Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0142

 

 

 

О.Хбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч М.Эб

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Хб

Хариуцагч: Д аймгийн Б сумын Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Д аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/73, А/74 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, бичгээр гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гт, хариуцагч М.Эб, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эб

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цс

Хэргийн индекс: 116/2025/0039/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” А/73, Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” А/74 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч О.Хбын Д аймгийн Б сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Д аймгийн Б сумын Засаг даргад даалгаж,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн гаргасан “Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.Гомдлын агуулга. Хариуцагч М.Эбаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

2.1.Газрын тухай хуульд ноцтой зөрчлийг гэрээнд нэрлэн заагаагүй үндэслэлээр зөрчлийг тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй. Шүүх энэ үндэслэлээ тайлбарлахдаа УДШ-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолыг иш татсан байна. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчил зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр хязгаарлагдах мэтээр анхан шатны шүүх тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг газар эзэмших харилцаанд зөрчихгүй байх үүрэгтэй.

2.2. Гэрээнд заасан ямар заалтыг хэрхэн зөрчсөн, түүнчлэн удаа дараа буюу 2- оос дээш удаа, эсхүл ноцтой зөрчсөн гэдгийг захиргааны байгууллага өөрөө тогтоох ёстой байсан боловч үүнийг тогтоогоогүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Газар эзэмшигч нь Газрын тухай хуульд заасан зориулалт болох малчин өөрийн хэрэгцээнд мал аж ахуй эрхлэх зориулалтаа хэрэгжүүлээгүй, Газрын хэвлийг хууль бусаар ашигласан, бусад малчдын, зөвшөөрөлгүй худаг гаргасан зэрэг хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлийг сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нотлон тогтоож, холбогдох шаардлага, мэдэгдлийг өгсөн нь байгаа үйл баримтад анхан шатны шүүх бодит дүгнэлт өгөөгүй байгаад гомдолтой байна.

2.3. УДШ-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэсэн байх ба үүнээс дүгнэвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлүүд нь газар эзэмших гэрээг дүгнэж, түүнд үндэслэн шийдвэр гаргахаар байна гэх агуулгаар хууль тайлбарласан нь үндэслэлгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь газрыг хуанлийн 2 жилийн турш ашиглаагүй болохоо хүлээн зөвшөөрч шалтгаанаа ковид, зудтай холбон тайлбарлаж байгаа нь УДШ-ийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан нөхцөлтэй нийцэхгүй байгаад анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 40.1.1." эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн"-т газар эзэмших гэрээний зөрчлийг дүгнэх агуулгаас гадна газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол ноцтой зөрчил гэж үзэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулийг явцуу утгаар тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, "Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ", 2.2 "Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна" гэж тодорхойлсон. Түүний хүрээнд хариуцагчаас нэхэмжлэгчийн газрын тухай хууль тогтоомж удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр захирамж гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2.4. Газар эзэмших гэрээ байгуулагдаагүй үйл баримт тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байгаа бөгөөд хариуцагчаас гэрээг байгуулаагүй гэсэн тайлбар гаргаагүй. Харин Сумын Засаг даргаар томилогдоод хүлээн авсан бичиг баримт, архивт гэрээ байхгүй байгаа талаар тайлбар гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Гэрээ байгуулах үүрэг нь босоо удирдлага бүхий Газрын албанд байдаг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх нотлох баримт цуглуулах үүргээ анхан шатны шүүх зохих хэрэгжүүлээгүй, зохих байгууллагаас буюу газрын албанаас дээрх гэрээг гаргуулах талаар ажиллагааг хийгээгүй нь анхан шатны шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн эсэхэд дүгнэлт хийж өгнө үү.

2.5.Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх заалт, 26-р зүйлийн 26.1, 26.2, 27.1, 27.2 дахь заалтуудыг Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А\73, 74 дүгээр захирамжууд зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны байгууллагаас газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлын хүрээнд холбогдох албан тушаалтанг томилж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгах шаардлагыг хүргүүлж байсан нь бичгийн нотлох баримт, талуудын болон гэрч нарын тайлбараар тогтоогдоно.

2.6. Сонсох ажиллагааны хувьд нэхэмжлэгч нь Газрын, Усны, Байгаль орчны, Малчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд тухайн орчны малчид нь Малчны тухай хуулийн 4.1.1 "малчны мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх суурь нөхцөл, байгалийн нөөц, бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах" эрхээ сумын засаг даргаас шаардсан нь нийтийн эрх ашиг зөрчигдсөн, түүний улмаас хойшлуулшгүйгээр шийдвэр гаргах шаардлага хариуцагч буюу Сумын засаг даргад үүссэн гэж үзэж ЗЕХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 \нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, 28.1.2 \гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, 28.1.3 иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд хуульд заасан дээрх 3 нөхцөл байдал энэ асуудлыг хувьд мөн бүрдсэн зэрэг хуулийн үндэслэл бүрдсэн гэж үзэж сонсох ажиллагааг хийхгүйгээр захирамж гаргаж байгааг буруутгах үндэслэлгүй байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна.

2.7.Мөн нэхэмжлэлийн шаардлагаас дүгнэхэд захиргааны маргааны урьдчилсан хэлэлцүүлэх зарчмаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргасны дараа шийдвэрлүүлэх захиргааны маргааны төрөлд хамаарах тул Д аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргаагүй байгаа нь хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөлд байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

2.8.Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А\73, 74 дүгээр захирамжууд дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

2.9. Худаг гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус гэж анхан шатны шүүх дүгнэснийг эс зөвшөөр байна. ЗХХШТХ-н 52.5.1 \захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн/-т заасан аль шаардлагад хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдахдаа худаг гаргахыг Засаг дарга амаараа дэмжсэн учраас бичиг баримтаа бүрдүүлж, тэмдэгтийн хураамжаа төлсөн байтал өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж өгөөгүй гэснийг харвал эс үйлдэхүйтэй хамааралтай мэт боловч 52.5.1-т зааснаар үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох агуулгатай байх ба хуульд заасан илт хууль бус гэх шаардлагад дээрх заалт хамаарах эсэх нь мөн тодорхой бус байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой болгоогүй буюу бүрдлийн асуудалд мөн хамаарахаар байна. Нөгөө талаар газрын хэвлий түүн доорх баялаг ашиглахтай холбоотойгоор эцсийн шийдвэр гаргах эрх сумын засаг даргад ЗЗНДНТУТХ болон Байгаль орчны хууль тогтоомжоор олгогдсон эсэхийг нэхэмжлэгч маань эргэж харах хэрэгтэй.

Учир нь гүний худаг гаргах нь газрын хэвлийг ашиглах хуулийн хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд Б сумын засаг даргын хувьд Байгаль орчны хуулийн дагуу иргэний хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх субъект биш бөгөөд Усны тухай хуулийн 18.1.4. "ус ашиглагчид сав газрын захиргааны шийдвэр, энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны мэдээллийн санд бүртгэх)", 28.6. “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоо метрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоо метр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ”-т зааснаар аймгийн Байгаль орчны газрын эрхлэх асуудалд хамаарах тул Усны тухай хуулийн дагуу холбогдох бичиг баримтыг эхэлж тус байгууллагад гаргаж бүрдэл хангагдсаны дараа зохих дүгнэлт зөвшөөрөл гарсны дараа сумын засаг дарга шийдвэр гаргах бөгөөд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөлд Усны тухай хуулийн 13.1.5.энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан ус ашиглах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх хуулийн дараалалтай тул шийдвэр дангаар шийдвэр гаргах эрхгүй этгээд юм.

Нэхэмжлэлийн шаардлага нь сумын Засаг даргаас гүний худаг гаргахыг зөвшөөрсөн акт гаргуулах агуулгатай байгаа тул дээрх Зөвшөөрлийн тухай болон Усны тухай хуулийн дагуу дангаар шийдвэрийг гаргах эрхгүй этгээдээс хуулиар олгогдоогүй эрхийг шаардсан гэж үзэхээр байна. Захиргааны шийдвэрийг аман хэлбэрээр өгсөн үйл баримт хэрэгт байхгүй, хариуцагчаас ийм үйлдэл гаргаагүй болно. Анхан шатны шүүхээс дээрх хууль хэрэглээний асуудалд дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл нэхэмжлэгч нь сумын Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар гаргаж улмаар худгийг гаргасан зүйл баримтыг мөн үнэн зөвөөр тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч О.Хбаас “Д аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/73, А/74 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, бичгээр гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, Б сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Д аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Д аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны А/73, А/74 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1.Маргаан бүхий А/73, А/74 дүгээр тушаалаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.15, 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ...О.Хб нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болон гадны айл оруулж зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.2.Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх  Д аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/101 дүгээр “захирамжаар[2] Д аймаг Б сум Хш 2-р баг, Шанагын замаас баруун тийш эргэцэгтэй толгой шанагийн замаас хойш 1 км 1 тоот хаягт байрлах 9999 м.кв газрыг, мөн багийн Үчны замаас баруун тийш 3 км Үчнаас баруун хойш 4 км 2 тоот хаягт байрлах 9999 м.кв газрыг тус тус өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч О.Хбт эзэмшүүлэхээр олгожээ.

2.3.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж тус тус заажээ.

2.4.Өөрөөр хэлбэл, эрх бүхий Засаг даргын газар эзэмших эрх олгосон шийдвэрийг үндэслэн газрын даамал, газрын алба нь тухайн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр, мөн хуулийн 34.6-д газар эзэмших гэрээнд тусгах зүйлийг зааж, 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байхаар тус тус зохицуулсан байна.

Иймээс  газар эзэмших эрхийн харилцаанд гэрээ нь тухайн газар эзэмших эрхийн агуулга, нөхцөл, талуудын эрх, үүргийг тодорхойлох салшгүй бүрэлдэхүүн гэж үзэх бөгөөд газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээ хамт байгаа тохиолдолд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн, баталгаажсан гэж үзэх үндэслэлтэй.

2.5.Маргааны үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулагдаагүй байхад маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж, ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч газрыг ямар үндэслэлээр, ямар хугацаанд, ямар зориулалтаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шийдвэр, эсхүл түүний дараах гэрээ байгуулах ажиллагаатай ямар хамааралтайгаар бодитоор ашиглаж байсан болохыг тогтоогоогүй, мөн газар эзэмших гэрээ байгуулах талаар нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад хандсан эсэх, хүсэлт гаргасан эсэх, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн эсэх, гэрээ байгуулагдаагүй нь захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс болсон, эсхүл нэхэмжлэгчийн санаачилга, оролцоо дутсанаас шалтгаалсан эсэхийг тодруулаагүй  байх тул маргааныг нэг мөр, бүрэн шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

2.6.Түүнчлэн анхан шатны шүүх нь газар эзэмших гэрээ байгуулагдаагүй нөхцөлд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй эсэх, газар эзэмших эрх нь бүрэн үүсээгүй, баталгаажаагүй нөхцөлд маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж, ашигласан үйлдэл нь хуульд нийцсэн эсэхийг ялгаж тогтоох шаардлагатай. Учир нь гэрээ байгуулагдаагүй нөхцөл байдлыг зөвхөн хариуцагчийн үүрэг гэж дангаар нь авч үзэх үндэслэлгүй бөгөөд бодит эзэмшил, ашиглалтын үйл баримт нь хэрэгт ач холбогдолтой тул түүнийг хангалттай нотлох баримт цуглуулсны үндсэн дээр анхан шатны шүүхээс үнэлж, дүгнэлт өгөх шаардлагатай.

3.Худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-т "ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, 3.1.28-т "ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;” хэлнэ гэж заасан.

3.2.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно.”  27.2.Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусгана: 27.2.1.ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ; 27.2.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар; 27.2.3.худгийн мэдээлэл.3.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 1.26-д “худаг гаргах зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны алба олгох”-оор зохицуулжээ.

3.2.Хуулийн дээрх зохицуулалтаар ус хэрэглэгч буюу өрхийн хэрэгцээний мал аж ахуй худаг гаргуулах тохиолдолд аймаг, нийслэлийн байгаль орчны албанд худаг гаргуулах зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах, тухайн албанаас Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл олгохоор байна.

3.3.Иймд сумын Засаг даргад худаг гаргах зөвшөөрөл олгох эрх хэмжээ олгогдсон эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, нэхэмжлэгчээс гаргасан  “бичгээр гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчаас биелүүлэх боломжтой эсэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.

3.4.Энэ талаарх хариуцагчийн “...нэхэмжлэлийн шаардлага нь сумын Засаг даргаас гүний худаг гаргахыг зөвшөөрсөн акт гаргуулах агуулгатай байгаа тул дээрх Зөвшөөрлийн тухай болон Усны тухай хуулийн дагуу дангаар шийдвэрийг гаргах эрхгүй этгээдээс хуулиар олгогдоогүй эрхийг шаардсан гэж үзэхээр байна.” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.5.Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хариуцагчийг зөв тодорхойлж, холбогдох баримтыг цуглуулсан гэж үзэхээргүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М.Эбын давж заалдах гомдлыг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                          М.ЦЭЦЭГМАА

 

       ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 7-8 дахь тал

[2] Хэргийн 107 дахь тал