Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 975

 

С.Р-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00485 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Р-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.З-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: Нэхэмжлэгч С.Р  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Р миний бие “Ө ф” ХХК-ийн хохирогч бөгөөд хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч Б.З-тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгөөр миний нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж бүх шатны шүүх хуралдаанд оролцохоор тохиролцсон. Улмаар урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө төлсөн. Гэвч өмгөөлөгч Б.З нь хариуцсан үүрэгтээ хайнга хандан надад нэхэмжлэл бичиж өгснөөс өөрөөр ажиллагаа хийгээгүй. Шүүхийн тогтоолоор байрыг битүүмжлэх арга хэмжээг хүчингүй болгосон байхад дахин хүсэлт гаргаагүй. Энэ тухай удаа дараа шүүхэд хүсэлт гаргахыг хүссэн ч өмгөөлөгч Б.З хүсэлт гаргаагүй. Шүүх хурал давхацсан гээд шүүх хуралдаанд ирээгүй хойшилсон. Гэтэл хурлын дараа түүний ажлаар очиход тэрээр ямар ч хуралгүй өрөөндөө сууж байсан. Иймд хууль зүйн туслалцааг үзүүлэхгүй байсан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа бичгээр түүнд өгсөн. Дараа нь би шүүхэд өөрөө хүсэлтээ гаргаж, орон сууцыг битүүмжлүүлсэн. Энэ хооронд байрыг бусдад худалдсан гэж “Ө ф” ХХК-ийн төлөөлөгч хэлсэн. Б.З уг хэрэгт ямар ч ажиллагаа хийгээгүй, гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул урьдчилгаанд төлсөн 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.З шүүх бичгээр хариу тайлбар ирүүлээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д зааснаар хариуцагч Б.З-с 333.334 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Р-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 666.666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч С.Р давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Б.З нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 10 дугаар 02-ны-2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул миний бие 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээнээс хуулийн дагуу татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.З нь туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул гурав дахь этгээдтэй гэрээ байгуулан, ажлын хөлс 650 000 төгрөг төлсөн бөгөөд холбогдох материалыг шүүхэд гаргаж өгсөн болно. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4-т заасны дагуу урьдчилгаа авсан этгээд үүргээ биелүүлээгүй бол авсан урьдчилгаагаа буцааж өгөх бөгөөд энэ тохилдолд урьдчилгаа өгсөн этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Б.З нь эрх зүйн туслалцаа үзүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч С.Р нь хариуцагч Б.З-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт төлсөн 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.З нь С.Р-д хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч С.Р нь 2 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

            Хариуцагч Б.З гэрээнд заасан хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээг бүрэн үзүүлснээ нотлоогүй байна. Иймд С.Р Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээ цуцлах санал гаргах эрхтэй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цуцлах тухай мэдэгдлийг Б.З-д өгсөн  нь хэрэгт баримтаар авагдсан ба хариуцагч Б.З нь нэхэмжлэгчийн гэрээ цуцлах мэдэгдэлд хариу өгөөгүй  тул нэхэмжлэгч С.Р нь нь гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр  шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэг үүснэ.

            Талуудын хоорондох хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулагч нь 1 000 000 төгрөгийн хөлс төлсөн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.З-с гаргуулж, нэхэмжлэгч С.Р-д олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.З нь Р.Туяагийн нэхэмжлэлтэй “Ө ф” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь оролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.   

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг  хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.