Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 202

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах К банк ХХК-ний эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух, Э.М,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, Ч.Б нарт холбогдох

Зээлийн төлбөр нийт 5,880,916.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 24-ний өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.М, Ч.Б нар нь К банктай 2015 оны 09 сарын 04-ний өдөр №ЗГ-445 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж 9,000,000 төгрөгийг сарын 2,0 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл 36 сарын хугцаагаар зээлэн авсан.

Банк зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу Э.М-н К банкин дахь ... тоот харилцах дансанд 2015 оны 09 сарын 04-ний өдөр 9,000,000 төгрөг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,547,873.61 төгрөг, зээлийн хүү 3,420,408.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,826.92 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна.

Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,452,126.39 төгрөг,зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,095,428.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 333,361.11 төгрөг, нийт 5,880,916.29 төгрөг. Хариуцагч Э.М, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,880,916.29 төгрөгийг гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу ”К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Э.М миний бие нь К банк ХХК-ний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,880,916.29 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б нь К банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох 5,880,916.29 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н би Э.М, Ч.Б нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нь хариуцагч Э.М, Ч.Б нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5,880,916.29 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү нийт 5,880,916.29 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Э.М, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй хариуцагч Э.М, Ч.Б нарт холбогдох зээлийн төлбөр 5,880,916.29 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Э.М, Ч.Б нар нь зээл, зээлийн хүү 5,880,916.29 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж  төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.М, Ч.Б нараас 109,045 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                    Д.Ц