| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0835/З |
| Дугаар | 221/МА2026/0151 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0151
Э.М-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.М
Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга,
Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд Г.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0968 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А
Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0835/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М нь Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0968 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3, 56.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.М-ын Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан "Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь давж заалдах гомдолдоо:
“...2012, 2013, 2015 онуудад миний гаргасан газар эзэмших тухай өргөдлүүд нь тухайн үед засаг даргын цохолттойгоор хүлээн авсан албан ёсны баримтууд байсан боловч олон жилийн хугацаанд захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалт, хяналтгүй байдлын улмаас эх хувь нь алга болсон. Эдгээр өргөдлийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтад тооцоогүй нь нотлох баримт хадгалах үүргийг захиргааны байгууллага хүлээдэг гэсэн суурь зарчмыг зөрчсөн процессын ноцтой алдаа гэж үзэж байна.
Мөн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа газар эзэмших хүсэлт гаргасан талаарх тайлбарыг нотлох баримтаар батлагдаагүй гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа миний хүсэлтүүдийг үгүйсгээгүй бөгөөд энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын нэг хэлбэр болох талуудын тайлбар мөн болохыг шүүх анхаараагүй.
2012 оноос хойш маргаан бүхий газрыг хамарсан тухайн хороог нэг байцаагч тасралтгүй хариуцаж ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтүүдийг мэдэхгүй байх боломжгүй. Гэтэл 2022 онд гуравдагч этгээд Г.У-ийн хүсэлтийг өөр, хэн болох нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байцаагч хүлээн авч, өмнөх хүсэлтүүдийг харгалзахгүйгээр бүртгэн шийдвэрлэх шатанд оруулсан нь захиргааны байгууллагын институцийн тасралтгүй байдлын зарчимд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч миний зүгээс маргаан бүхий газрыг удаа дараа хуульд заасан журмаар хүсэхэд захиргааны байгууллага амаар “өгөх боломжгүй" гэж хариулж, бүртгэлд санаатайгаар тусгасан, тусгаагүй бүрхэг байдал олон жил үргэлжилсэн. Харин гуравдагч этгээд тухайн газрыг “манай хашаа” гэж бодит байдалд нийцэхгүй тайлбар өгч, анх удаа хүсэлт гаргахад ямар байцаагч хүлээн авсан нь тодорхойгүй нөхцөлд хүсэлтийг бүртгэн, олгохоор шийдвэрлэх шатанд хүргэсэн нь ижил нөхцөлд буй иргэдэд өөр өөрөөр хандсан, ашиг сонирхлын тэгш, шударга зарчимд нийцэхгүй үйлдэл юм.
Дээрх нөхцөлүүдээс үзэхэд хариуцагч байгууллага миний гаргасан хүсэлтүүдэд албан ёсны шийдвэр гаргаагүй байдал нь нэг удаагийн бус, өнөөг хүртэл үргэлжилж буй эс үйлдэхүй бөгөөд гомдол гаргах хугацааг тасалж тооцох боломжгүй юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Э.М-аас Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012, 2013, 2015, 2020 онуудад удаа дараа гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 342 м.кв талбай бүхий газрын эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012, 2013, 2015, 2020 онуудад Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2 хороо хариуцсан О.А гэдэг байцаагчид удаа дараа гараар бичсэн өргөдөл өгч байсан хариуд нь өгөх боломжгүй гэж шийдвэрлэдэггүй байсан...” гэж тайлбарладаг, үүнийг хариуцагч захиргааны байгууллагуудаас эс зөвшөөрч “... 2012, 2013, 2015, 2020 онд шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэлгүй байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь 01113-05-01346-24 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна.” гэж маргадаг.
2.2. Анхан шатны шүүх “...Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2012, 2014, 2020 онд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүдэд албан хариу өгөөгүй ба зөвхөн нэхэмжлэгчийн 2024 онд гаргасан хүсэлтийн хариуг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14/128 дугаар албан бичгээр хүргүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2013, 2015 онд хариуцагчид хандсан гэх нотлох баримт байхгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд маргаан бүхий газрыг хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын мэргэжилтэн О.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог... нэхэмжлэгчийн 2012, 2014, 2020 оны хооронд гаргасан маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна...шүүхэд нэхэмжлэл гаргах эрх дуусгавар болсон...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.3. Учир нь анхан шатны шүүхээс ”Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлтийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2012 оны 09 дүгээр сарын 20, 2014 оны 08 дугаар сарын 06, 2020 оны 08 дугаар сарын 14, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд, Налайх дүүргийн Засаг даргад 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус хандсан байдаг” гэж дүгнэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус хүсэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
2.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байршилд буюу Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах 342 м.кв талбайг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч Э.М 2012, 2013, 2015, 2020 онуудад гаргасан эсэх талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр зайлшгүй цуглуулах шаардлагатай байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авах нь хариуцагч байгууллагуудын “газар эзэмших хүсэлтийг тус онуудад өгөөгүй, бүртгэгдээгүй” гэх тайлбар үндэслэлтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 34.3-д Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.”, 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.” 38.3-т “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна.”, 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж тус тус заасан.
2.6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
2.7. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.М 2012, 2013, 2015, 2020 онуудад газар эзэмших хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргаж байсан эсэх, мөн тус хүсэлтүүд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.” гэж заасны дагуу бүртгэгдсэн эсэхийг тодруулахгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байхаас гадна анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
2.8. Тодруулбал, анхан шатны шүүх Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл бүртгэлийн систем, бүртгэлийн дэвтэр зэрэгт баримт бичгийн үзлэг хийх, нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн талаар ямар байдлаар тэмдэглэгдсэн талаарх лавлагааг гаргуулан авах, гэрч асуух буюу бусад байдлаар нотлох баримт цуглуулах замаар энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжтой.
Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтүүд Газар зохион байгуулалтын албанд бүртгэгдсэн эсэх, хэрвээ бүртгэгдсэн байвал тус хүсэлтүүдэд хэрхэн хариу өгсөн эсэх талаар тодруулаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА