| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2020/0071/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 372
Д.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906071372715 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
............, 1978 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, нийтийн 2 дугаар байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өврийн задгайд оршин суух И.Оюунчимэгийн эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны үүдний цоожийг эвдэн нэвтэрч, 75.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 70 настай ээж, насанд хүрээгүй Алунгуа, Лянхуацэцэг хоёр охин, сэтгэцийн өвчтэй эхнэр Баярцэцэг нарын хамт амьдардаг. Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж хулгайн гэмт хэрэгт холбогдсон нь миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ээжийгээ асран халамжилдаг, хоёр охин маань асран халамжлах хүнгүйн улмаас асрамжийн газар байгаа. Эхнэр Баярцэцэг сэтгэцийн өвчний улмаас эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Миний охид, ээж нар маань асран халамжлах хүнгүй байгаа. Энэ дөрвийг асран халамжилж, харж ханддаг байсан хүн нь би. Миний хоёр хүүхдийн ирээдүйг болон өндөр настай ээжийг минь харж хандах бололцоо олгож, надад оногдуулсан хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Бээс хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь хэрэг үйлдсэн болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өврийн задгайд оршин суух И.Оюунчимэгийн эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны үүдний цоожийг эвдэн нэвтэрч, 75.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч И.Оюунчимэгийн “...14 цагийн орчим айлын дүү охин Оюунцэцэг утсаар залгаад “гэрт хулгайч орсон байна” гэж хэлэхээр нь цагдаад хандсан. Гэртээ ирээд эд зүйлээ шалгаж үзэхэд хонины мах 4 кг, үсний индүү 25.000 төгрөгийн, сахлын машин 25.000 төгрөгийн, суран тэлээ 20.000 төгрөгийн, гар чийдэн 25.000 төгрөгийн тус тус эд зүйл алдагдсан байсан. ...” /хх 8-11/,
гэрч Б.Есөн-Эрдэнийн “...30-40 минутын дараа Д.Б буцаж гэрт орж ирэхдээ хар өнгийн тортой юм барьж ирээд үүдний хажууд тавьсан ба Түмэнхүү бид хоёроос архи асуухаар нь байхгүй гэж хэлэхэд буцаад гараад явсан. 1-2 цагийн дараа байх, би хэвтэж байгаад босоод бие засаж байхад цагдаагийн машин ирээд намайг суучих гээд машиныхаа хаалгыг онгойлгосон ба дотор нь Д.Б сууж байсан. ...” /хх 16-19/,
гэрч Э.Түмэнхүүгийн “...2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Д.Б манай гэрт байж байгаад цагийг нь сайн санахгүй байна гараад явсан. Тэгээд цаг гаран хугацааны дараа хар ууттай мах авчихсан орж ирсэн. Би “хаанаас авсан юм бэ” гэсэн чинь Д.Б хэлэхдээ “таньдаг айлаасаа авсан” гэж хэлсэн. ...” /хх 20/,
шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 5-ны өглөө 9 цагийн үед Б.Есөн-Эрдэнэ, Э.Түмэнхүү бид гурав “Хамаг монгол” нэртэй 0.75 литрийн архийг Э.Түмэнхүүгийн гэрт хувааж уугаад, мах шөл байхгүй гээд байхаар нь би гарч яваад тэдний гэрээс урагшаа байх айлын монгол гэрийн хаалгыг хашаанаас нь төмөр олж байгаад цоожийг хөшиж эвдэн гэрт нь ороод хөргөгчинд нь байсан мах, үсний индүү, үсний хэрэгслийг шүүгээнээс нь авсан ба суран тэлээг орон дээрээс нь авсан санагдаж байна. Тэгээд тухайн айлаас гараад Э.Түмэнхүүгийн гэрт орж хулгайлсан бүх зүйлээ оруулж тавьсан. ...” /хх 48-49/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Бийн иргэн И.Оюунчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 75.000 төгрөгийн эд зүйл авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь өмнө нь 8 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байх бөгөөд анхан шатны шүүх түүнд тухайн зүйлд заасан хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ