| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00530/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 445
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М овогт Х-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт В-ийн Т-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эхнэр бид хоёр 2013 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид хоёр гэр бүл болсноос хойш эхний үед сайхан амьдарч байсан. Амьдарснаас хойш эхнэр маань 3 хүүхэд төрүүлээд ажил хийгээгүй. Манай 2 дахь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гарсан. Тэгээд энэ хүүхэд гарснаас хойш эхнэрийн маань зан ааш хувирч, юм л бол уурлан, гэр бүлдээ анхаарал халамж тавих нь суларсан. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гарснаас хойш эмч нар байнгын физик эмчилгээ хийлгэх, маш сайн асрах талаар зөвлөгөө өгдөг байсан. Тэгээд би хүүхдийнхээ эмчилгээ сувилгааг өөрийн биеэр байнга хийлгэдэг байсан бөгөөд хүүхдийн хувцас хунар сайн өмсгөх, хоол унд сайн өгч байх талаар би эхнэртээ байнга хэлдэг боловч зарим үед эхнэр маань хайнга хандаж байгаа юм шиг санагдаад Хүүхдийн асаргаа муу байна гэснээс бид хоёрын хооронд маргаан гарч байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сайн болгож авах талаар өөрийнхөө чадах чинээгээрээ зүтгэсээр яваа. Хүүхэд маань сайн явж чаддагүй, хоёр нүд нь хялар байснаас би эхнэрээсээ зөрөөд Ховд аймагт нүдний хагалгаа хийх Америк эмч нар ирснийг сонсоод охиноо авч явах гэхэд эхнэр охиныг хөдөө авч явснаас тухайн үед авч явж чадаагүй бөгөөд дараа жил нь буюу 2017 оны хавар Ховд аймаг авч яваад нүдний хагалгаанд оруулан нүдний хяларыг нь зүгээр болгож байсан. Би хүүхдээ эмчилгээнд жилд 2 удаа авч явж байсан. Би хүүхдээ заавал эрүүл саруул болгож авна гэсэн маш их эрмэлзлэлээр надад очоогүй лам, бариулаагүй бариач, хийлгээгүй эмчилгээ гэж ердөө байхгүй. Тэгтэл эхнэр маань Наад хүүхэд чинь зүгээр болчихно, эрүүл саруул байхад чи дандаа эмчилгээ сувилгаа хийлгэнэ гээд байдаг гэж ярьдаг. Хүүхдээ хайхарч үздэггүйгээс хэрүүл маргаан үүсдэг. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард охин Б-г хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр групп тогтоосон. Мөн бид хоёр амьдарч байх хугацаанд бид хоёрын амьдрал дунд хадам ээж янз бүрийн юм ярьж, маш их ордогоос эхнэрийн маань ааш зан бас өөрчлөгдсөн гэж үзэж байна. Би хувиараа газар тариалан эрхлэн амьдралаа авч явдаг. Би архи дарс уугаад, агсам согтуу тавьж байгаагүй. Би төрүүлсэн 3 хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой эцэг хүн гэдгээ маш сайн ойлгодог. Би жимс, ногоо тарих, түүнийгээ арчлах, тариалах, хураах гээд надад ердөө зав гардаггүй. Би 2019 сны 4 дүгээр сард эхнэр хүүхдүүдээ бүгдийг Улаанбаатар хот авч яваад охиныхоо эмчилгээг хийлгээд ямар эмчилгээ хийдэг юм байна гэдгийг эхнэртээ мэдрүүлэх зорилго дагуулж явах гэхэд эхнэр маань Би чамтай явахгүй, би хөдөө явна гэснээс бид хоёрын дунд маргаан үүссэн ба би уурлаад таксинд яваад өгсөн. Тэгээд таксинд явж байгаад шөнө гэрлүүгээ явж байтал үл таних хоёр хүн таараад миний машинд орж ирээд 1 шил архи уусан. Би түүнээс жаахан архи уусан бөгөөд эхнэрийн өглөө ярьсан зүйл санаанд ороод маргаан үүсгэсэн. Тэрнээс би эхнэртээ ердөө янз бүрийн үг хэлж, дарамтлах, доромжлох зүйл гарч байгаагүй. Тэгээд би сандал шидсэнээс хөл, гар нь хар хөхөрч хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Би тэр өглөө босоод эхнэрээсээ уучлалт гуйсан. Тэгтэл намайг Цагдаагийн байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгчихөөд бага хүүгээ аваад Хяргас сум руу өөрийнхөө аавынх руугаа яваад өгсөн. Би том охин, хөгжлийн бэрхшээлтэй охин хоёртойгоо үлдсэн. Эхнэр намайг цагдаад өгөх үедээ Чи 3 хүүхдээ өөрөө ав, би тэжээж чадахгүй гэж хэлж байсан. Тэгээд эхнэр хөдөө явсны дараа би хэд хэдэн удаа утсаар ярьсан бөгөөд би буруугаа хүлээн уучлалт зөндөө гуйсан. Би тухайн үед охиноо эмчилгээнд авч явах байтал цагдаагийн байгууллагад шалгагдаад тухайн үед охиноо эмчилгээнд авч явж чадаагүй. Тэгээд эхнэрээ зодсон хэргээр шалгагдан шүүхээс торгуулийн ял авсан. Хэргээ шүүхээр шийдүүлээд 2-3 хоноод 2019 оны 6 дугаар сарын эхээр 2 охиноо аваад Улаанбаатар хот хөгжлийн бэрхшээлтэй охиндоо эмчилгээ хийлгээд 2 сар шахам болоод ирсэн. Охин маань эмчилгээний үр дүнд гайгүй болж явж чаддаггүй байсан одоо шат тулаад явдаг болсон. Одоо байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар бас эмчилгээтэй байсан. Тэгтэл эхнэр маань 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө явснаас хойш нэг ч удаа хоёр охиноо эргэж ирээгүй, эмчилгээ хийлгэсэн эсэх, охин ямархуу байдалтай байсан, ямар болсон талаар надтай утсаар ч гэсэн нэг ч удаа яриагүй байсаар гэнэт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаангомд ирсэн байна гээд надтай утсаар ярихад би байгаа газраас нь очиж аваад өөрийнхөө талбай дээр авч ирсэн. Би өөрөө талбай дээрээ жимсээ хураагаад маш их завгүй байсан юм. Тэгээд бид нар талбай дээрээ байж байгаад орой гэрлүүгээ явах гэхэд эхнэр маань миний шүд өвдөөд байна гэхээр нь би аптек ороод эхнэртээ шүдэнд уух эм аваад гараад ирэхэд машинд сууж байсан эхнэр маань, хоёр охиноо аваад машинаас буугаад алга болсон байсан. Тэр үед харанхуй болсон байсан учир тэр ойролцоо би 20 гаруй минут хайгаад олоогүй. Би хамгийн гол нь хоёр хүүхдийг маань өмсөж байсан хувцас хунартай нь эмчилгээтэй хүүхдийн эмийг хүртэл орхиод явсанд би маш их гомдолтой байгаа. Би эхнэрээ Ажил хийхгүй байна, мөнгө төгрөг олохгүй орлогогүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд харин ч 3 хүүхэд төрүүлсэн эхнэр хүн гэж маш их хүндэтгэлтэй хандаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй охины маань асаргаа, халамжийн мөнгө бүгд 251.000 төгрөгийг эхнэр Т авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй охиндоо эхнэр маань ямар нэг анхаарал тавьдаггүйгээс маргаан маш их үүсэж байсан. Манай гурван хүүхэд маань цэцэрлэгт өмнө жилүүдэд явдаг байсан бөгөөд би 2019 оны 9 дүгээр сард хоёр охиноо цэцэрлэгт өгөхөөр бүртгүүлсэн, бэлтгэлийг нь хангасан байсан. Одоо хоёр охин маань хөдөө явснаас өнөөдрийг хүртэл цэцэрлэгт явуулахгүй хохироож байна. Миний бие газар тариалангийн ажил эрхэлдэг бөгөөд намрын жимс хураалт, хадлан хадах, өвс бэлтгэх зэрэг маш их ажлын үе мөн хүйтний улирал эхлэхээс өмнө бүх ажлаа амжуулах байснаас нааш цаашаа явах зав ердөө гараагүй. Би хүүхдүүдээ маш их хайртай бөгөөд хоёр охиноо өөрийнхөө асрамжинд авч өсгөн хүмүүжүүлж, хүний дайтай хүн болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд миний гэрлэлтийг хуулийн дагуу цуцлан, хоёр охиныг маань миний өөрийн асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй” гэжээ.
Хариуцагч Т шүүхэд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие нь Г-тэй 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас охин Ү, охин Б, бага хүү Б төрсөн. Гэр бүл болоод эхний хэдэн жил бусдын адил сайхан амьдарч байсан. Нөхөр бид хоёр хувиараа жимс ногоо тариалж амьдардаг. Би ойр ойрхон зайтай бага насны хүүхдүүдтэй учир хүүхдүүдээ хардаг бөгөөд үүний хажуугаар нөхрийнхөө ажилд туслаад амьдардаг. Нөхөр маань ихээр архи дарс уудаггүй боловч сард 1-2 удаа заавал уудаг. Уусан үедээ надад байнга гар хүрдэг. Эрүүл үедээ ч их огцом ууртай, уурласан үедээ намайг болон хүүхдүүдээ айлгаж сүрдүүлдэг. Нөхөр маань намайг зодож цохидогийг манай хадам талынхан сайн мэддэг. Би үр хүүхэд, гэр бүлээ бүрэн бүтэн байлгах гэсэндээ нөхрөө зодож цохидог талаар өөрийн аав, ээж бусад хүмүүс болон хууль хяналтын байгууллагад хэлдэггүй байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил нөхрийн маань ааш авир хэтэрч оройд ажлаасаа орж ирээд хүүхдүүд тоглож наадаж дуу чимээ гаргахаар хүртэл хүүхдүүдрүү болон надруу уурлан хашигчиж айлгаж дарамталдаг болсон. Хүүхдүүд маань аавыгаа уурлахаар айж эмээдэг, цочдог. Тиймээс би хүүхдүүдээ айлгахгүй, нөхрөө уурлуулахгүй гэсэндээ нөхрөө орой гэрт ирэхээс өмнө хүүхдүүдээ унтуулаад чимээгүй нам гүм байлгах гэж айж, яардаг ийм байдалтай амьдардаг байсан. Нөхрийн маань энэ ааш авир гэр орны уур амьсгал хүүхдүүдийн маань сэтгэл зүй, хүмүүжил, зан ааш, төлөвшилд муугаар нөлөөлөхөөс гадна миний эрүүд мэнд, амь насанд аюултай байна. Хэдий нөхөр маань намайг зодож цохисон ч надаас уучлалт гуйхад нь “за яахав засрах биз дээ” гэж бодож өнөөдрийг хүртэл уучилсаар ирсэн. Олон удаа зодуулж байсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй бүр хэтэрч тэвчээр минь барагдсан үед хөдөө аавынхаа гэрч очоод байж байгаад эргээд ирдэг байсан. Одоо цаашид энэ хүнтэй хамт амьдрах бодол байхгүй болно. Хүүхдүүд маань хүртэл “ээжээ та аавд намайг битгий өгөөрэй би аавдаа очихгүй гэж уйлдаг”. Одоо би хүүхдүүдийн хамтаар Хяргас суманд хувиараа цайны газартай бөгөөд түүнээс олсон орлогоороо 3 хүүхэдтэйгээ хамтдаа сайхан амьдарч байна. Том 2 охин маань Хяргас сумын цэцэрлэгт явдаг бөгөөд бага хүү маань цэцэрлэгт хамрагдах нас нь болоогүй тул өдөрт намайг ажилтай үед миний ээж хардаг. Иймд 3 хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Түмэндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг Өөрийн 2 охиндоо анхаарал халамж тавьдаггүй, дунд охиныхоо эмчилгээг тасалдаг, эмчлүүлэх дургүй мэтээр ор үндэслэлгүй худлаа зүйлийг бичсэн байна. Дунд охиныг маань нүдний хялар засах хагалгаанд Ховд аймаг руу бид авч явахаар ярилцаж тохирсон байх үед нөхөр маань архи ууж согтуу ирээд намайг зодож цохиж, хүүхдүүдрүү хашигчин айлгаж, дарамталснаас болоод би аргагүйн эрхэнд 2 охиноо аваад хөдөө аавынхаа гэрлүү явсан. Тэр үед би жирэмсэн байсан ба аавынхаа гэрт хүүгээ төрөх хүртэл байж байгаад нөхөр маань ирж аав, ээжээс Нэг удаа уучлаач дахиж ийм асуудал гаргахгүйгээр сайхан амьдрах болно гэж гуйж, би нөхрийнхөө хэлсэн үгсийг сонсоод ханийгаа уучлаад хамтдаа амьдраад үзье гэж хүүхдүүдээ аваад гэртээ ирсэн. Дараа нь нөхөр маань дунд охиноо Ховд аймаг руу нүдний хагалгаанд оруулахаар авч явсан. Тухайн үед бага хүү маань төрөөд удаагүй, би нялх биетэй байсан тул арга буюу нөхөр маань охиноо авч явсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг уурлаад хамт явдаггүй мэтээр худлаа зүйлсийг бичсэн байна. Би дунд охиноо төрсөн цагаас нь хойш асарч, эмнэлэгээр явж хүүхдээ бусдын адил алхаж гишгээд, эрүүл саруул байгаасай гэсэндээ чадах бүхнээ хийсээр ирсэн. Түүнчлэн намайг 2019 оны 4 дүгээр сард 2 охиноо хаяад аавынхаа гэрлүү явсан гэх зүйлийг бичсэн байна. Тухайн үед нөхөр маань согтуу ирж намайг сандалаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би цагдаад нөхрөө өгснөөс болж Г над руу урлаж Цагдаад нөхрөө өглөө, чамаас би сална, чи бууж зайл гэж намайг хүүтэй минь хамт машинаас хөөж буулгаад хаяад яваад өгсөн. Тэр үед би өмссөн хувцастайгаа хүүхэд маань сольж өмсөх хувцасгүй нөхөртөө хөөгдөөд очих газаргүй ээжрүүгээ яриад замын зардал аваад арга буюу аавынхаа гэрлүү явсан. Тэр үед 2 охиноо авах гэхээр өгөхгүй байсан. Мөн надад дахин дахин нааш, цааш ирж очоод байх эдийн засгийн боломж бололцоо байгаагүй, бас би нялх хүүхэдтэй байсан. 9 дүгээр сард би 2 охиноо авах гэж ирэхэд нөхөр маань өгөхгүй болохоор хүүхдүүдээ авахын тулд нөхөртөө Толгой өвдөөд байна гэж худлаа хэлээд эмийн сан орсон хойгуур нь 2 охиноо аваад гэрлүүгээ явчихсан. Одоо би 3 хүүхдийн хамтаар Хяргас суманд хувиараа цайны газар ажлуулаад сайхан амьдарч байна. Нөхөр маань архи дарс ихээр уудаггүй боловч уусан үедээ ширүүн догшин ааштай болдог. Ууж согтуу ирсэн үед нь арга, эвийг нь олоод унтуулах гэхээр агсам тавьж намайг байнга зодож цохидог. Цагдаад өгч шалгуулж байсан нь нэг удаа боловч согтуу ирэх бүрдээ надад гар хүрдэг. Эрүүл байсан үедээ ч их огцом ууртай, уурлахаараа хүүхдүүрүү орилж хашигчин айлгадаг. Оройд гэртээ ирээд хүүхдүүд тоглож наадаад шуугихаар хүүхдүүдээ загнаж надруу уурладаг. Тиймээс би нөхрөө ирэхээс өмнө хүүхдүүдээ хоолыг нь өгөөд унтуулах гэж яардаг байсан. Архи ихээр уудаггүй боловч сард 1-2 удаа ууж надад гар хүрдэг. Эхэндээ би за яахав нэгэнт миний сонгосон амьдрал, миний хань, миний үр хүүхэд гэж өөрийгөө тайвшруулж нөхрөө надад гар хүрдэг гэж аав, ээждээ ч хэлдэггүй байсан. Нөхрийн маань ааш авир хэтэрч зодож, цохих нь ихдээд байсан тул арга буюу 2019 оны 4 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр маань эрүүл, согтуу ч их огцом ууртай, уурласан үедээ юу хэлж, ямар үйлдэл гаргаж байгаагаа өөрөө ч сайн мэддэггүй. Энэ бүхнээс болоод хүүхдүүд маань их айдаг, амархан айж цочдог болчихсон. Би өөрийн хүүхдүүдийг ийм орчинд өсгөхийг хүсэхгүй байна. Түүнчлэн энэ бүхэн цаашдаа миний хүүхдүүдийн эрүүл мэнд, зан ааш, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхвий гэхээр маш их айдаг учраас хүүхдүүдээ өөрийн асрамжид энэ хүнтэй байна. Харин гэрлэлт цуцлуулахыг бол хүлээн зөвшөөрч байна. Надад цаашид энэ хүнтэй хамт амьдрах бодол байхгүй болно. Мөн охины группыг сунгуулсан байгаа. Одоо хүүхдүүд маань цэцэрлэгт хамт явдаг, би өөрөө хувиараа цайны газартай, өөрийгөө болон хүүхдүүдээ тэжээн тэтгэх бүрэн боломжтой тул хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г нь хариуцагч Т-т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, охин Ү, Б нарын өөрийн асрамжид авах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Т нь 3 хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Г, Т нар 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас төрсөн охин Ү, охин Б, хүү Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 317 тоот шинжээчийн “1. Үзүүлэгч Т-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, шуу, цээж, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, баруун зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, хэргийн 117-119 дүгээр хуудаст Г-ийн гэмт хэрэг, зөрчлийн лавлагаанууд авагджээ.
Мөн Г нь эхнэр Т-г зодож Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 79 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.
Т-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Т нь охин Ү, Б, хүү Б нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Гэрч С, Т, П, Н, Х нар нь нэхэмжлэгч Г, хариуцагч Т нарын хоорондын харилцаа хандлага, хүүхдүүддээ хэр анхаарал халамж тавьдаг талаар мэдүүлгүүд өгчээ.
Хэргийн 151-153 дугаар хуудаст охин Б-ын эмчилгээнд явж байхдаа болон, нүдээ эмчлүүлээгүй байхдаа авахуулсан гэх 5 ширхэг фото зураг, мөн охин Б-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсууд хэрэг авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хувиараа газар тариалан эрхэлж орлого олдог ахуйн нөхцөл, бололцоотой тул 2 охиныг өөрийн асрамжид авна хэмээн маргаж байгаа боловч охин Ү, Б, хүү Б нарын насыг харгалзан эх Т-ийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Мөн Т нь хувиараа цайны газар ажиллуулж сард 500.000-600.000 төгрөгийн орлоготой гэх тодорхойлолтыг Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргажээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-д олгох, хариуцагч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г-ээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Т-т олгох нь зүйтэй байна.
2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй.
Учир нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 тоот шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч Г-ийн хувьд “3 хүүхдийг өөрийн асрамждаа авсан тохиолдолд тэдний хүмүүжил болон боловсрол, эрүүл мэндэд анхаарал халамж тавьж чадах эсэх, хүүхдүүдийн өсөж бойжих орчин, ахуй нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, хүүхдүүдтэйгээ ямар харьцаатай байдаг, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглаж, хүүхдийг үл хайрхах, дарамтлах, мөлжих, зодож цохих гэсэн хэлбэрээр хүчирхийлдэг эсэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээ авах чадвартай эсэх, түүнчлэн Т-ийн хувьд “3 хүүхдийг өөрийн асрамждаа авсан тохиолдолд тэдний хүмүүжил болон боловсрол, эрүүл мэндэд анхаарал халамж тавьж чадах эсэх, хүүхдүүдийн өсөж бойжих орчин, ахуй нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, хүүхдүүдтэйгээ ямар харьцаатай байдаг, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглаж, хүүхдийг үл хайрхах, дарамтлах, мөлжих, зодож цохих гэсэн хэлбэрээр хүчирхийлдэг эсэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээ авах чадвартай эсэхийг тус тус тогтоох”-оор заажээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “эрх бүхийн этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах”-аар заажээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүдийн асрамжийг тогтоосон буюу захирамжид заагаагүй ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М овогт Х-ийн Г, Г овогт В-ийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн охин Ү, охин Б, хүү Б нарыг эх Т-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-д олгох, хариуцагч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г-ээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Т-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР