Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

 

 

 

        

   2023        10          17                                         2023/ШЦТ/321

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2338000000383 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Д-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-тэй хадлангийн талбайн асуудлаас болж маргалдан, улмаар биед нь халдаж зодон, хохирогчийн эрүүл мэндэд  тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000383 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-тэй хадлангийн талбайн асуудлаас болж маргалдан улмаар биед нь халдаж зодон, хохирогчийн эрүүл мэндэд  тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 сарын 26-ны өглөө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн төв гэх газар О.Д- нь манай хашааны гадна ирээд өвс хадланг минь хадаж авсан гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би гэртээ байж байтал миний дүү Т.Н-ыг дуудаад байхаар нь дүүгээ гэрээсээ гаргахгүй байсан. О.Д- надад хандаж чи хоёр хүүхэдтэй айлийн амьдрал салгаж суусан гээ биз дээ, чиний нөхрийг нөхөр гэдэг юм уу гэх мэтээр доромжлоод байхаар нь би гарч очсон юм. Би энэ газрыг хадаж байх болно гэхээр нь би энэ газар манай газар гээд бид нар харилцан маргалдаж байтал О.Д-гийн хадам дүү болох Б.Б- миний хоёр гарыг хөдөлгөхгүй барихаар нь О.Д- гүйж ирээд миний баруун талын шанаан тус газар нь нэг удаа цохиж нүүрийг минь маажсан юм. Түүний улмаас миний толгой доргиж өвдсөн. Т.Б- гэдэг хүн мод барьж ирээд хөл рүү цохьсон. Мөн намайг янхан, банзал эрийн дэвсгэр гэх мэтээр хэл амаар доромжилсон.  Миний толгой их өвдөж байгаа, баруун гарын булчин  хөхөрч няцарсан. Баруун шанаан тус газар хумсны олон шарх үүссэн. Зүүн талын хавирга гэмтсэн байна. Намайг О.Д- гараа атгаж байгаад миний баруун талын шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Бас нүүрийг минь маажсан... гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 тал/,

Хохирогч Т.Б- нь эмнэлгийн  тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан баримт  /хх-ийн 21-22 тал/,

Гэрч О.Б-гийн өгсөн: “...Тухайн үед О.Д- Т.Б- нарын хооронд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тэр хоёрыг хэрэлдэж маргалдсан талаар Баянаа гэх хүн ярьж байсан тэр хүнээс л сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Т.Б-ын өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай гэрийн гадаа манай бэр О.Д- Т.Б- хоёр зодолдох гээд барьцалдаж авахад нь Б.Б- гэдэг миний хүү очиж салгасан. Энэ асуудлыг манай хүү Б.Б- харсан. Би барьцалдаж авахыг нь л харсан цохилцож зодолдож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Р.Х-ын өгсөн: “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн төвд 2023 оны 08 сарын 26-ны өглөө манай хашааны ард хүмүүс маргалдаад, хэрэлдээд байсан юм. Би босоод очиход манай эхнэр Т.Б-, О.Д- хоёр хоорондоо маргалдаж байхыг харсан. Тэгээд очиж явахад Т.Б- эгчийн хүү Б.Б- гэдэг залуу манай эхнэр Т.Б-ийн хоёр гарыг нь зөрүүлэн бариад уруу харуулан дарчихсан байхаар нь би очоод Б.Б-ийг чи яаж байгаа юм бэ, наадах чинь эмэгтэй хүн юм байгаа биз дээ гэхэд Б.Б- Т.Б-ийг босгосон. Тэгээд босоод ирэхэд нь Т.Б-ийн баруун талынх нь шанаан тус газар маажсан бололтой хэд хэдэн хумсны ором гарсан нүүрнээс нь цус гарч байсан.  Маргалдсан асуудал нь өмнө нь манай хадам аав Төмөрбаатарын хаддаг байсан хадлангийн талбайд О.Д-гийн нөхөр Батхүү өвс хадсанаас болж энэ асуудал маргаан үүссэн юм. О.Д- гэдэг эмэгтэй Т.Б-ийн нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Б.Б-ийн өгсөн: “...2023 оны 08 сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багт байрлах гэртээ байж байхад манай бэр эгч О.Д- нь хөрш айлын Т.Б-тэй хадлангийн талбайгаас болж хоорондоо маргалдаж, хэрэлдэж байхыг сонсоод би очсон юм. Тэр үед Т.Б- хашаагаа давж гүйж очоод О.Д- эгчийг цохих гэхэд О.Д- эгч цохиулахгүй гээд нүүрнээс нь маажсан. Би тэр хоёрыг зодолдуулахгүй байхын тулд дундуур нь орж цохих гэсэн гараас нь барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэрч Т.Н-ын өгсөн: “...  Би 2023 оны 08 сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багт байрлах хүргэн ах Р.Х-ынд очсон юм. ...Манай эгч Т.Б- О.Д- нар нь харилцан 20-30 минут маргалдсан. Энэ дуу нь байшингаас нь ил сонсогдож байсан. Тэгээд эгч Т.Б- нөхөр Р.Х-ын хамт ирэхдээ нүүр нь маажуулсан байдалтай орж ирсэн. ...” гэх мэдүүлэг хх-ийн 46-47 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Т.Б-ийн эмчилгээ үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,574,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,574,000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Шүүгдэгч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн төвд 2023 оны 08  дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Хадам ээж Т.Б-ын гэрийн гадаа хувцсаа угаагаад зогсож байтал манайхтай хадлангийн маргаан хийгээд байгаа Т.Н- эхнэр хүүхдийнхээ хамт Р.Х- гэдэг айлд ирсэн юм ...Т.Н-ыг хараад хадлангийн талбайн асуудлаар уулзъя гэж бодоод дуудахад намайг тоохгүй шууд Р.Х-ын гэр рүү орсон. Би араас нь очоод Т.Н-ыг дуудахад Т.Н- гэрээс гарч ирэхгүй. байсан. Би бүр гарч ирэхгүй болохоор нь эгч нь болох Т.Б-ийг дуудахад Т.Б- гэрээс гарч ирэхээр нь чи яагаад хөгшин настай хүн гэрээс нь дуудаж загнаад байгаа юм бэ. Та нар яагаад хадлангийн талбай булаацалдаад байгаа юм. Тэр хадлангийн талбай хэний талбай болохоор нь ингээд байгаа юм бэ гэхэд Т.Б- чи муу юу юм бэ чам шиг гуйлгачинд хамаагүй. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хот манайх гэдэг шиг чамд хамаагүй гэхээр нь надад хамаатай гээд бид хоёр хоорондоо хэл амаараа хэн нь хэнийгээ гэхгүй хэрэлдэж байтал Т.Б- хашаагаа даваад үсэрч гарч ирээд цохихоор дайрахаар нь өөрийгөө хамгаалж гараа сарвалзуулахад нүүрэнд нь маажигдсан. Би Т.Б-ийг нэг цохиогүй. Өөрийгөө хамгаалах гэсэн үйлдлээсээ болж нүүрийг нь маажсан байсан. Тэр үед манай хадам дүү Б гүйж ирээд Т.Б-ий хоёр гарынх нь шуунаас барьж авсан. Мөн Т.Б-ийн нөхөр Р.Х- нь гүйж ирээд эхнэрээ салгаж авсан. ...Тухайн үед Т.Б- нь намайг цохих гээд гараа сарвайгаад ирэхээр нь Би Т.Б-ийг хойш нь болгох гээд гарынхаа алга хэсгээр хамар руу нь түлхсэн. Тэгэхэд миний хумс Т.Б-ийн хамар хэсгийг жаахан маажсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  41-42, 72-73 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 447 дугаартай: Т.Б-ийн биед баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 472 дугаартай: Т.Б-ийн биед баруун хацар, баруун шилбэнд зулгаралт нь тус бүрдээ болон нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, тархинд доргилт бүхий гэмтэл нь дангаараа   Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тархины доргилт гэмтэл нь мохоо зүйлээр толгойн тус газар хүчтэй цохих үед үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл нь  дээрх үзлэг хэсгээр батлагдаж байна. Т.Б-ийн биед учирсан тархины доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. №447 тоот дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн  59 тал/,

Шинжээч эмч М.Батмөнхийн: “...472 дугаартай дүгнэлтэд гарсан энэхүү гэмтэл нь цохих, өшиглөх, доргиох зэрэг хүчин зүйлээр үүснэ. Бас мохоо зүйлээр цохих үед үүснэ. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг хамааруулж ойлгоно ... Дагзны болон хүзүүний булчингийн хөшингө, тухайн хүний зовиур, биеийн ерөнхий байдал зэргээс хамаарч тархинд доргилт бүхий гэмтлийг тогтоож байгаа юм  ... Тархинд доргилт бүхий гэмтлийг хүний биеийн баруун талын шанаа хэсэг рүү цохих үед үүснэ. Доргилт бол хэр хүчтэй цохисон гэдгээс шалтгаалж нэг, хоёр, гурав цаашлаад хэдэн ч удаа цохисон байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хохирогч Т.Б-ийн хандан гаргасан өргөдөл /хх-ийн 8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Б-, гэрч О.Б-, Т.Б-, Р.Х-, Т.Б.Б-, Т.Н- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 447 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Аззаягийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-тэй хадлангийн талбайн асуудлаас болж маргалдан улмаар биед нь халдаж зодон, хохирогчийн эрүүл мэндэд  тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Д-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Д-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Т.Б-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уг нь манайхтай хадлангийн талбай булаалцалдсан хүн Т.Н- юм. Тухайн хүн манай нөхрийг боож унагаасан байсан. Тэгээд Т.Б- гэх эмэгтэй манай хадам ээжийнд очиж загнасан байсан. Тухайн өдөр Т.Н- нь эгчийндээ ирэхээр нь би яг хэний хадлангийн талбай эсэх талаар тодруулж асуухаар очоод ийм зүйл болсон. Би өөрийнхөө биеийн хамгаалахын тулд хохирогчийн нүүрийг маажсан нь үнэн, хэрүүл гарснаас хойш хохирогч хурим найранд явсан. Мөн уг хэрэг гарахаас өмнө нөхөртэйгөө маргалдсан байдаг. Миний бодлоор үүнээс болж толгой нь хөдөлсөн байх. Би хохирогчийн толгойнд гэмтэл учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Б-, гэрч О.Б-, Т.Б-, Р.Х-, Т.Б.Б-, Т.Н-ын нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг, шинжээчийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Д-гийн хохирогч Т.Б-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирол төлбөрт хохирогч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардал 68.000 төгрөгийн баримт /хх-ийн 87 тал/ гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Б-д олгож шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан ба иргэний нэхэмжлэгч  Г.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.574.000 төгрөгийг шүүгдэгч О.Д-гаас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч О.Д- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.574.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч О.Д-гаас 1.574.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 75-80 талд авагдсан ... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасныг харгалзан шүүгдэгч О.Д-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2338000000383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Есөн чоно овогт Оюундалайгийн О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оюундалайгийн О.Д-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-гаас 68.000 (жаран найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б- (...)-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Д-гаас 1.574.000 (нэг сая таван зуун далан дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн 2338000000383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР