Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 07

 

                                                                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгох”, “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерийг дахин зарлаж зохион байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2021/0002/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Г.Ц, гуравдагч этгээд Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Захиалагч “Э” ТӨҮГ “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерийг 2020.09.03-ны өдөр зарлаж, 2020.09.03-ны өдөр материалаа нээсэн.

Тендерт “Р” ХХК болон “Д” ХХК-ууд оролцсон. “Э” ТӨҮГ-аас 2020.10.14-ний өдрийн албан бичгээр тендерт оролцогч нар аль аль материалын шаардлагыг хангаагүй, тэнцээгүй тухай албан бичгийг хүргүүлсэн. Үүнд: 1. “Д” ХХК нь “Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ” гэх шаардлагыг хангаагүй тул шалгараагүй.

2. “Р” ХХК нь “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, шимтгэл, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна” гэх шаардлагыг хангаагүй тул шалгараагүй.

Гэтэл “Э” ТӨҮГ-аас 2020.10.29-ний өдрийн албан бичгээр “Тендер хүчинтэй байх хугацаа”-г сунгасан бөгөөд уг сунгасан хугацаанд “Р” ХХК-ийг татварын өргүй гэх баримтыг хаа нэгэн газраас олж /гэнэт өргүй болж хувирсан, нөхөж материал авсан эсхүл хуурамч баримтад үндэслэсэн/ 2020.11.10-ны өдрийн шийдвэрээр ялагчаар шалгаруулсан байна. Ингэхдээ захиалагч “Э” ТӨҮГ болон “Э” ТӨҮГ-ын ТҮХ нь “Д” ХХК-д материалаа нөхөн бүрдүүлэх боломж олгоогүй буюу манай компаниас материал аваагүй атлаа “Р” ХХК-ийн татварын өр төлөгдсөн, зөрчилгүй болсон гэх баримтыг нөхөж бүрдүүлсэн байна. Энэ талаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч өмнө нь энэ гомдлыг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан. Хууль бус гэхийн учир нь өмнө нь “Д” ХХК гомдол гаргаагүй, “Р” ХХК гомдол гаргаж, гомдлоо шийдвэрлүүлсэн нь манай компанид хамааралгүй юм. Гэтэл “Р” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн тул танай гомдлыг буцаалаа хэмээн Сангийн яам хариу өгсөн нь үндэслэлгүй юм. “Э” ТӨҮГ-ын ТҮХ нь татварын өргүй компанийг шаардлага хангасан гэж үзэж ялагчаар шалгаруулсан. Шаардлага хангах оролцогч байхгүй байхад хууль бусаар “Р” ХХК-ийг шалгаруулсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу захиалагч “Э” ТӨҮГ тендерийг дахин зохион байгуулах, шударгаар өрсөлдөх эрхийг оролцогч нарт эдлүүлэх шаардлагатай байна”[1]

Нэхэмжлэгч “Д” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан гэж үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны шийдвэр нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байна.

Иймд нэхэмжлэлийн хоёр шаардлагын эхний шаардлага болох ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийн “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж байна”[2] гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. “Р” ХХК нь татварын өр төлбөргүй байсан гэдэг нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр батлагдаж байгаа учраас маргаанаа дуусгаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Г.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/370 дугаар тушаалаар “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ байгуулагдаж 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны системд 3 багцтай нээлттэй тендер шалгаруулалт зарлаж 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тендерийн нээлт хийсэн. Ундны ус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах багц-1,  тендер шалгаруулалтад “Д” ХХК, “Р” ХХК-ууд оролцож тендерийн материал ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1 /ё/-д заасан барааны жагсаалт ба бараа нийлүүлэгчийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ гэх шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үнэлж, тухайн тендерээс татгалзсан.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь дээрх үндэслэлээр тендерээс татгалзсан ТҮХ-ны шийдвэр, захиалагчийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, эдгээр шийдвэрүүдтэй маргаагүй болох нь тухайн компанийн Сангийн яаманд гаргасан гомдол болон тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Захиалагч Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2.2-т “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, шимтгэл, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх” шаардлагыг тендерт оролцогч нарт тавьсан.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д “Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд ҮХноос тендерт оролцогчийн чадавхийн үнэлгээ хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан мэдээллийг үндэслэл болгоно” гэж заасан.

ТҮХ тендерт оролцогч компаниудын татварын мэдээллийг Монголын Татварын албаны цахим системээс татаж шалгасан бөгөөд “Р” ХХК нь тендертээ 2020 оны 08 дүгээр сарын 30-ны өдрийн 20/84 тоот албан бичгээр “...татварын байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй болохоо мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хавсарган ирүүлсэн боловч татварын цахим системийн мэдээлэлд Ахуйн хэрэглээний ус, рашааны төлбөр 207,609 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул ҮХ “Р” ХХК-ийн тендерээс татгалзаж, захиалагчаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн БД-112-12/7349 тоот албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Р” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/6725 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, тендерт оролцогч 2 компанийн тендерийн баримт материалуудыг татан авч хянасан.

Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/6820 тоот албан бичгээр “...тус компанийн татварын өртэй эсэхийг Татварын ерөнхий газраас тодруулах шаардлагатай байна” гэх үндэслэлээр захиалагчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БД-112-12/7349 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгож дахин үнэлэх талаар мэдэгдсэн. ҮХ Сангийн яамын дээрх албан бичгийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ДҮ-112-12/7552 тоот албан бичгээр тодруулга авахаар Татварын ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/3293 тоот албан бичгээр “...”Р” ХХК нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгосон мэдээллээр татварын өргүй байна” гэх хариу ирүүлсэн.

ҮХ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн “Д” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийсэн тендер ирүүлсэн “Р” ХХК-ийн тендерийг үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно”, 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж зааснаар ҮХ тендерийн баримт бичгийн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд тендерийг хуулийн дагуу үнэлж, дүгнэх зорилгоор тодруулга авах эрхтэй бөгөөд харин тендерийн материалд нэмэлт, өөрчлөлт, засвар оруулахыг хориглодог. Тиймээс Сангийн яамны шийдвэрийн дагуу ҮХ нь “Р” ХХК татварын өртэй эсэх талаарх зөрүүтэй мэдээллийг нягтлах зорилгоор эрх бүхий байгууллага болох Татварын ерөнхий газраас тодруулга авсан тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “...татварын өргүй гэх баримтыг хаа нэгэн газраас олж авсан, татварын өр төлөгдсөн, зөрчилгүй болсон гэх баримтыг нөхөн бүрдүүлсэн, ... “Д” ХХК-д материал нөхөн бүрдүүлэх боломж олгоогүй” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

“Д” ХХК нь анхнаасаа баримт бичгийн бүрдэл дутуу тендерийн материал ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар ҮХ нь тендерийг хянан үзээд шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах үүрэгтэй, харин тендерийн баримт бичигт засвар, өөрчлөлт оруулах, нөхөн бүрдүүлэхийг хориглодог тул “...манай компаниас нэмж материал аваагүй” гэх үндэслэлээр уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

“Э” ТӨҮГ-ын ТҮХ нь “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27-29 дүгээр зүйлд заасны дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, шаардлагад нийцээгүй оролцогчийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчийн тендерийг үнэлж, гэрээ байгуулах эрхийг олгосон тул дахин тендер шалгаруулалт зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[3] гэв.

Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн захирал Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/202012256 тоот “Ундны ус” нийлүүлэх тендерт “Р” компани нь 1, 2 багцад орсон болно. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн цахим тендер байсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БД-112-12/7349 тоот албан бичгээр “Р” компанийг тендерийн хуулийн дагуу татвар, хураамж, шимтгэл, төлбөрөө тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна гэх шаардлагыг бүрэн хангаагүй үндэслэлээр татгалзсан хариу ирсэн болно. Манай компани нь тухайн өдрийн татварын тодорхойлолтоор гарсан “Орхон ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны” төлбөр болох 207690 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 11-д Төрийн  банкинд нэхэмжлэлийн дагуу төлсөн байсан тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хуулийн хугацаанд Сангийн яаманд өргөдөл гаргасан болно.

Тухайн татварыг нэхэмжлэх гарсан сард нь буюу 2020 оны 5 дугаар сарын 21-д 1190401381771 тоот нэхэмжлэлээр Төрийн банкинд төлсөн байсан. Бид тендерт оролцоход татварын цахим сүлжээнээс байгаа нэхэмжлэхүүдийг бүрэн төлж барагдуулж татварын өргүй байсан болно. Татварын цахим системийн алдаанаас болсон гэж үзэж манай компани тухайн татвар төлсөн баримт дээрээ үндэслэн Сангийн яаманд өргөдөл гомдол гаргасан болно.

“Д” ХХК нь нэхэмжлэлдээ “Р” ХХК нь татварын өргүй гэх баримтыг хаа нэгэн газраас олж гэнэт өргүй болсон гэх мөн нөхөж материал авсан эсхүл хуурамч баримтад үндэслэсэн гэж бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ татвар төлсөн баримт, Э-т ирсэн Татварын сүлжээний алдаанаас болоод татагдаагүй байсан нь компани татварын үлдэгдэл буюу нэхэмжлэх харах хэсэгт харагдахгүй байсан. Татвар төлсөн баримт нь тухайн үйлчилгээн дээр нэг удаа нэхэмжлэх үүсч татвараа төлөх болсныг үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүгд мэдэж байгаа. Татвар төлсөн баримтыг хуурамчаар авах боломжгүй бас нөхөж авах боломжгүй тул тухайн компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна гэж үзэж байна.

Тухайн гэрээ хийгдсэнээр манай компани цар тахалтай энэ үед түүхий эдээ 2 сараар нөөцөлж авсан ба түүхий эд нийлүүлэх байнгын гэрээтэй ажиллаж байгаа ба “Д” компанийн нэхэмжилснээр тухайн гэрээг хүчингүй болгосон тохиолдолд манай компани ихээхэн эрсдэл үүрэх алдагдалд орох магадлалтай. “Д” компанийн нэхэмжлэлийг бодит үнэнд нийсэн гэж үзэхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн “Д” компани нь тендерийн хуулийн ямар нэгэн гомдол санал байсан бол Сангийн яаманд гомдол гаргах бүрэн эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна”[4] гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох”, “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерийг дахин зарлаж зохион байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийн “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ““Р” ХХК-ийг татварын өр төлбөртэй байсан эсэх талаарх лавлагааг Орхон аймаг дахь Татварын хэлтсээс гаргуулах” хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна...” гэж зааснаар татвар төлөгчийн татвар төлөлт, өр төлбөрийн талаарх мэдээлэл нь улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул Орхон аймгийн Татварын хэлтсээс “Р” ХХК-ийн татварын өр төлбөрийн талаарх лавлагааг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. “Р” ХХК нь татварын өр төлбөргүй байсан гэдэг нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр батлагдаж байгаа учраас маргаанаа дуусгаж байна” гэж сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/21 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч Б.Т-д нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилэн болон бүхэлд нь татгалзах эрхийг төлөөлүүлэгч нь итгэмжлэлээр олгосон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан учир шүүх хуралдааныг дуусгаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан гаргасан ““Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерт “Р” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгох”, “Ундны ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012256 дугаартай Багц-1, Багц-2 тендерийг дахин зарлаж зохион байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2021/0002/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ

 

[1] ХХ-ийн 1-2 дахь тал.

[2] ХХ-ийн 155 дахь тал.

[3] ХХ-ийн 34-37, 171-172 даь тал.

[4] ХХ-ийн 139-140 дэх тал.