Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

 

 

 

        

   2023        10          18                                         2023/ШЦТ/323

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох эрүүгийн 2338000000386 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхорын ... тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч А.М- руу “дүү Н-тэй харилцаж чат бичлээ” гэсэн шалтгаанаар чулуу шидэн зүүн гарт нь онож, биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000386 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхорын ... тоот хашаанд насанд хүрээгүй арван найман насанд хүрээгүй хохирогч А.М- руу “дүү Н-тэй харилцаж  чат бичлээ” гэсэн шалтгаанаар чулуу шидэн зүүн гарт нь онож, эрүүл мэндэд нь зүүн шуу, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ын өгсөн: “...Тухайн өдөр би ажил хийгээд нүд өвдөөд байхаар гэртээ орж ирсэн. Манай охин нас бараад 3 хүүхэд нь над дээр байдаг юм. Ээж нь 14 насандаа жирэмсэн болж байсан. Тэгээд би ач охиныхоо фэйсбүүк хаягийг өдөр болгон шалгадаг. Тэгээд би дүүгээс нь эгч нь хэнтэй чаталж байгаа талаар асуухад хажуу айлын хүүхэдтэй чаталж байгаа талаар хэлсэн. Тухайн үед би уусан байсан учир ухаанаа урдаа гаргаж чадсангүй. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 11 цаг өнгөрч байхад хашаан дотроо би ангийнхаа хүүхдүүдтэй хамт гар бөмбөг тоглож байсан. Тэгээд гар бөмбөг тоглож байгаад би бөмбөгөө хашаа давуулсан. Тэгсэн чинь Т-гэдэг манай ангийн хүүхэд давуулсан бөмбөгөө авах гээд манай хашаанаас гарсан. Би тухайн үед ардаас нь бас хашаанаас гарсан. Тэгсэн чинь хажуу айлын хашааны ах машинаараа Т-бид хоёрыг дайрах гэж байсан. Тэгэхээр нь би Тайван-Эрдэнийг хойш нь татаад хашаа руугаа буцаад орсон. Тэгсэн чинь тэр ах том хаалганы урд машинтайгаа ирж зогсоод дараа нь манай хашааг давж орж ирээд манайхаас ойрд юм алга болоод байгаа та нарыг хулгай хийж байгааг мэднэ шүү гэртэй чинь шатааж ална шүү гэж хэлж байсан. Ингэж байснаа тэр ах манай хашаан дотроос чулуу аваад Т-бид хоёр руу шидсэн. Тэгэхээр нь бид хоёр хашааны хаалгаар гараад гудамныхаа үзүүр рүү зугтсан. Тухайн үед бид хоёр гудамныхаа үзүүрт эгч Д.Б-тай тааралдсан. Д.Б- эгчтэй таараад хажуу айлын хашааны ах чулуу шидээд байгаа талаар хэлсэн. Тэгээд бид хоёр Д.Б- эгчээс салаад гудмаа нөгөө талаар бүтэн тойрч гүйгээд үзүүрт нь зогссон. ...Би хашаа руугаа орсон чинь нөгөө хажуу айлын ах Д.Б- эгчийн гэрт байж байсан юм байна лээ. Тэгээд Д.Б- эгчийнхээс гарч ирэхдээ гартаа хоёр том чулуутай байсан. Тэр ах намайг харснаа шууд нөгөө чулуугаа над руу шидэхээр нь доошоо суусан чинь миний зүүн талын гарыг оносон. ...Зүүн гарын зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. 21 хоног сойлттой яваарай гэсэн. ...Гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай хүүхэд А.М- Нэгдсэн эмнэлэг орж гарандаа сойлт хийлгэсэн. Томографикт үзүүлэхэд бага зэрэг цуурсан байна гэж хэлсэн. 21 хоног сойлттой яваарай гэсэн. Манай хүүхэд шөнө өвдөөд байна гээд унтаж өгөхгүй байгаа, А.М-ын эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 35 минутанд миний таньдаг хүн болох Д.Б- над руу залгаад танай хүүхэд А.М-ыг хажуу талын айлын хүн чулуу шидээд гарыг нь хугалчих шиг боллоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ногоо хураалтан дээр байж байгаад гэртээ ирсэн чинь гудамны үзүүрт манай хүүхэд А.М-, ангийн хүүхдүүд болох Б-, С-, Т-нар айсан байдалтай сууж байсан. Тэгээд юу болсон талаар нь А.М-оос асуухад хажуу айлын хүн согтуу над руу чулуу шидээд миний гарыг оночихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд намайг гэртээ байж байхад нөгөө залуу хашаа давж орж ирээд манай гэрт ороод ирсэн. Ингээд байж байхад манай охин Б- гэрт ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүн ах нь дүүгээ айлгахгүй наашаа хүрээд ир гээд манай охинд хэлж байсан. Би бас тухайн үед тэр хүнд хайр дурлал гээд буруу явж байгаа юм бол би хүүхдүүддээ хэлье, уг нь энэ хүүхдүүдээс жаахан хүүхдүүд хайр дурлал гээд явдаг шүү дээ гэж хэлээд байж байсан чинь хашаанд А.М- нь ангийнхаа хүүхдүүдтэй орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө хажуу айлын хашааны хүн гэрээс гараад гартаа байсан чулуугаа их хүчтэй шидсэн. Тэгэхэд нэг чулуу нь А.М-ын зүүн гарыг очоод оносон. Тухайн үед тэр залуу чулуугаа их хүчтэй шидсэн. Би ясыг нь хугарсан байх гэж бодсон. Тош гээд дуу гарч байсан. Ингээд А.М- гараа бариад уйлаад гүйгээд яваад өгсөн. Би Н.Г- рүү залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны манай ангийн хүүхдүүд болох А.М-, Тайван-Эрдэнэ, С- нар хашаан дотор гар бөмбөг тоглож байсан. Би тухайн үед тэд нартай тоглоогүй кино үзээд сууж байсан. Тэгээд нэг харсан чинь нэг нь бөмбөгөө хашаа давуулсан. Т-гарч бөмбөгөө авах гэж байсан. Ингээд би гэртээ байж байхад гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь гэрээсээ гараад харсан чинь ангийн хүүхдүүд хашаан дотор ороод ирсэн. Харин хашааны гаднаас нэг ах  хашаа даваад ороод ирсэн. Орж ирээд тэр ах А.М- руу Хөвсгөлд намайг танихгүй хүн байхгүй, чамайг зүгээр алаад хаяна шүү, манай дүүтэй чат бичсэн байна гэж байсан. Тэгэхэд нь А.М-  “би бичээгүй” гэж хэлсэн чинь  ална шүү гэж хэлээд чулуу аваад шидсэн. Тэгэхдээ тэр чулуу тухайн үедээ А.М-ыг оноогүй. Тэр ахыг чулуу шидэхээр нь А.М-, Тайван-Эрдэнэ, С- гурав хашаанаас гараад зугтаад яваад өгсөн. Харин би гэртээ байж байсан. Бас тэр ах ч гэсэн хашаанаас та нарыг ална аа гээд араас нь яваад өгсөн. Тэр ахыг гарахаар нь би араас нь гэрээсээ гараад хашаанаасаа цухуйгаад харсан чинь манай ээж Д.Б- ирж байсан. Тэгээд би ээжтэйгээ гэртээ байж байсан чинь нөгөө ах манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд манай ээжийг хэл амаар доромжилж байсан. Бас тэр ах надад би чамайг яах ч үгүй гээд намайг барьж авах гээд байсан. Ингээд байж байхад А.М-, С-, Т-нар манай хашаанд ороод ирсэн чинь нөгөө ах гартаа барьж байсан том чулуугаа А.М- руу шидсэн чинь гарыг нь очоод оносон. Тухайн хүн архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн  өгсөн:“...А.М-ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 120.000 төгрөгийн эмнэлгийн түсламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 120.000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн  2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 477 дугаартай:А.М-ын  биед зүүн шуу, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. А.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны хажуу айлын хүүхдүүд хашаандаа тоглож байсан. Өмнөх өдөр нь би дүү Н-ийн чатыг харсан чинь Х- гэдэг фейсбүүк нэртэй хүнтэй хайраа гээд чаталсан байсан. Би тэр Х- гэдэг хүнийг хажуу айлын хүүхэд гэж бодоод архины халуундаа тэр хүүхэд рүү чулуу шидээд гарыг нь гэмтээсэн байсан. Би согтуу байсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-, гэрч Н.Г-, гэрч Д.Б-, Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Б-, иргэний нэхэмжлэгч Н.Г-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ч.А- нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхорын ... тоот хашаанд Арван найман насанд хүрээгүй хохирогч А.М- руу “дүү Н-тэй харилцаж  чат бичлээ” гэсэн шалтгаанаар чулуу шидэн зүүн гарыг нь онож, биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.А-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.А-ын үйлдэл идэвхтэй, насанд хүрээгүй хохирогч А.М-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.А-ын арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын хууль ёсны төлөөлөгч Н.Г-  нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй арван найман насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч Н.Г- нар нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-аас  нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг шүүгдэгч Ч.А-аас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.А- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ч.А-аас 120.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 40-43 талд авагдсан ... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  ...” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.А-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн 2338000000386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч Ч.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-  түүний хууль ёсны төлөөлөгч Н.Г-  нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ч.А-аас 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

7. Эрүүгийн 2338000000386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР