Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

        2023         10          20                                    №326

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

              Улсын яллагч Б.Тогтох,

              Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-эд холбогдох эрүүгийн 2332000000346 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Б.Б-,

              Холбогдох хэргийн талаар:

              Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биеийн зүүн эгэмд хугаралт, дээд уруулд шарх, 3 ширхэг шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2332000000346 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биеийн зүүн эгэмд хугаралт, дээд уруулд шарх, 3 ширхэг шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэх,

              Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Н-ийн өгсөн: “...Б- гэх залуу гараараа уруул хэсэгт цохисон мөн хэд хэдэн удаа шүд хэсэг рүү мөргөж хоёр шүд гэмтээсэн. Мөн зүүн гар руу цохисныг нь мэдэхгүй байна гар руу цохиж хөшиж гэмтээсэн. Б- гэх залуу чулуу барьчихсан гүйж явсан. Тэр чулуугаар цохисон байж магадгүй. Ямар ч байсан гар руу цохисон. Хоолойг амьсгалж болохгүй болтол боосон хүзүүний хэсэг хөх алаг болсон байсан. Биеийг маань зулгаралт үүсгэсэн байсныг зургаар баталгаажуулж өргөдөлд хавсаргасан. Мөн энэ ямбий сэгийг нь яасан ч яадаг юм гээд Б- гэх залуу машины маань куперийг салгасан. ... Б- бол миний нүүр ам толгой тархи гар хөл рүү цохисон. Тухайлбал миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Бас миний зүүн талын гарыг хөшсөн хөшихдөө миний гарыг эвгүй болгосон байж магадгүй. Тухайн үед бас нэг харахад Б- нь чулуу барьсан гүйж явсан. Тэр чулуугаараа цохисон ч байж магадгүй. Тухайн үйл явдлын дараа миний зүүн талын цээжний эгэм хэсэг улайгаад хөхрөөд шалбарсан байсан. Надад зураг нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31, 35 тал/,

           Насанд хүрээгүй гэрч Н.О-ын өгсөн: “...Намайг нэг харахад Б- ах аавын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа мөргөөд байсан бас хоолойг нь боож байсан. Мөн Тэмүүжин гээд ах аавыг хэд хэд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 тал/,

Гэрч Б.Ү-гийн өгсөн: “...Г.Н- тэр залуучуудад  гар хүрсэн зүйл байхгүй. Машинтай хүмүүс ирсэн чинь Б- Г.Н-ийг гараараа нүүр рүү цохиод боогоод байсан. Тэгээд нэг харахад яаж унасан юм Г.Н- газар тэр цагаан машины хажууд нь уначихсан байсан дээр нь Б- гарчихсан цохиод хажуунаас нь нэг залуу нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Гэрч Ч.О-ын өгсөн: “...Г.Н-ийг ямар ч байсан боосон байсан хүзүү нь улайгаад нүүр нь улаан хүрэн болчихсон байсан. Тийм болсон хүнийг хараад машинаасаа бууж салгахаар орсон чинь Б- гэх залуу чамд хамаагүй гээд намайг хүртэл доромжилж хүүхдийг маань ална гэж заналхийлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Б.Т-гийн өгсөн: “...Отгонбаатар, Г.Н- хоёр намайг цохиж зодсон тэр үед Б-, Г.Н-ийг салгаж авч яваад цохиж мөргөсөн юм шиг байгаа юм. Тэрнээс өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-60 тал/,

Шинжээч М.Батмөнхийн: “...Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлээр үүснэ. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг хэлнэ. Жишээлбэл гар хөл толгой гэх мэт ...тийм ээ үүсэж болно. Эгэм нь жижиг яс байгаа юм. Хүний гарыг хойш нь хөшихөд эгэм нь хөшигдөөд хугарч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 411 дугаартай: “...Г.Н- зүүн эгэмэнд хугаралт, дээд уруулд шарх, 3 ширхэг шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Г.Н-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 73 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэн Г.Н-ийн гаргасан өргөдөл (хх-ийн 8-9 тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Н-ийн мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч Н.О-ын мэдүүлэг, гэрч  Б.Ү-, Ч.О-, Б.Т-, гэрч Б.Б-, шинжээч Б.Батмөнх нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 411 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэн Г.Н-ийн гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Б.Б- нь  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биеийн зүүн эгэмэнд хугаралт, дээд уруулд  шарх, 3 шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай  учруулсан үйлдэл нотлогдон  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Г.Н-ийн биед зүүн эгэмэнд хугаралт, дээд уруулд  шарх, 3 шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Б-ийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биеийн зүүн эгэмэнд хугаралт, дээд уруулд  шарх, 3 шүдэнд сулрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Г.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн зүйл байхгүй тул  шүүгдэгч Б.Б-ийг хохирогч Г.Н-д төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 91-95 талд авагдсан ... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх,  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б-ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явах эрхийг 2 (хоёр) сарын хугацаагаар хязгаарласугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийнөмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР