Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0169

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай     

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал  

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн   

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа   

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Б.А   

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч Б.А    

          Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П

          Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай   

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0119     

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б

         Хариуцагч О.П

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

          Хэргийн индекс: 128/2025/1124/3        

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч Б.А нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П-д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.             

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0119 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын Улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.     

              3. Давж заалдах гомдлын агуулга:   

              Гомдол гаргагч Б.А  давж заалдах гомдолдоо:      

“...Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/XT2025/0084 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 (нэг) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай" гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/0084 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн 19-д "... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулж, дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 1 (нэг) сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дүгнэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч О.П нь Улсын дээд шүүхийн тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тогтоолыг гардаж аваад 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсыг дахин үйлдсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан "...дахин шинэ акт гаргах..." гэх ойлголт нь зөвхөн шийтгэлийн хуудсыг шинээр гаргах бус шүүхээс заасан хугацаанд шийдвэр гаргахад шаардлагатай зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа (нотлох баримт цуглуулах, гэрч асуух, мэдүүлэг авах зэрэг) дахин явуулсны үндсэн дээр явагдах ёстой гэж ойлгож байгаа бөгөөд дахин ийм ажиллагаа хийхгүйгээр шийтгэлийн хуудсыг үйлдэж гардуулсан нь холбогдогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Анхан шатны шүүхээс дахин ийм ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч холбогдогчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/XT2025/0084 дүгээр тогтоолыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагч хэрэгжүүлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журам болон зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх тусгайлсан зохицуулалтыг үгүйсгэсэн шийдвэр болжээ. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудас нь сөрөг нөлөө бүхий захиргааны акт болохын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг хийх нь холбогдогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чухал ач холбогдолтой байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү.” гэв.    

ХЯНАВАЛ:      

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Гомдол гаргагч Б.А нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П-д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.    

          3. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2506001044 дүгээр тогтоолоор Б.А-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0915860 дугаартай шийтгэлийн хуудас (маягт-2)-аар Б.А-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/0084 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ “...Нэгэнт гомдол гаргагч нь "... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй" зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тохиолдолд, хариуцагч татварын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар Б.А-д холбогдуулан гаргасан зөрчилд нь шийтгэлийн төрөл болох торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа хялбаршуулсан журмын маягтыг хэрэглэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн хэдий ч энэ нь зөрчлийг бүхэлд нь болон холбогдогчид арга хэмжээ оногдуулах үндэслэлийг үгүйсгэх, цаашилбал шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй...” гэж тодорхой дүгнэсэн[1].  

5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/0084 дүгээр тогтоолыг гардан авснаас хойш 2 хоногийн дараа[2] маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудас /маягт 1/-ыг гаргажээ[3].

            6. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийг дээрх тогтоолыг биелүүлж 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудсыг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааг дахин явуулаагүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шинэ нотлох баримт гаргуулах, бусад ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхийг хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй.     

            7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж заасан.

            8. Тодруулбал, гомдол гаргагч Б.А-г сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь өмнө зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/0084 дүгээр тогтоолоор нэгэнт дүгнэсэн байгаа энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах үндэслэлгүй, мөн хариуцагч дээрх тогтоолыг биелүүлж хялбаршуулсан журмын маягтыг хэрэглэсэн зөрчлөө арилган 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0044674 дүгээр шийтгэлийн хуудас /маягт 1/-ыг үйлдэн гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн байна.   

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.А-гаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ   

 

                                  ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН  

 

                                 ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] 128/2025/0326/3 индекс бүхий захиргааны хэргийн 211-215 хуудас   

[2] 128/2025/0326/3 индекс бүхий захиргааны хэргийн 216 хуудас

[3] Хавтаст хэргийн 7 дахь тал