Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 391

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: З овогт Д-ийн Б,

      Хариуцагч: З овогт Н-ийн Д нарт холбогдох

     Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч Д, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/239 дугаар захирамжийн дагуу иргэн ДБ-ийн эзэмшлийн 866 метр квадрат газрыг багийн төв барих хэрэгцээгээр тус сумын Засаг даргын Тамгын газар мэдэлдээ шилжүүлэн авч, гэрээний дагуу 8.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн байна. Гэвч тус дэд бүтэц бүхий газарт багийн төв баригдаагүй ба иргэн Б-ийн эхнэр буюу Д 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлсөн газар дээр байгууламж баригдаагүй тул газраа дахин эзэмших хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э, Улаангом сумын Засаг дарга Г нарт гаргасан ба Улаангом сумын Засаг дарга тус газрыг эзэмших эрхээсээ татгалзаж, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 827 дугаар Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай албан бичиг явуулсаны үндсэн дээр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжаар тус газрыг Б болон түүний эхнэр Д-ын эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан газар чөлөөлөх гэрээ, төлбөрийн хүсэлтүүд, Улаангом сумын Засаг даргын захирамжууд, Улаангом сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 827 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/421 дугаар газар тухайн газрыг Улаангом суманд эзэмшүүлэх тухай захирамж, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаартай тухайн газрыг иргэн Д-д эзэмшүүлэх тухай захирамж, гэрч Ч-ын ...Иргэн Б, Д нараас анх газрыг авахдаа төр худалдаж авсан зүйл байхгүй, газрыг нь чөлөөлүүлж авсан байдаг. Тэгэхдээ газар чөлөөлөхөд гарах зардал гэж 8.000.000 төгрөг олгосон. Иргэн Д уг газрыг буцаан эзэмших хүсэлт гаргахдаа 2.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг уг газрыг чөлөөлөхдөө зарцуулсан гэж хүсэлтдээ дурдсан. Иргэн Д-ын өөрийнх нь граж болон хашаа барих зэрэг өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөө буцаан эзэмшмээр байна гэсэн хүсэлт гаргасан болохоор газар буцаан эзэмшүүлсэн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Улаангом сумын Засаг дарга тус сумын иргэн Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 8 дугаар сард гэрээ байгуулж, түүний эзэмшлийн 866 метр квадрат газрыг багийн төв барих хэрэгцээгээр эзэмших эрхийг нь Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлж авсан байна. Уг газрыг чөлөөлөхөд зориулж 2014 онд газарт 5.000.000 төгрөг, түүний дээр барьсан гражид нь 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийн газар ба гражийн нөхөн олговор өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Гэвч сум орон нутгаас тус инженерийн шугам сүлжээ бүхий газар багийн төвийг бариагүй тул иргэн Б-ийн эхнэр буюу Д 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлсөн газраа дахин эзэмших хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э, Улаангом сумын Засаг дарга нарт гаргасан ба Улаангом сумын Засаг дарга тус газрыг эзэмших эрхээсээ татгалзаж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 827 дугаартай Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай албан бичиг явуулсаны үндсэн дээр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжаар тус газрыг иргэн Д-ын эзэмшилд шилжүүлэн, иргэн Д газар чөлөөлөхөд зориулж авсан нөхөн олговрын 8.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг орон нутагт буцаан өгсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б, Д нар хашааны газраа чөлөөлсний нүүлгэлтийн зардалд 5.000.000 төгрөг, түүний дээр барьсан гражийн нүүлгэлтийн зардалд 3.000.000 төгрөг авсан ба буцаан газраа эзэмшихдээ орон нутагт 2.000.000 төгрөг буцаан өгсөн ба одоо 6.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн 193500287 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 158 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн байна. Иймд Улаангом сумын Засаг дарга, Улаангом сумын иргэн Б нарын байгуулсан Газар чөлөөлөх тухай 2014 оны 057, 26 дугаартай нийт 8.000.000 төгрөгийн гэрээний үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг иргэн Б, Д нараас гаргуулж өгнө үү. Тус аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өөрийн санаачилгаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас багийн төв бариулах газар чөлөөлүүлэх талаар судалгаа явуулж, захирамж гаргасан бөгөөд уг захирамжаар иргэн Б, Д нарын газар нь багийн төв баригдах газарт орсон. Ингээд талууд харилцан тохиролцож, Б, Д нарын хашааны нүүлгэлтийн зардал болон гражийн нүүлгэлтийн зардалд нийт 8.000.000 төгрөгийг гэрээ байгуулан шилжүүлж өгөөд, тэдний 866 м.кв талбай бүхий газрыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газар нь өөрийн мэдэлд шилжүүлж авсан байдаг юм. Удалгүй сонгууль болж, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга солигдсон бөгөөд Б, Д нараас багийн төв барихаар чөлөөлүүлсэн газар дээр багийн төв баригдахгүй болсон. Энэ талаар иргэн Б, Д нар мэдээд Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Увс аймгийн Засаг даргын тамгын газартай холбогдоход “Газар чөлөөлсөн зардалд авсан 8.000.000 төгрөгөө буцааж өгөөд газраа эргүүлж авч болно” гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд хариуцагч нар нь урьдчилгаа 2.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газарт төлөөд, Увс аймгийн Засаг даргатай “үлдэгдэл төлбөрийг төлнө” гэж аман байдлаар тохиролцоод газраа эргүүлэн өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 6.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ асуудал нь сүүлд санхүүгийн шалгалтаар илэрсэн бөгөөд Увс аймгийн Засаг даргын тамгын газраас Б, Д нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулсан. Увс аймгийн Прокурорын газраас уг үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнээд иргэний журмаар үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Б, Д нарын газраа чөлөөлсөн нүүлгэлтийн зардалд тодорхой хэмжээний зардал гарсаныг бол үгүйсгэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б, Д нараас 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Б, Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: “ ....2014 онд тэр үеийн сумын Засаг даргын санаачилга, хүсэлтээр гэрээ хийгдэж, газар чөлөөлж нүүсэн. Хотын төвд нэг газар заагаад өгөөрэй гэсэн Тийм газар байхгүй гэсэн мөртлөө хэд хэдэн газарт шинэ газар олголоо. Жишиг хороололд хашаа ав гэсэн бид Хол байна гээд арга ядаад зам дагуу Чандманьд буудалд ойрхон газар авъя гэсэн худаг усгүй, цахилгааны шугамгүй Чандманий хорооллын эцэст хөдөө газар хогийн цэг дээр газар заагаад 11 дүгээр багийн Засаг дарга хашааг нураалцаж хүргэж буулгаж өглөө. Хүний энэ тэргүүний үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж, амьдралын чанарыг хэт доройтуулж, хүнэлэг бус харгис хандсан. Газар чөлөөлж нүүхдээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл өгч хашаа барих газар заалгаж авч, хашаагаа зөөж бариад гэрчилгээ гаргуулах болоход гэрчилгээ олгоогүй. Энэ их нүүдэл суудал үл ойлголцлын улмаас орон гэрээсээ хөөгдөж, 2014 оноос 2016 онд тусдаа ах дүүгээрээ амьдарсан. Энэ хугацаанд амьдралын болон ажлын байран дээр элдэв шахалт дарамт үзүүлэх нөхцөл байдлын улмаас хүндээр өвчилж, сүүлийн 3-4 жил 3 дугаар шатлалын эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж, хөдөлмөрийн чадвараа алдах хүртлээ явсан. Энэ үед зарим дарга бид нэг айлын амьдрал сүйтгэчихлээ гэж ярилцлага болсны үр дүнд үүссэн нөхцөл байдлыг үнэлж эргүүлж газар олгосон. Хөдөлмөрийн чадваргүй болж, хүний асаргаанд ороод дахин нэг айлын /дүүгийнхээ/ ажил амьдралд хүндрэл учруулж, нэг хэсэгтээ эмнэлэг гэр хооронд зөөлгөж, хагас жил болж байж хими тариа хийлгэсэн. Амьдрах орон гэргүй болж, айл айлын хашаа дамжиж, Улаан-Уулын наад тал хуучин постны хажууд 2 удаа, хуучнаар модны үйлдвэрийн дээд талд 2 удаа, Чандмань руу хашаа зөөж буулгаж 2 удаа, нүүдэл хийсэн 15 гаруй жил суурьшсан хашаа амбаар зөөх, хог цэвэрлэх гээд олны хүч, техникийн хүчээр хийх ажил их байсан учир биднээс хамаарахгүйгээр албадан шахуу нүүж гаргасан зардлыг бид эргүүлж төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна. Аймаг, сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад өргөдөл гаргахдаа зардлын тооцооллыг гаргаж өгсөн. Үүнд энэ гэр бүлийн 5 хүний сэтгэл зүй, үл ойлголцлоос үүссэн эд хөрөнгийн хохирлыг тооцож оруулаагүй болно” гэжээ.

    Хариуцагч Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид тухайн үед газраа чөлөөлж нүүлгэлтийн зардалд 8.000.000 төгрөг авсан. Одоо бид нарт төлөх төлбөр байхгүй, төрд хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б, Д нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч нар нь “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

      Увс аймгийн Улаангом сумын иргэн Б нь 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газартай “газар чөлөөлөх гэрээ” байгуулж, газрыг чөлөөлөх зардалд 5.000.000 төгрөг авахаар тохиролцжээ.

      Мөн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газартай “газар чөлөөлөх гэрээ” байгуулж, гражийг чөлөөлөх зардалд 3.000.000 төгрөг авахаар тохиролцсон ба эдгээр гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болжээ.

      Ингээд тус газарт баригдах байсан багийн төвийн барилга баригдаагүй ба уг чөлөөлсөн газрыг дахин эзэмшүүлэхээр болсон тул иргэн Д 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад “...Улаангом сумын Бат-Үржихүй” эмнэлгийн урд байгаа өмнө нь чөлөөлсөн газарт эзэмших зөвшөөрөл олгож өгнө үү” гэх өргөдлийг гаргаж,  Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/602 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч, Д-д 866 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

     2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 000646131 Д-д Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/602 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8516009918 дугаар бүхий 866 м2 газрын 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр Увс аймгийн газрын албаны дарга гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

      Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 142 тоот “шалгуулах тухай” албан бичгээр “...Улаангом сумын Засаг дарга нөхөн олговор олгож тухайн газрыг чөлөөлсөн боловч дахин эзэмшүүлэхээр хүсэлт гарган эзэмшүүлж, өмчлүүлсэн асуудал нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчиж төрд хохирол учруулсан байх тул Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шалгаж хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийг Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа М-д явуулжээ.

      Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 193500287 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 158 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 193500287 дугаартай хэргийг хааж шийдвэрлэжээ. 

   Иймд хариуцагч Б, Д нарын зүгээс төрд хохирол учруулсан гэх 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б, Д нарт холбогдох, нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

  Хариуцагч Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б, Д нарт холбогдох 6.000.000 төгрөг гаргуулах тухай Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР