Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Шүүгдэгч: Ц.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000117 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ********** хамт Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** регистрийн дугаартай, В овгийн Ц-н Д.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Зүүн сөдтэй гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Хюьндай Старекс загварын автомашинаар тээвэрлэж байгаль орчинд 1,360,677 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          - Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өгсөн “...Ц.Д нь хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэсэн гэх ******* сумын 2 дугаар багийн нутаг Зүүн сөдтэй гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт нутагт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 

          - Гэрч ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...******* бид хоёр машины наймаа хийсэн. Би 2019 онд 1,500,000 төгрөгөөр худалдсан нэрээ шилжүүлж амжаагүй байгаа, Ц.Дийн эзэмшлийн машин байгаа юм. Одоо бид хоёр өглөг, авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

          - Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №34 дугаар “...бэлтгэсэн мод 9 ширхэг хуурай, 2 ширхэг нойтон мод байна. Дээрх зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирол нийт 453,559 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

          Өвөрхангай    аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар, улсын байцаагч ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01-26-02/243/09 дугаар "...******* сумын 2 дугаар багийн иргэн Ц.Д нь сум дундын ойн ангийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 34 тоотоор ойд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 453,559 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 1,360,677 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 44 дүгээр  хуудас/,

          - Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №ӨХЦ23-74 дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 193,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

          - Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №ӨХЦ23-72 дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 100,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн моторт хөрөөний хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

          - Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №ӨХ16/023 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,480,469 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

          - Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Зүүн сөдтэй гэх газрын N46°54'22.0", Е101o58119.611 солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна...” гэсэн 126 дугаартай албан бичиг, /хх-ийн 35 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Д хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч В овгийн Ц-н Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай Хюьндай Старекс маркийн тээврийн хэрэгсэл Ц.Дийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул ******* ******* улсын дугаартай Хюьндай Старекс маркийн тээврийн хэрэгслийг,

          мөн гэмт хэрэг үйлдэж олсон 11 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж цэнхэр өнгийн дамартай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

          Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч В овгийн Ц-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В овгийн Ц-н Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай “Хюьндай старекс” маркийн тээврийн хэрэгслийг,

          гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 11 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж цэнхэр өнгийн дамартай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
  2. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН