Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Т.Энхмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тогоогийн Энхмөнхөд холбогдох эрүүгийн 201719000062 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1982 оны 06 сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт  Төв аймгийн Сэргэлэн сум 4 дүгээр баг03-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Тогоогийн Энхмөнх /РД:НС82062978/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Энхмөнх нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг сумын төвд 2017 оны 01 сарын 12-ны орой Б.Дамбийтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Дамбийгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Т.Энхмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Дамбий хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Төв аймгийн Сэргэлэн сумын төвд 2017 оны 01 дүгээр сарын 12-нд эмээ Чанцалдуламын гэрээс 22 цагийн орчим гараад гэр лүү харих гээд явж байсан чинь гудамжинд хоёр хүн зогсож байсан. Би яваад очсон чинь хүргэн ах Энхмөнх Батбаатар ах нар дүү хаачихан бэ? гэсэн би харих гэж байна гэсэн. Тэгсэн Т.Энхмөнх ах чи яах гээд байна гэсэн би Энхмөнх ахыг та архи их уусан байна харьж амрахгүй юм уу? гэж хэлсэн. Тэгсэн чамд хамаагүй гэсэн би тэгэхээр нь пизда миний яасан хаашаа юм гэж хэлсэн тэгээд цаашаа явсан чинь араас Энхмөнх ах ирээд чи юу гээд байгаа юм гэсэн яах гээд байгаа гээд над руу тэгээд би өөдөөс нь заамдаад авсан чинь хоёулаа барьцалдаж аваад Энхмөнх ах намайг цохиод би гулгаад газар унаад тэгсэн миний дээрээс Энхмөнх ах цохиод тэгтэл Батбаатар ах ирээд салгаад эмээ мөн ирээд намайг аваад гэрлүү орсон юм. Энхмөнх ахыг би архи уугаад харихгүй гэж пизда гэж хэлсэн юм. Тэгээд тэрнээс болоод Энхмөнх ах намайг пиздаа гэлээ гээд бид хоёр маргалдаад би Энхмөнх ахыг барьж аваад тэгээд Энхмөнх ах намайг гараараа нүүр лүү хоёр удаа цохиж зодсон юм.  .. Миний уруул язарсан толгой өвдөж байсан одоо өвдөж байгаа зүйл байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энхмөнх ахтай сайн дураараа эвлэрч байна” гэсэн мэдүүлэг /хх-14 тал/,

 

Гэрч М.Батбаатар хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “Төв аймгийн Сэргэлэн сумын төвд 2017 оны 01 дүгээр сарын 12-нд орой 22 цагийн орчим гудамжинд дэлгүүрийн хажууд зогсож байсан чинь сумын Дамбий гээд дүү явж байсан намайг хүртэл хэд хоногийн өмнө олон хүмүүсийн өмнө шамбий гээд Дамбий дуудаад  байсан юм би Дамбийг битгий ахыгаа шамбий гэж хэлж байгаарай гэж хэлээд би цаашаа дэлгүүр орох гээд яваад дэлгүүр ороод гараад ирсэн чинь надтай цуг явсан Энхмөнх Дамбийтай барьцалдаад зогсож байсан тэгээд би очиж шалгаад Дамбийг эмээ нь ирээд аваад явсан юм. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Энхмөнх надтай хамт зогсож байхад Дамбий, Энхмөнх нар хэрэлдэж маргалдаагүй би дэлгүүр ороод гараад ирсэн чинь барьцалдаад зогсож байсан хэн хэнийгээ биеийнхэн хаана цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тэр зодоон болох үед Энхмөнх архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Дамбий архи уугаагүй байсан байх. Энхмөнх, Дамбий хоёр маргалдахад хажууд нь хүн байхгүй байсан би дэлгүүрээс гарч ирээд салгасан юм. Дараа нь Дамбийгийн эмээ ирсэн юм”гэсэн мэдүүлэг /хх- 15 тал/,

 

Гэрч Х.Чанцалдулам хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Төв аймгийн Сэргэлэн сумын төвд гэртээ байхад 2017 оны 01 сарын 12-ны орой ач хүү Дамбий орж ирээд байж байгаад 22 цагийн орчим харих гээд манай гэрээс гараад явсан би хашаанд 00-д ороод байж байхад гудамжинд хүн дуугаараад би ач хүүг маань хүн дуудаж байна гэж бодоод хашаанаас гараад харсан чинь ач хүү Дамбийг хоёр хүн дуудаад уулзаад байж байгаа харагдсан тэгээд Дамбий салаад явж байгаа харагдсан тэгтэл араас нь нэг хүн яваад гудамжны цаагуур ороод би араас нь хартал Дамбий тэр хүнтэй барьцалдаад зогсож байсан. Тэгтэл цаанаас хүн ирээд салгасан би наанаас нь очоод Дамбийг аваад гэр лүү явсан юм. Намайг очиход манай хүргэн Энхмөнх ач хүү Дамбийтай барьцалдаад зогсож байсан. Юунаас болж тэр хоср маргалдсан талаар мэдэхгүй байна. Дамбийгийн амнаас цус гарсан байсан. Тэр үед Дамбий архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Энхмөнх архи уусан согтуу байсан. Юунаас болж Дамбий, Энхмөнх нар маргалдсан талаар мэдэхгүй байна. Дамбий манай ач хүү, Энхмөнх манай хүргэн байгаа юм. Зодоон болоход цаанаас Батбаатар ирж салгасан юм. Өөр хүн байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-16 тал/,

 

-Б.Дамбийгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5-6 тал/,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-07 тал/,

-Төв аймгийн засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд /Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №42 тоот акт:

1.Б.Дамбийгийн биед дээд уруулны салтанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-18 тал/,

 

            -Т.Энхмөнхийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр сэжигтнээр /хх-22-23 тал/, 2017 оны 01 сарын 25-ны өдөр яллагдагчаар /хх-26 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - Т.Энхмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-33 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Энхмөнх нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг сумын төвд 2017 оны 01 сарын 12-ны орой Б.Дамбийтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Дамбийгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Дамбий, гэрч М.Батбаатар, Х.Чанцалдулам нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №42 тоот акт, шүүгдэгч Т.Энхмөнхийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Т.Энхмөнхийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Энхмөнхөд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Насанд хүрээгүй хохирогч Б.Дамбий болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Чанцалдулам нар нь шүүгдэгч Т.Энхмөнхтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.         

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Энхмөнх нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Тогоогийн Энхмөнхөд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Т.Энхмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Энхмөнхөд нь бусдад төлөх төлбөргүй, 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

          5.Т.Энхмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Энхмөнхөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ