Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2018/0017/З |
Дугаар | 123/ШШ2018/0021 |
Огноо | 2018-07-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 123/ШШ2018/0021
2018 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 123/ШШ2018/0021 | Төв аймаг |
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Т ЗДд холбогдуулан иргэн С.Нийн гаргасан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/54 дугаартай захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү болох 8 491 212 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох цалингийн зөрүү 4 308 294 төгрөгийг тус тус гаргуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төв аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай С.Нийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж нь илт хууль бус гаргасанаа өндөр насны тэтгэврийн дундаж буурсан. Төрийн жинхэнэ албан тушаалтанд олгодог 36 сарын тэтгэмж авах эрхийг зөрчсөн тул миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/54 дугаартай захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү болох 8 491 212 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох цалингийн зөрүү 4 308 294 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын иргэн С.Ноос Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/08 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан С.Н нь аймгийн Засаг даргатай харилцан тохиролцсоны үндсэн дээр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын ажлаас чөлөөлж, Насан туршийн албан бус боловсролын төвийн захирлаар томилсон болно. Иргэн С.Н нь тухайн үед өөрөө харилцан тохиролцож, ажлаас чөлөөлөгдөн өөр ажилд томилогдсон бөгөөд 2017 оны 10 дугаар сард Насан туршийн албан бус боловсролын төвийн захирлаар ажиллахыг нь хүлээн зөвшөөрч тухайн ажилд шилжүүлснийг нотолдог юм. Улмаар өөрийн хүсэлтээрээ Насан туршийн боловсролын төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтний ажилд томилогдсон болно. Учир нь Насан туршийн албан бус боловсролын төвийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах боломжгүй байгаа тул Боловсрол, соёл урлагийн газарт төрийн захиргааны албан тушаал болох мэргэжилтний орон тоон дээр шилжин орж ажиллаад тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авах талаар С.Нийн гаргасан өөрийн хүсэлтийг нь үндэслэн шийдвэрлэж өгсөн. С.Н нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа Насан туршийн албан бус боловсролын төвийн захирлаар ажиллах 8 cap гаруйн хугацаанд аймгийн Засаг даргад өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдсөн талаараа ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй бөгөөд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах талаар өөрөө хууль журмаа судалж мэдсэний үндсэн дээр нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллах талаар шийдвэрээ бие даан гаргасан болно. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь дээрх 2 шийдвэрийг гаргахдаа С.Нийн өөрийн хүсэлтийн дагуу харилцан тохиролцож шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг нар нь харилцан тохиролцож 2018 оны 07 сарын 20-ны өдөр 01/02 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
1. Т ЗД Ж.Батжаргал нь С.Нид "төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 8.491.212 төгрөгийг аймгийн Боловсрол соёлын газрын 2019 оны төсөвт суулган батлуулж, 2019 оны 1-р улиралд багтаан С.Нид олгох
2. Энэхүү гэрээ байгуулагдсантай холбогдуулан нэхэмжлэгч С.Н нь шүүхэд гаргасан "Төв аймгийн Засаг даргын 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай захирамж, 2017 оны Б/54 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох болон цалин хөлсний зөрүү 4.308.294 төгрөгийн хохирлыг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах гэж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож гэрээнд заажээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч Т ЗД Ж.Батжаргал нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/1106 дугаартай албан бичгээр[1][1] аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг нарт итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг олгосон байгаа болохыг дурьдах зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т ЗДд холбогдох захиргааны хэрэгийн нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож 01/02 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1][1] Хэргийн 39 дэх хуудас