| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00354/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 457
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Өлгий сум, 1 дүгээр багт оршин суух, 1994 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ94121005, Бөхнүүд овогт Балжиннямын Төгсбүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Өлгий сум, 1 дүгээр багт оршин суух, 1993 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОИ93112137, Тугтан овогт Намсрайгийн Бөхцоожид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төгсбүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Н.Бөхцоож, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Төгсбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Н.Бөхцоожтой 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хөөрхөн хүүтэй болсон. Бид хамт амьдрах хугацаанд архи ууж, агсам согтуу тавьж бие сэтгэл, махбодь, бэлгийн дарамтад оруулж хамт амьдрах боломжгүй болгосон. 2016 оны 10 дугаар сард аргагүйн эрхэнд гэрээсээ зугтаж төрхөмдөө эргэн ирж ээжтэйгээ 4 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд 2017 онд салах өргөдөл эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч бид эвлэрээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бид хоёр харилцан тохиролцоод тэтгэлэг гаргуулахгүй байхаар шийдсэн. Н.Бөхцоож нь хүү бид хоёрт эх хонь-10, хурга-10, эх ямаа-10, ишиг-10, нийт 40 тооны мал өгөхөөр болсон. Үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Н.Бөхцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Намсрай овогтой Бөхцоож миний бие Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт амьдардаг. Эхнэр болох Балжинням овогтой Төгсбүрэнтэй 2015 онд гэр бүл болж 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1 хүүтэй болсон. Бид 2007 онд мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч бид эвлэрээгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүүгээ ээжийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Би эхнэртээ эх хонь-10, хурга-10, эх ямаа-10, ишиг-10, нийт 40 тооны мал өгөхөөр болсон. Мөн цаашдаа хүүгээ харж хандаж байх болно. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Төгсбүрэн нь хариуцагч Н.Бөхцоожид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн, Н.Бөхцоож нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Харин нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн, хариуцагч Н.Бөхцоож нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзжээ.
Иргэн Н.Бөхцоож, Б.Төгсбүрэн нар 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Батхишиг төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Батхишигийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон байх тул хүү Б.Батхишигийг эх Б.Төгсбүрэнгийн асрамжид үлдээлээ.
Мөн хариуцагч Н.Бөхцоож нь нэхэмжлэгч Б.Төгсбүрэнд эх хонь-10, хурга-10, эх ямаа-10, ишиг-10, нийт 40 тооны мал өгөхөөр болсныг дурдаж байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Төгсбүрэн, хариуцагч Н.Бөхцоож нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Төгсбүрэнгийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 216.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бөхцоожоос 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Төгсбүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Н.Бөхцоожийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тугтан овогт Намсрайгийн Бөхцоож, Бөхнүүд овогт Балжиннямын Төгсбүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Батхишигийг эх Б.Төгсбүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Бөхцоож нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
4. Хариуцагч Н.Бөхцоож нь нэхэмжлэгч Б.Төгсбүрэнд эх хонь-10, хурга-10, эх ямаа-10, ишиг-10, нийт 40 тооны мал өгөхөөр болсныг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Төгсбүрэнгийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 216.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бөхцоожоос 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Төгсбүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Н.Бөхцоожийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР