Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугжин овогт Доржийн Наранхүүд холбогдох эрүүгийн 201623010030 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Геологийн 05-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

            2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Бугжин овогт Доржийн Наранхүү. /РД: ЛЙ70032870/

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Д.Наранхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 03-05 тоотод оршин суух Я.Ишдоржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой халтар манан хөөрөг хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Наранхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 3-5 тоотод оршин суух Ишдоржийн гэрт орж хөөрөг хулгайлсан. Хулгайлсан хөөргөө Түвшинзаяа гэх хүнд 60.000 төгрөгөөр зарж борлуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг.

Хохирогч Я.Ишдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “Манай гэр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багийн Говийн 03-05 тоотод оршин суудаг. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед байх эхнэр Халтарын хамт гэрээс гарч дэлгүүр ороод 13 цагийн орчим гэртээ очиход Монгол гэрийн гадна талын хаалганы цоож эвдэн орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийсэн гэрийн хоймор байсан авдар дотроос миний өөрийн шүрэн толгойтой манан хөөрөг хулгайд алдсан байсан. Дээр үеийн хөөрөг байгаа юм. Толгой нь шүрэн толгойтой, халтар манан бага гарын хөөрөг байгаа. Миний зүгээс хөөргөө олсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 31 дүгээр хуудас/

Гэрч Т.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “би Бор-Өндөр сумын зах дээр 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх Наранхүү нэг хөөрөг зарна гээд надад үзүүлсэн, хэдээр зарах гэж байгаа талаар асуухад 100.000 зарна гэхээр нь би 60.000 зарвал авлаа гэсэн чинь тэг тэг гээд надад зарсан. Тухайн үед Наранхүү миний аавын хөөрөг аав маань 1994 онд бурхан болсон тэр хүний хөөрөг гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-н 46 дугаар хуудас/

     Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд “...Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 03-05 тоот айлыг заасан ба уг айлын хашааны хаалга нь зүүн талруугаа гүйдэг хаалгаар дотогш ороход хойд талд урагшаа харсан хаалгатай 1 давхар байшин байв. Байшингийн баруун талд гэрийн байр байх ба Наранхүү тэр байр луу зааж энд гэр байсан. Гэрийн хаалганы цоожийг эвдэлж гэрийн хойморт байсан хөөргийг хулгайлж таксинд явдаг Заяа гэх хүнд 60.000 төгрөгөөр зарсан” гэх тэмдэглэл /хх-н 21-22 дугаар хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 73-76/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн болно.                 

          Прокуророос шүүгдэгч Д.Наранхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

   Шүүгдэгч Д.Наранхүүг шунахайн сэдэлтээр, шууд санаатай, идэвхитэй үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 03-05 тоотод оршин суух Я.Ишдоржийн гэрт нэвтрэн орж 7.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Я.Ишдоржийн мэдүүлэг, гэрч Т.Түвшинзаяагийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд  шүүгдэгч Д.Наранхүүг орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

         Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулсан буюу хохирогч хөөргөө буцаан авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хувьд оногдох эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.   

              Шүүгдэгч Д.Наранхүү нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн ялтай байдал дууссан, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна.

        Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Наранхүү нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Бугжин овогт Доржийн Наранхүүг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Наранхүүг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь  зааснаар Д.Наранхүүд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Наранхүү нь хэргийн учир цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Наранхүүд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Д.Наранхүүд хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Наранхүүд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР