Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт байрлах “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Ч.М,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, У овогт Д.О нарт холбогдох

“Үндсэн зээл 5,978,289 төгрөг, үндсэн хүү 9,080,449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,540 төгрөг нийт 16,792,278  төгрөг гаргуулах, эс төлбөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Ч.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ч.М, Д.О нар  нь “Г” Хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбартай 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн шугамын ЗГ/08 тоот зээлийн гэрээ, БГ/08 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 6,500,000 /Зургаан сая таван зуун мянган / төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20 /хорин/ хувь 24 сарын хугацаатай, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэмэлтээр ЗГ/08/01 гэрээг байгуулан 22 сарын хугацаагаар сунган 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууц, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... дугаартай, ... нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Зээлийн гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 6,500,00 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөс өөрийн хүсэлтийн дагуу шимтгэл нэг хувь буюу 65,000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг зээлдэгчид бэлнээр кассын зарлагын баримтыг үндэслэн 6,435,000 төгрөгийг олгосон. Зээлдэгч нь ЗГ/08 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа ... дугаарын утсаар холбогдсон, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны Замын-Үүд салбарт ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 5,978,289 төгрөг, үндсэн хүү 9,080,449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,540 нийт 16,792,278 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 талуудын хооронд байгуулсан ЗГ/08 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл үндсэн зээл 5,978,289 /таван сая есөн зуун далан найман мянга хоёр зуун наян есөн / төгрөг, үндсэн хүү 9,080,449 /есөн сая наян мянга дөрвөн зуун дөчин есөн / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,540 /нэг сая долоон гучин гурван төгрөг таван зуун дөчин/ төгрөг, нийт 16,792,278 төгрөг болно. Тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ... дугаартай, ... нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Иймд Ч.М, Д.О нартай байгуулсан ЗГ/08 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 16,792,278 /арван зургаан сая долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун далан найман / төгрөгийг Ч.М, Д.О нараас гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “... “Г” ХЗХ-ноос Ч.М, Д.О нараас үндсэн зээл 5,978,289 төгрөг, үндсэн хүү 9,080,449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,540 төгрөг нийт 16,792,278 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүү 1,733,540 төгрөгнөөс татгалзаж 15,058,738 төгрөгийг гаргуулахаар шийдэв. Иймд тус төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Замын-Үүд сум 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ... дугаартай, ... нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчаас төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар нь хариуцагч Ч.М, Д.О нарт холбогдуулан үндсэн зээл 5,978,289 төгрөг, үндсэн хүү 9,080,449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,540 төгрөг нийт 16,792,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар нь нийт 16,792,278 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн хүү 1,733,540 төгрөгний шаардлагаас татгалзаж, үндсэн зээл 5,978,289 төгрөг, хүү 9,080,449 төгрөг нийт 15,058,738 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.М, Д.О нар нь уг төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах, хэрэв барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, Ч.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг нийт 16,792,278 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д 1,733,540 төгрөгний шаардлагаас татгалзаж, 15,058,738 төгрөгийг хариуцагч Д.О, Ч.М нар нь 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.М, Д.О нар нь 15,058,738 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ... дугаартай, ... нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэрэг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,911.39 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.М, Д.О нараас 233,243.69 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбарт олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                    Б.Н