Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0141

 

 

 

“БЗЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд М.Оц, Р.Бб нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ, Ч.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “БЗЭ” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: М.Оц, Р.Бб, Б.Тж

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 877 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гх, Ц.Мт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Эт, гуравдагч этгээд М.Оцийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ, гуравдагч этгээд М.Оц, Р.Бб нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 128/2024/0798/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр

“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БЗЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжийн Мын Оцт холбогдох хэсгийг, мөн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн Мын Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Гуравдагч этгээд М.Оц, Р.Бб нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн "БЗЭ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай захирамжийн иргэн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн иргэн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай 128/ШШ2025/0877 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Баянзүрх эмнэлгийн барилгатай тулгаж Здагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь... шударга ёсны зарчимд нийцэхгүй байх ба уг зарчим нь бодит байдалд нийцсэн байх агуулгыг илэрхийлнэ." гэжээ. Дээрх дүгнэлтийг Здагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар захирамжаар тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу иргэн М.Оцт эзэмшүүлж, газар эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн тул 2003, 2009, 2013, 2018 онуудад "газар эзэмших эрхийн гэрчилгээ"-ний хугацааг тухай бүрт сунгаж ирсэн нь Баянзүрх дүүргийн газрын 1 дүгээр албанаас авсан архивын баримтаар нотлогдох бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай" А/449 дугаартай захирамжаар М.Оцт шинээр газар эзэмшүүлээгүй, газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгасан байна. Газар эзэмшигчдийн гаргасан хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар холбогдох хууль журмыг үндэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд тодруулбал, маргаан бүхий акт нь газар эзэмшигчдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Гэтэл шүүх "... БЗЭ нь социалист нийгмийн үед байгуулагдсан нь нийтэд илэрхий тул..." гэж дүгнээд тухайн эмнэлгийн анх авсан Нийслэлийн ЗД-ын 2002 оны газар эзэмших эрхийн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Цаашлаад 1994 оны Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах заалтыг тусган Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дүгнэлттэйгээ зөрчилтэй, шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна.

Бодит үйл баримтыг сөхвөл жирийн иргэн эрх бүхий төрийн байгууллагаас ОНООС Хойш цайны газар ажиллуулах ямар ч боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдын тэгш байдлын буюу тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзэхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хяналгүй, Газрын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг харгалзалгүй "БЗЭ" ХХК-ийг зөвтгөн дүгнэж байгаа шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, "БЗЭ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай захирамжийн иргэн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн иргэн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2. Гуравдагч этгээд  М.Оцийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 128/ШШ2025/0877 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

"БЗЭ ХХК нь "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/449 дугаартай захирамжийн иргэн М.Оцт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 215 дугаартай захирамжаар М.Оцт анх газар ашиглуулж эхэлсэн,

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 240 дугаартай захирамжаар М.Оцийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 224 дугаартай захирамжаар

3.М.Оцийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/516 дугаартай захирамжаар

4.М.Оцийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан,

5. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/285 дугаартай захирамжаар М.Оцийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан,

6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/449 дугаартай захирамжаар М.Оцийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж гэр зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн тухай баримтуудыг гарган өгсөн.

Тодруулбал маргаан бүхий газартай холбоотой анх 2001 онд Захирамж гарч байсан нь тогтоогдсон. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай захирамжийн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дугаартай захирамж захирамжийн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох" гэж тодруулаад бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Анхан шатны шүүх 1. БЗЭ бол нийтийн эрүүл мэнд буюу нийтийн эрх ашигтай холбоотой онц чухал обьект, эмнэлгийн барилгатай тулгаж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулах нь бодитой үйл баримт гэж, 2. Газрын тухай (2002 оны) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын газартай давхцалтай гэж, 3. Газрын тухай (1994 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж, 4. Газрын тухай (2002 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсгийг дурдаад Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу Нийслэлийн Засаг даргын эрхийг эдэлсэн гэж дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа болно.

1. БЗЭ бол нийтийн эрүүл мэнд буюу нийтийн эрх ашигтай холбоотой онц чухал обьект гэж дүгнэсэн тухайд,

1.1. Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "улсын онц чухал обьект" гэж Монгол Улсын Засгийн газраас /цаашид "Засгийн газар" гэх/ тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг;" ойлгохоор заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар улсын онц чухал обьектын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батлахаар зааж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор онц чухал обьектын жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтад БЗЭ багтаагүй байна.

1.2. "БЗЭ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дя гэх хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө "эмнэлэгийн үйл ажиллагаа явагдаж байсан, цайны газрын үйл ажиллагаа явуулах нь эмнэлгээр үйлчлүүж байгаа иргэдэд хэрэгтэй байсан" гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл цайны газрын үйл ажиллагаа нь эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулах гэхээсээ илүүтэйгээр дэмжлэг болдог болно.

2. Газрын тухай (2002 оны) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын газартай давхцалтай гэж дүгнэсэн тухайд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2/3323 дугаартай албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичгээр 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын зурган мэдээлэлд нэгж талбарын ****54220 дугаартай 15891 м.кв газар нь регистрын 90**** дугаартай хуулийн этгээдийн нэр дээр, нэгж талбарын ****15208 дугаар бүхий 56,7 м.кв газар нь иргэн М.Оцийн нэр дээр бүртгэлтэй байгаа тухай дурдаад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдээлэлд нэг талбарын ****49327 дугаар бүхий 12865 м.кв газар нь нэгж талбарын ****11253 дугаар бүхий 10073 м.кв талбайтай болж регистрын 50**** дугаартай "БЗЭ" ХХК-ийн нэр дээр бүртгэгдэхдээ М.Оцийн нэгж талбарын ****15208 дугаар бүхий 56,7 м.кв талбайтай газрын мэдээллийг давхардуулан бүртгэсэн гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл М.Оцийн эзэмшлийн газар бусдын газартай давхцаагүй харин газар зохион байгуулалтын албаны ажилтны үйлдлээс давхардуулан бүртгээд буцаад зөрчлийг арилгасан байна.

3. Газрын тухай (1994 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн тухайд, Газрын тухай (1994 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;" гэж заасан.

Бусдын газартай давхцалгүй хил залгаж газар олгоход ямар нэг байдлаар шударга ёс, тэгш байдал зөрчигдөхгүй юм. Том хэмжээтэй газрыг хожим эзэмшихээр авсан нь түүнийг бусдаас давуу эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж, 2-т "Хүнийг ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэж заасан.

Тодруулбал том газартай эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг компани, жижиг газартай цайны газрын үйл ажиллагаа явуулдаг иргэн нар хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, тэдгээрийг ялгаварлан гадуурхаж болохгүйг Монгол Улсын Үндсэн хуульд заасан байна.

4. Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу Нийслэлийн Засаг даргын эрхийг эдэлсэн гэж дүгнэсэн тухайд,

4.1. Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйл 2 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь хэсгийн 5-д "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах;" гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2001 оны 215 дугаар захирамжийг энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

4.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 240 дугаартай, 2009 оны 224 дугаартай, 2013 оны А/516 дугаартай, 2018 оны А/285 дугаартай, 2018 оны А/449 дугаартай захирамжууд нь газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжууд болно. Газрын тухай (2002 оны) хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана" гэж заасан. (Энэ заалт 2003-01.01-ний өдрөөс 2023.12.07-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн.)

Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд 1994 оны Газрын тухай хуулиар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй, 2002 оны Газрын тухай хуулиар дүүргийн Засаг дарга олгосон газрынхаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эрхтэй байсан байна.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ." Гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:" гээд 3.1.3-т ""нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;" гэж заасан.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн М.Оцт газар эзэмшүүлж байгаа нь "БЗЭ" ХХК-ийн ямар, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй байгаа нь болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэнээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх, хамгаалагдах гээд байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “БЗЭ” ХХК-аас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар захирамжаар[1] “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн 3 дугаар хавсралтын хүснэгтийн 3-т иргэн М.Оцт 5 дугаар хороо дүүргийн эмнэлгийн урд үйлчилгээний зориулалтаар 45 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгож, 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр М.Оц, Р.Бб, Б.Тж нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ[2] олгосон байна.

2.2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар, 2013  оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/516 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/285 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар тус тус сунгаж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар  М.Оцийн үйлчилгээний зориулалттай 57 м.кв хэмжээтэй болгон газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилжээ.  

            2.3.Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн газрын харилцаа хот байгуулалтын албатай 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдөр[3], 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр[4], 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр[5], 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр[6], 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр[7] тус тус байгуулсан байна.

2.4. Харин нэхэмжлэгч Баянзүрх эмнэлгийн тухайд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  14998 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр гэрчилгээ  олгожээ.

2.5. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор[8] “... “БЗЭ” нийслэлийн өмчит байгууллагыг менежментийн гэрээгээр үр дүнтэй ажиллуулсан Б.Дя ахлагчтай баг нь байгууллагыг худалдан авах үнэ 193,050,000 төгрөгийг бүрэн төлсөн тул Б.Дя ахлагчтай менежментийн багт “БЗЭт” нийслэлийн өмчит байгууллагын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгохоор” шийдвэрлэж, 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмчлөгчийн эрхийн 13 дугаартай гэрчилгээ[9] олгогджээ.

2.6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар  “...Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 02, 21, 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 97 аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулж, үүнээс хойш “БЗЭ” ХХК-иар үйл ажиллагаагаа явуулж буй үйл баримтууд тогтоогдож байна.  

3.Улмаар нэхэмжлэгч “БЗЭ” ХХК нь “...Баянзүрх дүүргийн нийт иргэдэд эрүүл мэндийн 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг манай эмнэлгийн зай талбай, ор хүрэлцэхгүй болж, эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлагатай тул хууль бусаар М.Оцт олгогдсон газрын эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч захиргааны байгууллагаас “...М.Оцт олгогдсон 56.7 м.кв газар нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй, хууль ёсны дагуу олгогдсон, 2014 он хүртэл нэхэмжлэгчийн газартай давхцалгүй явж байгаад 2014 оноос нэхэмжлэгчийн газрын хэмжээнд өөрчлөлт орсноос үүдэн давхцалтай болсон.” гэж тайлбарлан маргажээ.

4.Маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтын талаар:

4.1. Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйл 2 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" 2 дахь хэсгийн 5-д "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах" гэж,

Газрын тухай (2002 оны) хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 1994 оны Газрын тухай хуулиар дүүргийн Засаг даргад аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах, 2002 оны Газрын тухай хуулиар эзэмшүүлсэн газрын хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх эрхийг тус тус олгожээ. 

4.3.Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь бүрэн эрхийн хүрээнд М.Оцт 2001 оны 215 дугаар захирамжаар анх газар олгож, улмаар 2003 оны 240 дугаартай захирамж, 2009 оны 224 дугаартай захирамж, 2013 оны А/516 дугаартай захирамж, 2018 оны А/285 дугаартай захирамж, 2018 оны А/449 дугаартай захирамжуудаар өөрийн олгосон газрын гэрчилгээний эрхийн хугацааг сунгаж, зориулалт өөрчилсөн нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

4.4. Анхан шатны шүүхийн “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжуудаар М.Оцт газар эзэмшүүлсэн байх ба үүнээс үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн буюу Нийслэлийн Засаг даргын эрхийг эдэлсэн байна.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.    

4.5.Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс  “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд “БЗЭ” ХХК нь анхнаасаа иргэн М.Оцийн газар эзэмшиж буй бодит байдлыг мэдэж байжээ. Мөн нэхэмжлэгч “БЗЭ” ХХК-аас  нэхэмжлэгч  нь ус, дулаанаар хангуулж байсан /тэдний шугам сүлжээнээс холболт хийсэн/ бодит баримт байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөлгүй холболт хийсэн, зөвшөөрөөгүй, манайд мөнгө төлж байгаагүй гэсэн тайлбар нь иргэн М.Оцийг тухайн газрыг эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгааг мэдсэн бодит баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

4.6.Нэхэмжлэгчийн зүгээс “удирдлагын баг шинэчлэгдсэн, ... гүйцэтгэх захирал шинээр томилогдсон, ... ингээд энэ бүх асуудлыг цэгцлэхээр шийдсэн” гэх мэт нөхцөл байдлыг дурьдаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиргааны актыг мэдэж байсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

4.7.Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгчийн зүгээс “илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дүүргийн Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, иргэн М.Оц нь  Газрын тухай хуульд заасны дагуу тухайн байршил дахь газраа эхэлж эзэмшсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

              Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Газрын тухай (2002 оны) хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БЗЭ” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 240 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/449 дүгээр захирамжийн М.Оцт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд М.Оц, Р.Бб нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Д.Гэ нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

 ШҮҮГЧ                                                          М.ЦЭЦЭГМАА

 ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 65-66 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 145 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 85 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 160-162 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 170-172 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 179-181 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 183-185 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас 23 дахь тал  

[9] Хэргийн 2-р хавтас 24 дэх тал