Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 3

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч З.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цоохор овогт Зундуйн Батжаргалд холбогдох эрүүгийн 201623010060 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар баг “Зүүн далан түрүү” гэх газар оршин суух, улсаас авсан гавъа, шагналгүй, 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан /РД: СК57092119/ Цоохор овогт Зундуйн Батжаргал.

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Зундуй овогтой Батжаргалын тэжээвэр нохой нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг “Зүүн далан түрүү” гэх газар иргэн Х.Мэндсайхан руу дайрч хазан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Шүүгдэгч З.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэндсайхан манай гэрт ирж очдог байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манайд ирэхдээ хэл чимээгүй ирсэн. Тухайн үед манай нохой хуцаж чимээ өгөөгүй. Тэр өдөр авраарай гэсэн чимээ гарах шиг болохоор нь харсан чинь Мэндсайханыг манай нохой урсан байсан. Мэндсайхан ирэхдээ нохой хорь, хүүе хая гэж хэлдэг байсан. Бид нар ч гэсэн нохой хуцахаар нь гардаг байсан ...хохирогчид нийт 400.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг.

Хохирогч Х.Мэндсайханы хэрэг бүртгэлтэд өгсөн “Би 2016 оны 09 сарын 23-ны өдөр Батжаргалын тэжээмэл нохойд уруулж, хазуулснаас болж баруун гарын шөрмөс болон судаснууд тасарсан, булчингийн дутмагшил гэсэн гэмтлүүд үүссэн. Би Батжаргалынхаас цайны сүү авахаар очсон юм. Тэгтэл уяатай байдаг нохой нь сул байж таараад надруу дайрч хазсан, өглөө 10 цаг өнгөрч байсан байх. Миний хувьд эмчилгээ дуусаагүй байгаа, дээр нь миний ажил хийдэг баруун гар минь ямарч ажил хийх боломжгүй болсон учраас нийт арван таван сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 69 дүгээр хуу/

Гэрч П.Амгаланбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн “...намайг очих болгонд нохой нь уяатай байдаг байсан. Дайрч хазаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15 дугаар хуу/

Гэрч Ч.Түмэнбилэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Батжаргалын нохой надруу дайрч байсан удаа байхгүй, байнгын уяатай харагддаг байсан. Урд нь Батжаргалын нохой хүн рүү дайрч хазаж байсан талаар сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар хуу/

Гэрч Д.Хүрэлтулгын хэрэг бүртгэлтэд өгсөн “...намайг очиход тэр дайрсан гэх нохой нь байнга уяатай байдаг байсан. Надруу дайрч байсан удаа байхгүй. Мөн урд нь хүнрүү дайрч байсан талаар сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/

Гэрч Б.Оюунцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...тэр хүн хазсан гэх нохой нь байнгын уяатай байдаг байсан, урд нь хүн хазсан талаар сонсож байгаагүй. Батжаргал тэр нохойг авчираад 2 жил болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 18 дугаар хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14041 дугаартай дүгнэлтэд

  1. Мэндсайханы биед баруун гарын шууны халдварлагдсан, эдийн дутагдал бүхий гүн шарх, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нуглах, тэнийлгэх хөдөлгөөний алдагдал, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх-н 24 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1551 дугаартай нэмэлт шинжилгээгээр гаргасан дүгнэлтэд

1. Мэндсайханы биед баруун гарын шууны халдварлагдсан, эдийн дутмагшил үүсгэсэн гүн шарх, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нуглах, тэнийлгэх хөдөлгөөний алдагдал, хэвлийн шарх, 2016.09.26 болон 2016.11.22-ны өдрийн баруун шууны арьсыг нөхөн сэргээх хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх-н 95 дугаар хуудас/

Хэрэг учралын газар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9 дүгээр хуу/, нохойны гэрэл зураг /хх-н 10 дугаар хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн зохион байгуулагч Д.Мөнгөнтуяагийн тодорхойлолт /хх-н 49 дүгээр хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Батжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг “Зүүн далан түрүү” гэх газар нутаглаж байхдаа өөрийн тэжээвэр 3 настай нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Х.Мэндсайханы баруун гар болон хэвлий хэсгээс хазаж түүний биед баруун гарын шууны халдварлагдсан, эдийн дутагдал бүхий гүн шарх, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нуглах, тэнийлгэх хөдөлгөөний алдагдал, хэвлийн шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Тухайн нохойг харж, хяналтандаа байлгах үүрэг бүхий этгээд нь З.Батжаргал болох нь түүний  хэрэг бүртгэлтэд өгсөн “...өглөөний үүрийн 6 цагт тэр нохойны маань уяа нь суларсан байсан юм, тэгээд гинжээ чирээд явж байхаар нь би байнгын уяатай байдаг юм чинь түр зуур уяагүй байг гэж бодоод чирэгдээд байгаа гинжийг нь тайлаад сул тавьсан. Өглөө эрт манайхаар хэн ирэхэв, тэгж байгаад уяна даа гэж бодоод сул орхисон байсан юм...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч З.Батжаргалын дээрх эс үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, өөрийн үйлдэлдээ санаатай болон болгоомжгүй хандсан /гэм буруугийн давхардсан хэлбэр/ зэрэг нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байна.

  Шүүгдэгч З.Батжаргалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Х.Мэндсайхан нь хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаас нийт 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн түүний хохирлын талаарх бүрдүүлж өгсөн нотлох баримтын зарим хэсэг нь /архи, пиво, тамхи, зарим хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан талаарх/ шүүгдэгчээс зайлшгүй гаргуулах зардал биш байна гэж үзсэн тул нотлох баримтын шаардлага хангаж буй 779.833 төгрөгний баримтаас шүүгдэгчийн хохирогчид төлсөн 400.000 төгрөгийг хасаж 379.833 төгрөгийг шүүгдэгч З.Батжаргалаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн болно. Хохирогч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно. 

Хохирогч нь одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа гэх тул эмчилгээ болон түүнтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох бод бог нийлсэн 170 толгой малыг иргэний нэхэмжлэл болон торгох ялын биелэлтийг хангах үүднээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцож байх боловч Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцох торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй болно.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Цоохор овогт Зундуйн Батжаргалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогчийн бие махбодийг хүндэвтэр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Батжаргалаас 379.833 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 18 дугаар баг Хөтөл хорооллын 1-14 тоотод оршин суух Боржигон овогт Хумбарайн Мэндсайханд олгосугай.

5. Шүүгдэгч З.Батжаргал нь хохирогч Х.Мэндсайханд 400.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэг бүртгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Батжаргалд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР