| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00655/и |
| Дугаар | 142/ШШ2020/000699 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2020/000699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах, “Х” ХХК /Регистрийн дугаар: 6014585, 88114089/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Б.Б /Регистрийн дугаар: /-д холбогдох
Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 4,929,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь тус компанитай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ХУ-7673 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг 1 сарын 4,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ИХ-ийн 235-р зүйлд зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн 66-01 ОРО улсын дугаартай, Subaru Legacy маркийн автомашин барьцаалан дээрх зээлийг авсан байдаг. 2019 оны 12 сард тус компанийн өмчлөлд байх 6601 ОРО улсын дугаартай Subaru Legacy маркийн автомашиныг унаж явахад нь 35-26 ОРХ улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашин урдуур нь орж осол гаргасан. Уг осолд 66-01 ОРО улсын дугаартай Subaru Legacy маркийн автомашинд их хэмжээний хохирол учирсан, Барьцаанд буй автомашин журмын хашаанд 2019 оны 12 сараас хойш байгаа. Зээлдэгч Б.Б сүүлийн саруудад үндсэн зээлээс хасалт огт хийгээгүй зөвхөн хүү төлдөг байсан ба машинаа зарах гэж байгаа удахгүй зээлээ хаана гэдэг байсан. 2020 оны 2 дугаар сард цагдаагийн газарт ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш зээлээ төлөөгүй ба утсаар холбогдоход шүүхдэж байгаа зээлээ төлөх чадвар байхгүй гэсэн хариулт өгдөг.
Сүүлд 2020 оны 3 дугаар сард холбогдоход зээлээ төлж чадахгүй шүүхэд шилжүүлж болно, би хотод ажилтай явна гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш утсаа огт авахаа больсон. Энэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бодолгүй нь илт байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,700,000 төгрөг + үндсэн хүү 181,300 төгрөг + алданги 1.047.978 төгрөг Нийт 4,929,287 /дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун наян долоон/ төгрөгийг зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн үний нийт дүн болох 4,929,287 /дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун наян долоон/ төгрөгийг зээлдэгч Б.Б-аас гаргуулж, “Х” ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний бие өөрийн эзэмшлийн субару маркийн 66-01 ОРХ улсын дугаартай авто машиныг Х ХХК-д унаж явахаар авто машинаа барьцаалж 5,2 сая төгрөгний зээл авч хүүг төлж 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3,9 сая төгрөг үлдээж төлөлтийг хийж банк бус санхүүгийн байгууллагадаа төлөх боломжгүй болсноо утсаар хэлж шүүхэд хандаж төлбөр төлүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн. Уг хүсэлт гаргаснаас хойш сар гарангийн дараа алданги тооцож 4,9 сая төгрөг болгож шүүхэд өгсөн тул надад хохиролтой байна. Иймд миний хүсэлт гаргасан үеийн 3,9 сая төгрөгний зээлд хохирол барагдуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээ биелүүлээгүй үндэслэл маань бол 2020 оны 01 дүгээр сарын 01-нд зам тээврийн осолд орж эд хөрөнгөөрөө хохирсон. 2 дугаарт осол үүссэн шалтгаан буюу буруутай эдгээдийн автомашиныг бодит хохирол гарсан миний асуудал шийдэгдээгүй байхад зээлдэгч буюу буруутай хүний автомашиныг авч өөрсдийн хохирлоо үгсэн барагдуулсан тул миний бие 3,9 сая төгрөг буюу миний хамгийн сүүлд төлсөн дүнгээр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар болон бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь Б.Бд холбогдуулан барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 4,929,287 /дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун наян долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХУ-7673 тоот Барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулан 5,200,000 төгрөгийг сарын 4,9 %-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээг давхар байгуулж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг үндэслэн хариуцагчийн эзэмшлийн 66-01 ОРО улсын дугаартай, Субару /Subaru Legacy/ маркийн автомашины эзэмших эрхийг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон үед барьцаалуулагчид буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зээлийн болон барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Барьцааны гэрээний 1.6-д “Гэрээний хугацаанд барьцаа болох автомашины эзэмшил ашиглалтыг барьцуулагчид үлдэнэ” гэж зааснаар 66-01 ОРО улсын дугаартай, Субару /Subaru Legacy/ маркийн автомашиныг хариуцагч Б.Б нь өөрийн эзэмшил ашиглалтанд байлгаж байсан байна.
Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 66-01 ОРО улсын дугаартай, Subaru Legacy маркийн автомашиныг жолоодож яваад 35-26 ОРХ улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашин урдуур нь орсны улмаас зам тээврийн осолд орж компанийн өмчлөлд байсан дээрх машинд их хэмжээний хохирол учирч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон байх бөгөөд, барьцаанд буй автомашин журмын хашаанд 2019 оны 12 сараас хойш байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 3,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Тэрээр энэхүү үндэслэлээ “зээлийн төлөлтийг хийх боломжгүй болсоноо нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн, зам тээврийн осолд орж эд хөрөнгөөрөө хохирсон. Ослын улмаас бодит хохирол гарсан миний асуудлыг шийдэгдээгүй байхад өөр нэг зээлдэгч болох осол гаргасан буруутай хүний автомашиныг авч өөрсдийн хохиролоо үгсэн барагдуулсан тул алданги төлөхгүй” гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан фидуцын гэрээний 1.7-д Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байвал гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор барьцаалагч нь барьцаа хөрөнгийг хураан авч үүргийн гүйцэтгэлийг хангах талаар мэдэгдэл хүргүүлнэ, мөн 1.9-д “Энэхүү гэрээний 1.7-д заасан мэдэгдлийг авснаас хойш зээлдэгч нь зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа барьцаалагч нь автомашиныг бусдад худалдах болон бусад хэлбэрээр борлуулах замаар дурын авто ломбарданд шилжүүлэн тавьж хохиролоо барагдуулна” гэж талууд тохиролцжээ.
Ийнхүү хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 4.1-д “Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан байх тул алданги гаргуулах үндэстэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас үндсэн зээл 3,700,000 төгрөг, үндсэн хүү 181,300 төгрөг, алданги 1,047,978 төгрөг нийт 4,929,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас үндсэн зээл 3,700,000 төгрөг, үндсэн хүү 181,300 төгрөг, алданги 1,047,978 төгрөг нийт 4,929,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93,818 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,818 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН