дуусаад Т-ын ax бид хоёр 2 талд унтах гээд хэвтсэн. У машин асаагаад архинд яваад ирье гээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд явуулаагүй юм. Тэгтэл халбага сэрээ дуугараад хутга аваад шууд над руу ирээд би архинд явна гээд миний баруун хавирганы орчимд хутгалчихсан юм. Тэгээд Т-ын ахын гарыг хутгалчихаад үүдэнд очоод гаргахгүй гээд хутга бариад суухаар нь би очоод хутгыг булаацалдаж байгаад гараа зүсчихсэн юм. Би гэрээс гараад З ахыг дуудахаар Бын гэр рүү орсон чинь Б намайг хараад Та ахыг дуудсан. Тэгтэл У хутга сандал барьчихсан гарч ирээд ойртсонг нь ална шүү гээд агсарч байгаад газар суухдаа хутгаа газар зоогоод эргэж xapax хооронд нь Та, Б нар хутгыг холдуулаад, Уг олсоор хүлчихсэн юм. Тэгээд бид нар Бор-Өндөрийн эмнэлэг дээр ирсэн. У машин унаад архинд явна гээд байхаар нь би явуулахгүй гээд цааргалсан юм. Тэрнээс л болсон байх өөр айхтар хэрүүл маргаан болоогүй. Би гомдолтой байна. Миний багын нэрийг П гэдэг. Хүмүүс намайг П гэж дууддаг юм. Би хэзээ нэрээ солиулснаа мэдэхгүй байна. Би Бор-Өндөр сумын эмнэлгийн мэс заслын тасагт 2016-06-21-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн болон мэс заслын төлбөр 500.000 төгрөг, гадуур хийлгэсэн эм тарианы төлбөр 200.000 төгрөг болж байгаа нийлээд 700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх 31-33 тал/
Хохирогч Б.Т-ынаас мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: 2016-06-21-ний өглөө 9, 10 цагийн үед У, П бид гурав 0.75 граммын "Их монгол" гэдэг нэртэй архи хувааж уусан, өглөө архи ууж байхдаа Быг унтаж байхад нь би дуудаж авчирсан. Б архи уухгүй гэхээр нь пиво өгсөн, өгсөн пивыг уучихаад явсан. Тэгтэл Та гаднаас орж ирэхэд бид нарын ууж байсан архи дууссан, би 10000 төгрөгийг Тад өгөөд архи аваад ирээч гэсэн чинь гаднаас 0.75 граммын тал шил архийг авчирч өгөхдөө 10000 төгрөгийг чинь авлаа шүү гэж хэлсэн. У, П бид гурав архиа ууж байх хооронд Та гараад явсан. Тэгтэл бид нарын архи дуусаад П бид 2 унтах гээд 2 талд хэвтэж байсан. Тэгэхэд У төв орж архи авчирна гээд байхаар нь П явуулахгүй, яах гээд байгаа юм бэ гээд хэлчихсэн чинь л У уурласан юм шиг байгаа юм. Намайг хэвтэж байхад гэнэт У Пг босоод ир гээд хутгалчихсан. Дараа нь над дээр хүрч ирээд босоод ир гээд зүүн гарнаас татаад гартаа байсан хутгаараа миний гарыг хутгалчихсан юм. Миний гарнаас цус их хэмжээгээр гарч байсан учраас ухаан санаа орж гараад юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн гарныхаа цусыг гоожуулсан чигтэй Тагийн гэр рүү орсон. Та, Б нар Угийн хутгыг булааж аваад хүлсэн. П бид нар Бор-Өндөрийн эмнэлэг дээр ирсэн. Миний хувьд мэдэх зүйл алга. Би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт 2016-06-21-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоо надад өвдөөд байх зовиур байхгүй. Миний зүүн гарын чигчий ядам хуруунууд мэдээгүй болсон. Би одоо эд эрхтэнээрээ хохироод байна. Эмчилгээний зардал 550.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх-35-37тал/
Гэрч Б.Э-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-06-21-ний өглөө ажилдаа гарчихаад байсан чинь бороо орсон. Бороо ороод байхаар нь зүүн гэрт орж зурагт үзээд хэвтэж байхад П гэх залуу гэрийн үүдэнд ирэхээр нь яасан, юу болсон юм бэ гэсэн чинь хутгалуулчихлаа гээд пудволкоо сөхөж харуулахаар нь бид нар бөөндөө гэрээс гарсан. Тэгэхэд У гартаа хутга барьчихсан баруун гэрээс гарч ирсэн. Бид нар хутгыг булааж аваад Уг хүлээд Бор-Өндөр явуулсан. У архи уучихсан байсан. Гартаа цагаан өнгийн иштэй хутга барьчихсан байх шиг байсан. Би сайн тогтоож хараагүй гэжээ. /хх-39-40 тал/
Гэрч Ш.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өглөө 10 цагийн орчимд босоод зүүн гэрт хоол хийгээд идэж байхад, баруун гэрт хүмүүс архи уугаад байна гэж сонсогдсон. Тэгэхэд У нилээн халамцуу орж ирж хоол идчихээд Татай маргалдаж мөнгө нэхээд шаналгаад байсан. Тэр 2 маргалдаад байхаар нь бид нар салгаад гэрээс гаргачихсан юм. Хэсэг хугацааны дараа П цус болчихсон ороод ирсэн. Тэгээд юу болсон юм бэ гээд пудволкийг нь сөхөхөд цээжний доохон талд том зүсчихсэн байсан. Яасан юм бэ гэж асуухад У хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд гэрээс гартал У хутга барьчихсан Та pyy дайраад байсан. З гартаа барьсан лоомоороо Угийн гарт байсан хутгыг цохиж зайлуулсан. Тэгээд Уг барьж хүлээд явуулсан. У хар цагаан иштэй хутга барьчихсан байсан. Цагдаагийн хурааж авсан хутга мөн гэжээ. /хх-41-42 тал/
Гэрч Т.Тагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-6-21-ний өглөө 09 цагийн орчимд Т-ынаагийн гэр рүү ороход У, П тэр гурав архи ууж байсан. Тэгээд сууж байсан чинь тэд нарын уусан архи нь дууссан бололтой Т ax надад хэтэвчнээсээ 10000 төгрөг гаргаж ирээд, архи аваад ир гэсэн. Би тухайн үед бензин байхгүй гээд яваагүй, машин дотор байсан тал шил архиа өгөөд, 10000 төгрөгийг авсан шүү гээд тоглоод хэлсэн. Би хэсэг сууж байгаад тэд нарын яриа сонирхолгүй санагдаад гэрээс нь гараад явсан. Бын гэрт ороод зурагт үзээд сууж байхад хойноос У орж ирээд надаас нөгөө 10000 төгрөгөө нэхээд байсан. Би өгөхгүй гэж хэлсэн чинь над руу агсам согтуу тавиад заамдсан. Тэгэхээр нь зөрүүлж барьж аваад унагаахад хүмүүс салгасан. У намайг цохиж чадаагүй. Тэгээд бид хоёр салаад би гэр рүүгээ орсон. Хэсэг хугацааны дараа Б гаднаас З axaa гээд дуудсан. Тэгээд гартал Пг У хутгалчихлаа гэж хэлсэн. П араас нь дагаад ирснийг хартал нил цус болчихсон байсан. Би гэрт байсан лоомоо аваад гарсан чинь Т ax надтай зөрөөд манай гэр рүү орсон. Т ах гарандаа хутгалуулчихсан байсан. Тэгээд би гартал У гартаа хутга, сандал барьчихсан ойртвол ална шүү гээд агсраад байсан. Би Уг тайвшируулах гээд оролдоод болохгүй байсан. Тэгэхээр нь хутгаа хая, ингэж болохгүй гэж хэлсэн. У хутгаа хаяхгүй газар суусан юм. У суухдаа хутгаа газар зоогоод өөр тийшээ xapax хооронд нь би лоомоороо хутгыг нь холдуулсан. Бид нар Уг бариад хүлчихсэн юм. Миний харахад гайгүй л байсан. Тэд нар 0.75 литрийн архи, миний авчирч өгсөн 0.75 литрийн тал шил архи, 2 литрийн нэг пиво хувааж уусан гэжээ. /хх- 45-46 тал/
Гэрч Б.Баас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-06-21-ний өглөө ажил дээрээ унтаж байсан. Надтай хамт ажилладаг Т гэж дууддаг ах гэртээ дуудсан. Тэгээд би гэрт нь яваад ороход Т ах, П, У гурав 0.75 литрийн “Их монгол” гэдэг нэртэй архи ууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь уухгүй гэж хэлсэн. У надад пиво авч өгсөн юм. Тэгээд би пиво уучихаад гэр рүүгээ орсон. Манайд З ах кино үзэж байхад гаднаас У орж ирээд З ахаас мөнгө нэхсэн. Тэгэхэд З ах мөнгө байхгүй гэж хэлсэн. У уурлаад З ахын шанаа руу нь гараараа 1 удаа цохихоор нь би салгасан юм. Тэгээд З ах У хоёр гэр, гэр рүүгээ орсон. Би гэртээ кино үзээд сууж байтал гаднаас П З байна уу гээд дотуур өмдтэйгээ нүцгэн орж ирсэн. Тэгэхэд гуяар нь цус урсаж байсан. Яасан бэ гэж асуухад У намайг хутгалчихлаа гэж хэлсэн. З ахыг дуудтал З ах гараад ирсэн. Цаанаас Т ах намайг У хутгалчихлаа гээд гэрээс гараад ирсэн. У гэрээс сандал хутга хоёр барьчихсан гарч ирээд ойртвол ална шүү гээд дайраад байсан. Тэгээд хутгаараа З ах руу дайраад байсан. У суухдаа хутгаа газар зоохоор нь З гүйж очоод лоомоороо хутгыг нь холдуулсан. Тэгээд З ах бид хоёр Уг барьж хүлээд, хутгалуулсан 2 хүнээ аваад шууд цагдаа руу ирсэн гэжээ. /хх 43-44 тал/
2016-08-09-ний өдрийн №4823 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн xap цагаан бариултай хутганы ажлын хэсгээс 1 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв.
2. Шинжилгээнд ирүүлсэн xap цагаан бариултай хутган дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.
3. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй 1 ширхэг гарын мөр санд 2015 онд MN004020000645 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Сэргэлэнбаатар овогтой У-ын баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ. /хх-55-59 тал/
2016-08-11-ний өдрийн №6804 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Хэргийн газраас авсан гэх: 27см урттай, ажлын хэсэг-14,5см, иш-13см урттай-хуванцар хар цагаан иштэй хутга, улбар шар өнгийн срочкон цамц, судалтай нимгэн даавуу зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
2. 27см урттай, ажлын хэсэг-14,5см, иш-13см урттай-хуванцар хар цагаан иштэй хутга, улбар шар өнгийн срочкон цамц, судалтай нимгэн даавуу зэрэгт цус илэрсэн.
3. Улбар шар өнгийн срочкон цамц, судалтай нимгэн даавуу зэрэгт илэрсэн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.
4. 27см урттай, ажлын хэсэг-14,5см, иш-13см урттай-хуванцар хар цагаан иштэй хутга дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.
5. Этилийн спирт илрэх эсэх: Хатсан цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээг хийх боломжгүй гэжээ. /хх-61 тал/
2016-08-11-ний өдрийн №6803 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Б.Т-ынын гэх марльд шингээж хатаасан цус мэт зүйл, Б.Ш-ийн гэх шингээж хатаасан цус мэт зүйл, “Гэрийн баруун талын орны харалдаа шалан дээрээс авсан цусны дээж" гэж хаягласан өнгөгүй ууттай нунтаг улаан хүрэн өнгийн зүйл, "Гэрийн баруун урд талын орны харалдаа шалан дээрээс авсан цусны дээж гэж” хаягласан өнгөгүй ууттай нунтаг улаан хүрэн өнгийн зүйл, “Гэрийн баруун урд талын орны харалдаа шалан дээрээс авсан цусны дээж" гэж хаягласан өнгөгүй ууттай цагаан өнгийн марльд шингээсэн улаан хүрэн өнгийн зүйл, Ш-э 37 эр гэж хаягласан тариуртай цус мэт зүйлийн шингэн дээж, Б.Т-ын 55 эр гэж хаягласан тариуртай цус мэт зүйлийн шингэн дээж зэрэгт цус илэрсэн.
3. Ш-э 37 эр гэж хаягласан тариуртай цус мэт зүйлийн шингэн дээж нь АВО системээр AB /IV/ бүлгийн харьяалалтай байна.
4. Б.Т-ын 55 эр гэж хаягласан тариуртай цус мэт зүйлийн шингэн дээж нь ABО системээр A /Il/ бүлгийн харьяалалтай байна.
5. Б.Т-ынын гэх марльд шингээж хатаасан цус мэт зүйл, “Гэрийн баруун талын орны харалдаа шалан дээрээс авсан цусны дээж" гэж хаягласан өнгөгүй ууттай нунтаг улаан хүрэн өнгийн зүйл, “Гэрийн баруун урд талын орны харалдаа шалан дээрээс цусны дээж" гэж хаягласан өнгөгүй ууттай нунтаг улаан хүрэн өнгийн зүйл. “Гэрийн баруун урд талын орны харалдаа шалан дээрээс авсан цусны дээж" гэж хаягласан өнгөгүй ууттай цагаан өнгийн марльд шингээсэн улаан хүрэн өнгийн зүйл зэрэгт илэрсэн цус нь A /lI/ бүлгийн харьяалалтай байна.
6. Б.Ш-ийн гэх марльд шингээж хатаасан цус мэт зүйлд илэрсэн цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.
7. Хатсан цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээг хийх боломжгүй гэжээ. /хх-63 тал/
2016-08-18-ны өдрийн №155-р Шинжээчийн дүгнэлт:
1. Б.Т-ынын биед зүүн гарын шууны дунд 1/3 хэсгийн хөндлөн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, мэдрэл /n.ulnaris/ болон булчингийн нугалагч шөрмөсний тасрал, шөрмөсийг мэс заслаар залгаж оёсны дараах байдал, доод эрүүний хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
З. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /xx-65 тал/
2016-08-15-ны өдрийн №154-р Шинжээчийн дүгнэлт:
1. Б.Ш-ийн биед эрүүний доод хэсэг болон цээжний баруун хажуу урд хэсгүүдийн цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-62 тал/
Шүүгдэгч С.У-аас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-06-20-ны өдөр П ах буюу Ш-э ax, Т-ын ax, Та ax бид 4 Бор-Өндөр суманд бичиг баримт хөөцөлдөж байгаад 16 цаг өнгөрч байх үед Бор-Өндөрөөс гараад оройны 18 цаг өнгөрч байх үед уурхай дээр ирсэн. Бид нар ирэх замдаа 1 шил 0.75 литрийн архи, пиво уусан. Бид нар уурхай дээр очоод ажилчидтай хамт архи уусан. Тэр үед уугаагүй хүн байж магадгүй. Тэрийг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед нилээд согтчихсон бас Т-ын ax, П ax хоёр тасраад уначихсан байсан. Би тэр хоёрыг өглөө шартаад босож чадахгүй байх гэж бодоод авч явсан нэг шил архиа хөргөгчний apaap хийсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь Т-ын ax миний нуусан архийг олоод барьчихсан бид хоёрыг сэрээсэн. Бид гурав архиа уугаад сууж байхад Б гаднаас орж ирсэн. Б архи уухгүй гэхээр нь би пиво өгсөн. Б пиво ууж дуусаад гарсан. Удалгүй Та ax орж ирсэн. Яг энэ үед бид нарын ууж байсан архи дуусаж байсан. Тэгтэл Т-ын ax хэтэвчнээсээ 10000 төгрөг гаргаж өгөөд Та ахыг Зүлэгт ороод архи аваад ир гэж хэлсэн. Та ax гараад машиндаа байсан нэг шил архийг бид нарт авчирч өгсөн. Тэр архийг П ax, Т-ын ax бид гурав хамт уусан. Тэр архийг ууж байхад гаднаас ганц нэг хүн орж ирчихсэн сууж байсан. Би архи ууж сууж байгаад согтчихсон байсан. Яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь Т-ын ахтай маргалдаж байсан. Тэгтэл П ax дундуур орж ирсэн шиг санагдаж байна. Би тэнд орилж чарлаад л байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд гадаа сууж байсан. Тэнд байсан хүмүүс гүйлдээд, хүн хутгалчихлаа ш дээ гээд орилдоод байсан. Та ax намайг хүлээд машинд суулгасан. П ax, Т-ын ax, Та ax, Б ax бид нар машинтай явж байсан. Бор-Өндөрт орж ирэх үед Т-ын ax П ax хоёр надад байсан 10000 төгрөгөөр архи авчих тэгвэл арай гайгүй болох байх гээд байсан юм. Надад байсан 10000 төгрөгийг хэн яаж өгсөнг санахгүй байна. Тэр 10000 төгрөгийг Т-ын ax Та ахад өгч байсанг санаж байгаа юм. Тэгээд би архи авъя зогсчих гэсэн чинь Та ax үгүй гэсэн. Тэгэхээр нь би үсэрлээ шүү гэж хэлэхэд зогссон. Би гэр хорооллын Шарга дэлгүүрээс 0.75 литрийн "Стандарт" гэдэг нэртэй архи авч эмнэлгийн гадаа ирэх үед нөгөө хоёр архиа ууж байсан. Намайг машинаас буухад архи өгөхөөр нь 1 балгаад үлдээсэн. Тэгээд би өөрөө цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би нэлээд согтуу байсан. Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна. Миний ухаан орж гараад байсан. Би хүн хутгалж байхдаа өөрийн гэсэн ухаан байхгүй байсан. Яаж хутгалсан гэдгээ мэдэхгүй. Юунаас болж муудсан талаар сайн санахгүй байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Унь согтуугаар 2016 оны 6-р сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “...................” нөхөрлөлийн уурхай дээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Ш-ийн эрүүний доод хэсэг, цээжний баруун хажуу урд хэсгүүдэд хатгагдаж, зүсэгдсэн шарх үүсгэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, хохирогч Б.Т-ынын зүүн гарын шууны дунд 1/3 хэсгийн хөндлөн гүн хатгагдаж зүсэгдсэн, булчингийн нугалаг шөрмөсийг тасалж, эрүүний хэсэгт зүсэж биед нь хүндэвтэр гэмтлүүдийг тус тус учруулж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Унь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 551.1-р зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Т-ын, Б.Ш-э нар нь хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн мэдүүлгийг өгсөн боловч хохирлын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Шүүгдэгч З овогт С-н Уыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-р зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт С-н Уыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.У-т оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ын цагдан хоригдсон 165 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Унь энэ бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн xap цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.У-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧИД С.БАЙГАЛЬМАА
М.ЭНХМАНДАХ