Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00695

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плаза цогцолбор, 1105 тоотод байрлах, “А” ХХК /Регистрийн дугаар: 2697289, 94094505/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Б.Т /Регистрийн дугаар: /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, “Т” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

2,982,517.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар, хариуцагч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “АХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Сая-Үр" ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 0/33 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээг байгуулан манай байгууллагын Орхон аймаг дахь салбар Эм ханган нийлүүлэх төвөөс өөрийн харъяа "Бар үр" эмийн санд эм барааг зээлээр авч байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт" -аар дараа тооцооны авлага болох 2 053 345 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төлөхөөр тохирсон боловч 65 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 1 988 345 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Төлбөл зохих төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,5%-ийн алданги тооцохоор талууд тохирсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны алданги нь 9 426 780 төгрөг болж байгаа бөгөөд алдангийн хэмжээ үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх хуулийн дагуу алданги 994 172,50 төгрөг, төлөгдөөгүй эм барааны төлбөр 1 988 345 төгрөг нийт 2 982 517,50 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т нь АХХК-аас 2017 онд эмийг зээлээр авсан. 2,053,345 төгрөгний эм бараа авснаас 65,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 1,988,345 төгрөгийг төлж чадаагүй. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-21-02 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2019 оны 11 дүгээр сард төрсөн. Одоо 4 сартай, ажилгүй гэртээ байгаа. АХХК-тай тохиролцож график гарган төлөх хүсэлтэй байна. Эхний төлөлтийг 5 сард төлж, сар болгон 20-нд 200,000 төгрөгөөр төлөх боломжтой байна. АХХК-аас өөрийн биеэр зээлээр эм авсан нь үнэн болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлсний төлбөрийн үлдэгдэл 2 982 517,50 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. “Т” ХХК нь 2017 оны 11 сарын 13-нд байгуулагдсан бөгөөд Б.Болормаа миний бие уг компанийг үүсгэн байгуулагч Б.Номин-Эрдэнээс 2018 оны 04 сарын 16 -ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшилд 100 хувь шилжүүлэн авсан юм. Нэхэмжлэлд дурдсан төлбөр үүссэн цаг хугацаа нь 2017 оны 5 сарын 18-ны өдөр гэж байна.Тэгэхээр нэхэмжлэлд дурдсанаар үүссэн өр авлага нь “Сая үр" ХХК, А ХХК-ний хооронд 2017 оны 02 сарын 09-ны өдөр байгуулсан 0/33 дугаартай эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үндсэн дээр үүссэн байх бөгөөд энэ үед “Т” ХХК нь үүсгэн байгуулагдаагүй байсан байна. Иймд ”Т” ХХК нь нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК болон Б.Т нарт холбогдуулан төлөгдөөгүй эм барааны төлбөр 1,988,345 төгрөг, алданги 994,172.50 төгрөг нийт 2,982,517.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 0/33 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээ болон 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн "Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт" –ыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож, дараа тооцооны авлага болох 2,053,345 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төлөхөөр тохирсон боловч 65,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 1,988,345 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “Т” ХХК нь 2017 оны 11 сарын 13-нд байгуулагдсан, Б.Б нь уг компанийг үүсгэн байгуулагч Б.Номин-Эрдэнээс 2018 оны 04 сарын 16-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшилд 100 хувь шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд “С” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2017 оны 02 сарын 09-ны өдөр 0/33 дугаартай эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдах үед “Т” ХХК нь үүсгэн байгуулагдаагүй байсан байх ба, С ХХК-ийг Б.Б худалдаж аваагүй, “Т” ХХК нь 2017 оны 11 сарын 13-нд байгуулагдсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, “Т” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул төлбөрийг хариуцах үндэсгүй байна.

Иймд “Т” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад нэхэмжлэгч нь Б.Т-гийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж хариуцагч “С” ХХК-наас татгалзсан бөгөөд шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШЗ2020/02804 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, Б.Т-гийг хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Т тайлбартаа: “ Х ХХК-аас 2017 онд эм дараа төлөхөөр авсан. 2,053,345 төгрөгний эм бараа авснаас 65,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр 1,988,345 төгрөгийг одоо болтол төлж чадаагүй. “А” ХХК-тай тохиролцож график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Т нь “Сая үр” ХХК-нийг төлөөлж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр “А” ХХК-тай 0/33 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт"-нд гарын үсэг зурж 2,053, 345 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төлөхөөр тохирч хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч хариуцагч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй байх бөгөөд, 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр “А” ХХК-тай 0/33 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний 4.2-т 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Б.Т нь “С” ХХК-ыг төлөөлөх эрхтэй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр “Сая үр” ХХК-ны нэрээр гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч Б.Т-ээс төлөгдөөгүй эм барааны төлбөр 1,988,345 төгрөг, алданги 994,172.50 төгрөг нийт 2,982,517.50 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь 550,000 төгрөгийг төлсөн байх тул 2,982,517.50 төгрөгнөөс төлсөн 550,000 төгрөгийг хасч, Б.Тээс 2,432,517.50 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,62 дугаар зүйлийн 62.3,69.1-д заасныг баримтлан Б.Т-ээс 2,432,517 төгрөг гаргуулан “Ази Фарм” ХХК-нд олгож, “Т” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,671 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс 62,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН