| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00188/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 376
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт С-ын Б,
Нэхэмжлэгч: М овогт Ц-ийн Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын Б, Н нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М, тойргийн шийдвэр гүйцэтгэгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б, Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б, ахлах шийдвэр гүйцэтгэгч М нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүйгээс Б, Н бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл нь: Нэг. Шийдвэр гүйцэтгэгчээс Б, Н бидний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэхдээ уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Хоёр. Шийдвэр гүйцэтгэгч нь бидний эд хөрөнгийг битүүмжилэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчилтэй байна. Гурав. Шийдвэр гүйцэтгэгч нь Б, Н бидний үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам-г гүйцэтгэх баримт бичигт тусгана гэжээ. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд Б, Н бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байдаг. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс Б, Н бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Тав. Б, Н бид шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцлийг хангахгүйгээр зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Зургаа. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын тогтоолд Шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т заасныг зөрчиж байна. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч М нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ тусгаагүй, хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь ямар нотлох баримтаар батлагдаж байгааг заагаагүй орхигдуулжээ. Иймд Б, Н бидний Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б, ахлах шийдвэр гүйцэтгэгч М нарт холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрсөн тохиолдолд ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, гомдол гаргагчид эрх зүйн түр хамгаалалт үүсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгажээ. Нэхэмжлэгч Б, Н бид Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг эс зөвшөөрч ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргасан. Ийм байхад Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, эрх зүйн түр хамгаалалт үзүүлэхийн оронд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хураасан үйл ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч Б, Н бид шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцөлийг хангахгүйгээр зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байхад шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т заасныг зөрчиж байна. Иймд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын Б, Н нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Харин Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэмэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б, Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б, Н би танай шүүхэд гаргасан гомдлынхоо зарим хэсэг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч М-г шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б, Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч Б, Н нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгчээс Б, Н бидний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэхдээ уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь Б, Н нарын эд хөрөнгийг битүүмжилэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчилтэй болсон. Шийдвэр гүйцэтгэгч нь Б, Н нарын үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т “Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам”-г гүйцэтгэх баримт бичигт тусгана гэж заасан. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байдаг. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Б, Н нар нь шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцлийг хангахгүйгээр зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрсөн тохиолдолд ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, гомдол гаргагчид эрх зүйн түр хамгаалалт үүсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгасан байдаг. Б, Н нар Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг эс зөвшөөрч ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргасан. Ийм байхад Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, эрх зүйн түр хамгаалалт үзүүлэхийн оронд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хураасан үйл ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заасныг зөрчсөн. Б, Н нар шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцлийг хангахгүйгээр зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байхад шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т заасныг зөрчсөн. Иймд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Харин тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шүүхийн шийдвэрээр Хас банкны Увс аймаг дахь салбарт төлбөртэй иргэн Б, Н нарын тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б-ын хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан гомдолтой танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 882 дугаартай шийдвэрээр Б, Н нараас 115.432.840 төгрөг гаргуулж Х банкны Увс аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрөөс 31.467.128 төгрөгийг хэсэгчлэн төлсөн байх бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 83.965.712 төгрөг байна. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18210367/01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч нарын өмчлөлийн 2 давхар объект, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг битүүмжлэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоож, хэрэв үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд төлбөр төлөгч иргэний хөрөнгөөс төлбөрийг хэрхэн барагдуулах дарааллыг хуульчилж өгсөн байх бөгөөд тэргүүн ээлжинд мөнгөн хөрөнгөөс, хэрэв мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд өмчлөлийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулж болохыг тусгасан байна. Төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан байх тул тэдний гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд төлбөр төлөгч Б, Н нарын шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэгч Б-ын хөрөнгө битүүмжилсэн болон бусад ажиллагаанууд хуулийн дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэгч С-ийн тус төлбөр төлөгч Б, Н нарын эд хөрөнгийг хураасан үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 882 дугаартай шийдвэрээр Б, Н нараас 115 432 840 төгрөг гаргуулж Х банкны Увс аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрөөс 31 467 128 төгрөгийг хэсэгчилэн төлсөн байх бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 83 965 712 төгрөг байна. Увс аймаг дахь ШШГГ-ын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18210367/02 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч нарын өмчлөлийн 2 давхар объект, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хураан авч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоож, хэрэв үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд төлбөр төлөгч иргэний хөрөнгөөс төлбөрийг хэрхэн барагдуулах дарааллыг хуульчилж өгсөн байх бөгөөд тэргүүн ээлжинд мөнгөн хөрөнгөөс, хэрэв мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд өмчлөлийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулж болохыг тусгасан байна. Төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан байх тул тэдний гаргасан гомдол үндэслэгүй байна. Иймд төлбөр төлөгч Б, Н нарын шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б, Н нар нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын Б, Н нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 882 тоот захирамжаар Б, Н нар нь Х банкинд 115.432.840 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2018 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр 1.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард 98.432.840 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулжээ.
Уг захирамжийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 255 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18210367 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолооор төлбөр төлөгч Б, Н нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Б-ыг байлцуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18210367/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” хуулийн хүрээнд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, мөн хуулийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө” мөн хуулийн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, мөн хуулийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, мөн хуулийн 14.5-д “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ”, мөн хуулийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна”, мөн хуулийн 14.7-д “мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б хуулийн эдгээр заалтуудыг төлбөр төлөгч Б-т огт хэрэгжүүлээгүй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын Б, Н нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Харин Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж, мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.3-т “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч Б, Н нар нь шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураасан тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна.
Б, Н нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн байх ба уг хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэгч Б, Н нар дээрх гомдлыг гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул уг гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б, Н нар нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б, Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б, Н нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын Б, Н нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч С-ийн Б, Ннарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б, Н нар нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/17 дугаар “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б, Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б, Н нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР