| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00239/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 460
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 206 дугаар байрны 121 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ93041208, Тайж овогт Энхбуянгийн Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 422-36 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ93031930, Алагийнхан овогт Тогтбуянгийн Отгонхүүд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш, хариуцагч Т.Отгонхүү /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх 2008 онд Т.Отгонхүүтэй танилцаж үерхэж цаашид хамтран амьдрах явцдаа 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Ц.Мандхайг төрүүлсэн. Бид 2015 оны 8 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Цаашид бид хоёр зан харилцааны таарамжгүй явдлаас үл ойлголцож салсан. Ц.Мандхай нь төрсөн цагаасаа миний асрамжид одоо хүртэл явж байна. Одоо Т.Отгонхүү бид хоёр тус тусын амьдралтай болсон тул Ц.Мандхайд эцэг Т.Отгонхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Отгонхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2008 оны 11 дүгээр сараас эхлэн Э.Цэнд-Аюуштай танилцаж үерхэж байх хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охинтой болсон. Үүнээс хойш Э.Цэнд-Аюушийн ээж аавд нь хүүхдээ харуулаад хоёулаа хотод ирж сургуулиас төгсөх шаардлагатай болсон тул хүүхдээ авч явах боломжгүй болсон. Э.Цэнд-Аюуш 2016 онд сургуулиа төгсөөд өөр хүнтэй гэр бүл зохиогоод явсан бөгөөд “Чиний хүүхэд биш, энэ хүүхэд Мягмарын хүүхэд” гэж хэлээд надаас салаад явсан. Салахдаа “Миний амьдралд гай болохгүй, усанд хаясан чулуу мэт алга бол, энэ хүүхэд чиний хүүхэд биш” гэсэн. Салаад явсны дараа миний бие маш их сэтгэл санааны хямралд орсон. Э.Цэнд-Аюуш тэр хүнтэйгээ амьдарч байх хугацаандаа 2019 онд тэр хүнээсээ дахин нэг хүүхэдтэй болсон бөгөөд удалгүй нөгөө Мягмар гэх залуу нь хүүхдээ хаяад салаад явсан. Э.Цэнд-Аюуш салсныхаа дараа “Энэ хүүхэд чиний хүүхэд” гээд надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн. Би тухайн үед маш их сэтгэл санааны хувьд их хохирсон. Гэхдээ би охин Мандхайг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна, энэ талаар маргаангүй. Би эцгийн хариуцлагаа хүлээнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш нь хариуцагч Т.Отгонхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр Э.Цэнд-Аюуш, хариуцагч Т.Отгонхүү нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Ц.Мандхай төрсөн төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Мандхайг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Отгонхүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1829 төгрөгийг Э.Цэнд-Аюушаас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.Отгонхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 33.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цэнд-Аюушд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Мандхайг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Отгонхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1829 төгрөгийг Э.Цэнд-Аюушаас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.Отгонхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 33.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цэнд-Аюушд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР