Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Хохирогч О.О,

         Хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: ...

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Залуус хорооллын 35 дугаар байрны 17 тоотод О.О-тай хэрүүл маргааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэг цохих, толгой хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            -Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өвөө, ахтайгаа хамт эмнэлэгт сахиж байгаад 1 найзтайгаа уулзчихаад 2 лааз пиво уугаад О-нд очоод хэдэн цаг унтчихаад өглөө эрт явна гэж бодож байсан. Унтаж байсан чинь О орж ирээд нүүр лүү хөнгөн алгадаад байсан, тэгэхээр нь би хүчтэй цохиж байна гэж бодоод пиво уугаад унтсан болохоор нойрмог байсан, тэгээд босож ирээд О-ын нүүр лүү нь цохисон, унагаад толгой руу нь цохиогүй, дэвсээгүй, цээж хэсэг болон бэлхүүснээс нь доогуур өшиглөсөн...Толгой руу нь олон дахин өшиглөөгүй... О-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болдог өдөр би О гээд дүүтэйгээ яриад би очиж хонолоо чи хэнтэй байгаа вэ гэсэн, ганцаараа гэсэн юм, хэрэв хүнтэй байсан бол би очиж хонохгүй л дээ. Очиход манай нэг найз ороод ирчихсэн байна, та сэрээгээд өгчих гээд биеэ засна гээд орж ирсэн гээд, би өрөөнд нь ороод сэрээх гээд хөнгөхөн алгадаад, тэгсэн чинь чи хэн юм бэ, О-аа гэрлээ унтраа л даа унтъя гэхээр нь, О гэрэл унтраах гээд явж байхад нь ахын дүү унтраахгүй байж бай гээд Д-аа, гэрийн эзэн нь ирчихвэл лай болно гэж бодоод чи сэрдээ гэсэн чинь сэрдэггүй. Тэгэхээр нь О-тай тэгвэл энд нь ингээд амраая гэж яриад яг эргэж хартал гарынхаа ясаар цохиод, яг тонгойход нүүр лүү хоёр удаа өшиглөөд унасан хойно би толгойны хагалгааныхаа сорвийг гараараа дарчихсан байсан, гар дээр 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд О-г салгаад, би уг нь гарчихлаа гэж бодсон, цусаа тогтоох гээд нойл орчхоод гарч ирсэн чинь өөдөөс гутлаа өмсчихсөн байж байхдаа орж ирээд бас 3 удаа өшиглөсөн. Тэгээд манай дүү салгаад авч гарсан...” гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 03 цаг 30 минутын үед ... тоотод байх хүргэн Д-ийн гэрт ганцаараа орсон чинь үеэл О нь надад "Миний арван жилийн ангийн найз болох 1 залуу гэрт бие засах гэж орж ирээд гэрээс гарахгүй, унтаад байна. Та сэрээгээд өг” гэхээр нь унтлагын жижиг өрөөнд орсон чинь 177 см өндөртэй, бор царайтай, дэд хэсгээрээ хувцасгүй, доогуураа саарал өнгийн женсин өмдтэй эрэгтэй хүн унтаж байхаар нь  би “Хөөе залуу сэрээрэй” гэж хэлэн хацар хэсэгт нь хөнгөхөн алгадсан чинь тухайн залуу сэрэн О-ын нэрийг хэлэн “Гэрлээ унтраа. Унтмаар байна” гэсэн чинь О тухайн өргөөний гэрлийг унтраах гэхээр нь “ Битгий унтраа” гэж хэлээд эргээд харсан чинь тухайн газар унтаж байсан залуу босож ирэн миний хамар хэсэгт цохихоор нь би толгойгоо барин доош тонгойход миний нүүр, толгой хэсэгт 4-өөс 5 удаа цохисон чинь дүү О салгасан чинь дүүг түлхэн дахиж олон удаа толгой хэсэг рүү цохисон. Би доош толгойгоо барин тонгойсон байсан. О нь тухайн залууг “болиоч ээ, наадах чинь манай ах” гэж хэлээд өрөөнөөс аваад гарахаар нь өрөөнөөс нойл орохоор ... гарсан чинь тухайн залуу эргэж ирээд нүүр хэсэг рүү 3-аас 4 өшиглөсөн. Намайг доош унахад дээрээс 3 удаа өшиглөсөн. Оариа хийж салсан гэрээсээ гарсан чинь хаалганы гадаа гаран “Гараад ир писда минь” гэж намайг дуудаж байсан.Намайг зодсон гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,

          - Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.М-ыг сэрээх гээд байх байхад, гэрт үеэл ах болох О...ганцаараа орж ирэхээр нь “Манай найз ирээд унтчихаад босохгүй байна” гэхэд О ах Б.М-ыг сэрээх гээд нуруу хэсэг болон хацар хэсэгт хөнгөхөн алгадсан чинь Б.М сэрэн “ Гэрлээ унтраа” гэж хэлэхээр нь өрөөний гэрлийг унтраахгүй байсан чинь Б.М гэнэт босож ирээд О-ыг ахыг зодсон. Б.М нь О-ыг ахыг зодохдоо “чи юу юм” гэж хэлээд О ахын толгой хэсэг рүү 4-өөс 5 удаа цохисон, цээж хэсэг рүү нь 2-оос 3 удаа өшиглөсөн. О ах эхэлж цохиход нь шалан дээр унасан чинь дээрээс нь цохисон. О ах Б.М-ыг цохиогүй. Би Б.М-ыг болиулан гэрээс гаргаж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/375 дугаартай “...О.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн” нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 13-17 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 42-4345-47 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/ зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн ... тоотод О.О-тай хэрүүл маргааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэг цохих, толгой хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.М-ын “...О-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн, хохирогч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гарынхаа ясаар цохиод, яг тонгойход нүүр лүү хоёр удаа өшиглөөд унасан хойно би толгойны хагалгааныхаа сорвийг гараараа дарчихсан байсан, гар дээр 3-4 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгүүд, гэрч Б.О-ын “...Б.М нь О-ыг ахыг зодохдоо “чи юу юм” гэж хэлээд О ахын толгой хэсэг рүү 4-өөс 5 удаа цохисон, цээж хэсэг рүү нь 2-оос 3 удаа өшиглөсөн. О ах эхэлж цохиход нь шалан дээр унасан чинь дээрээс нь цохисон...” мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/375 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

        Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

 

        Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/375 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.О-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

        Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Б.М нь О.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          

           Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

           Хохирогч О.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Б.М-аас нотлох баримтаар 5.612.780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцээд уг нэхэмжлэлээс 78.080 төгрөгийн /Газ, шатахууны/ баримт нь хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 5.534.700 төгрөгийг гаргуулан хохирогч О.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

          

           Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж,  497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус заасан бөгөөд хохирогч тархины хүнд гэмтэлтэй байсан гэх бөгөөд шүүгдэгч Б.М нь энэ талаар маргаагүй, түүнд зодуулсны улмаас хамрын таславчийн мурийлт гэмтэл үүссэн байх тул уг гэмтлийг яаралтай эмчлэхгүй тохиолдолд хохирогчийн амь нас, эрүүл мэндийн байдалд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй учраас уг гэмтлийг эмчлэх хагалгаанд орох зардлыг нэхэмжлэх/хх 34-рт/-д заасан хэмжээгээр урьдчилан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ..

         Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас эмчилгээний зардалд 5.534.700 төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Газ/шатахуун/-ын 78.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           2.Эрүүгийн хариуцлагын талаар:

          

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд “...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй.

 

  Шүүгдэгч Б.М оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч  Б-ын Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 5.612.780 төгрөгөөс 78.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 5.534.700 /таван сая таван зуун гучин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж, хохирогч О-т олгосугай.

         7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР