Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/299

 

 

                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2238003700087 дугаартай хэргийг 2023 оны  7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б-,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Дайхийн Даваа гэх газраас 2022 оны 8 дугаар сарын үеэр өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 4 ширхэг хуурай мод бэлтгэж өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 763.603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003700087 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б- нь 2022 оны 8 дугаар сард зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Дайхийн Даваа гэх газраас шинэс төрлийн  хуурай ургаа 4 ширхэг мод хөрөөдөн 4.5276 метр куб мод бэлтгэсэн нь  эрх бүхий байгууллагын хяналтаар  илэрсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Дайхийн даваа гэх газарт албаны тээврийн хэрэгслээр ирэхэд цас орсон нөхцөл байдалтай мод бэлтгэсэн гэх газар нь уулын ар хэсэгт мод бэлтгэсэн модны хожуулыг хэмжиж үзэв. Унаг модноос тайрч авсан ул мөртэй мод бэлтгэл явагдаад удсан ямар нэгэн шинээр мод бэлтгэсэн зүйлгүй цастай байв. Уг газрын байршлыг Garmin GPS-ээр цэг авахад N 50.12.36.6, E 099.51.09.6 цэгийг зааж байв. Мод огтолсон гэх унаг хожуулыг 1-4 хүртэл дугаарлаж хэмжилт хийв. 1 дугаартай модны хожуулыг хэмжихэд үмхэрсэн хожуул байв. Диаметр 28 см, өндөр нь 111 см, 2 дугаартай унаг модны диаметр 31 см, хожуулны газар унасан урт нь 2 м 70 см, 3 дугаар унаг модны диаметр 39 см, газарт үлдсэн хэсэг нь 1 м  21 см, 4 дугаартай унаг модны диаметр 33 см, унасан унаг модны урт 2 см 61 см байв. Мод бэлтгэсэн газар нь уулын ар хэсэг буюу ойн сан бүхий газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Салхины шил, гэрэл дохио бүрэн бүтэн, хойд талдаа давхар дугуйтай, гадна үзэмж будаг нь халцарч зурагдсан хуучин, тэвшин дээрээ 2.45м х 1.68м х 1.1 метр хэмжээтэй, нийт 31 ширхэг бүдүүн нарийн нийлсэн түлшний хуурай шинэс мод ачсан байна. Тээврийн хэрэгсэл ачааг үзэхэд хэвийн асаж, явж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 тал/,

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн “эд мөрийн баримтыг битүүмжлэх тухай” санал /хх-ийн 21 тал/,

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 22 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 26 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Очирхуягийн өгсөн: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Нийт нөхөн төлбөр нь 2.290.806 төгрөг гэж тооцогдсон юм байна. Тухайн мөнгийг л нэхэмжилнэ... Манай сум нэг айл өрхөд жилдээ 14м/куб түлшний мод бэлтгэх эрх олгож өрхийн гоожин өгдөг юм. П.Б-ын тухайд бол 2022 оны өрхийн гоожингоо аваагүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сард ирж 2022 оны өрхийн гоожингоо авсан. 2022 онд бол ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн гэж үзэхээр байгаа юм. Би өөрөө Ужиг 2 дугаар багийг хариуцдаг байгаль хамгаалагч байгаа юм... Оны эцэс болоод бид нар тайлан тооцоогоо гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын эхээр үнэт цаасны төлбөр тооцоогоо хийх болоод Б- руу залгаж өрхийн гоожингоо авах юм уу, тайлан тооцоогоо шахаж байна гэж асуухад өөрөө авья гээд ирж авсан. Тэрнээс бол тухайн өрхийн гоожин бол 2022 ондоо л хүчинтэй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч Ж.П-ийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө замын зохицуулагч цагдаагаар ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын үед Хатгал тосгоны чиглэлийн замаар Мөрөн сум руу түлээ ачсан портер маркийн автомашины орж байгаа харагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл 4 дүгээр хорооны арын гудамжаар яваад орохоор нь очиж шалгахад ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн түлшний мод тээвэрлэж байсан бөгөөд ямар нэгэн бичиг баримтгүй байсан тул зөрчилтэй гэж үзэж мод ачсан тээврийн хэрэгслийг нь түр саатуулж ажилласан. Тухайн жолооч ганцаараа явсан бөгөөд Алаг-Эрдэнэ сумаас түшний мод ачиж гэртээ буулгах гэж яваа юм. Яагаад зав зай болоогүй болохоор бичиг баримт аваагүй шууд ачаад хүрээд ирлээ гэсэн юм ярьж байсан. Тухайн жолоочийг шалгах үед ямар ч гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг энэ тэр байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай:...Иргэн П.Б- модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4,5276 м3 түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Алаг-Эрдэнэ сумын "Дайхийн даваа” гэх газрыг Алаг-Эрдэнэ сумын байгаль хамгаалагч Н.Очирхуяг /92160263/-аас торуулахад хамгаалалтын бүсийн 1 дүгээр муж ойд хамаарч байна.

П.Б-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ 168655 төгрөг, модны хэмжээ  4.5276 м3, экологи эдийн засгийн үнэлгээ 763602 төгрөг, Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт / иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно./-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт- /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна.

Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эднйн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Алаг-Эрдэнэ сумын “Дайхийн даваа” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

Бөөрөнхий мопон материалын хэмжилтийн  хүснэгт /хх-ийн 46 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн: “...Экологи-эдийн засгийн үнэлгээ 763602 төгрөг, Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 2.290.806 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

 Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №2345617200142 дугаартай: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн П.Б-ын ... улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 5.600.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан /хх-ийн 67-68 тал/,

Улсын байцаагчийн тайлбар /хх-ийн 53 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Гэрч  Н.Т-гийн өгсөн: “Б- гэдэг хүнийг сайн танихгүй, надаас 2022 оны 8 дугаар сарын үед намар ... улсын дугаартай, хөх өнгийн портер маркийн машин худалдаж авсан. Надад одоо 1.500.000 төгрөг өгөх дутуу байгаа. Тийм болохоор би машинаа шилжүүлж өгөөгүй байгаа юм. Тэр хүнтэйгээ холбогдож уулзаад дутуу мөнгө төрөгний тооцоог ярилцаж шийдэж болох байхаа. Оны өмнө нэг ярьсан чинь аав нь өвчтэй, бие муу байна гээд хойшлуулсан юм. Би тухайн машинаа Б-д 4.800.000 төгрөгөөр зарснаас надад одоо 1.500.000 төгрөг өгөх дутуу байгаа. Надад Б- 3.300.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн  ойн бүсийн газрын байршилын мэдээлэл бүхий баримт /хх-ийн  97 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Даахийн даваа гэх газраас түлшний мод бэлтгэж гэрийнхээ гадаа аваачиж хураасан байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 21-нд манай Мөрөн суманд байдаг эхнэр хүүхэд түлшний модгүй болчихлоо гэхээр нь тэр гадна байсан түлээгээ ачиж аваад Мөрөн сум руу орж ирж 4 дүгээр хороонд явж байгаад цагдаад саатуулагдсан. Би тухайн өдөр орой малаа хотлуулчихаад орой түлээгээ ачаад Алаг-Эрдэнэ сум орсон чинь аавын бие жаахан тааруу байсан болохоор би яараад гоожин, зөвшөөрлийн бичиг энэ тэр авахгүй шууд Мөрөн явчихсан юм. Би тухайн түлээг ачиж явах үедээ ямар нэгэн зөвшөөрлийн бичиг, гарал үүслийн бичиггүй байсан. Ийм асуудал болсон... Би ямар нэгэн гоожин, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Би 2022 оны гоожингийн мөнгөө төлчихсөн болохоор гоожин гарчихсан гэж бодсон боловч тэрийгээ аваагүй болохоор бас болохгүй л юм шиг байна. Би яг өөртөө өрхийн гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй байсан. Гэхдээ мөнгөө яг хэзээ төлснөө бас сайн санахгүй байна. Ямар ч байсан 2022 онд өрхийн гоожингийн мөнгөө тушаачихсан байсан... Би ганцаараа модоо бэлтгэсэн. Хөдөө гэртээ ганцаараа малаа маллаж амьдардаг юм. Тухайн модыг бэлтгэхдээ өөрийн хөх өнгийн моторт хөрөө ашигласан... Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны хавар Тэлмэн гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм... Би босоо мод ер унагаагүй. Дан унанги мод бэлтгэсэн. Экологийн байцаагч гээд хүн ирэхээр нь тэр хожуулнуудаад ч зааж үзүүлсэн. Зарим нэг хожуул газарт унасан мөртлөө тахийгаад босчихсон байрлалтай болохоор тэр нь босоо мод шиг харагдаж байгаа байхаа. Зураг хүртэл дарж аваад явсан шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.    

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Очирхуягийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Дайхийн Даваа гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байхад П.Б- нь Дайхийн даваа гэх  газраас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэснийг гэрчилж өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч Ж.П-ийн эргүүл, хяналтын  үүрэг гүйцэтгэж байх явцдаа 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн  явж байхад  нь шалгасан, гэрчилж  өгсөн Ж.П-ийн мэдүүлэг,  түүний бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс төрлийн түлээний хуурай 4.5276 м3  хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 168655 төгрөг, нөхөн төлбөр нь 763602 төгрөг болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн  шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт,  хэрэг учралын газарт болон мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын  өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч П.Б-ын  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч П.Б- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч П.Б- нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, тээвэрлэсэн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-ыг 2022 оны 8 дугаар сард зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Дайхийн Даваа гэх газраас шинэс төрлийн  хуурай ургаа 4 ширхэг мод хөрөөдөн 4.5276 метр куб мод бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 763.602 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2.290.806 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч П.Б- нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул 2.290.806 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:“...Тухайн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 70-72 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Б-ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Прокурорын 2023 оны 3 дугаар  сарын 07-ны өдрийн 08 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл нь Н.Т-гийн эзэмшилийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан П.Б-ын мэдүүлэг /хх-ийн 68 тал/, гэрч Н.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 79 тал, шүүхийн хэлэлцүүлэгт П.Б-ын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн Ихэрмөрөн-Аудит хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03ы өдрийн №2345617200142 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 5.600.000 төгрөгийн үнэлгээтэй ... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.600.000 төгрөгийг П.Б-аас гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын төсөвт шилжүүлэхийг,

Гэмт хэрэг үйлдэж олсон 4.5276 метр куб хэмжээтэй шинэс төрлийн 2.290.806  төгрөгийн үнэлгээ бүхий модыг  хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Мөн Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэтгэх  гэмт хэргийг  үйлдсэнд  гэм  буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 4 (дөрөв) сарын дотор төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч П.Б-аас 2.290.806 (хоёр сая хоёр зуун ерэн мянга найман зуун зургаа) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/  Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 3 дугаар  сарын 07-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ, 5.600.000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийг  шүүгдэгч П.Б-аас гаргуулж, экологи эдийн засгийн хохирол 2.290.806 /хоёр сая хоёр зуун ерэн мянга найман зуун зургаа/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын төсөвт шилжүүлэхийг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 4.5276 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг  хурааж, улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн 2238003700087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭОЧИР