| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00360/И |
| Дугаар | 463 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 463
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г овогт Ц-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э нь Маргад” дээд сургуулийг бага ангийн багшаар, Улс төр боловсролын академийг төрийн удирдлагын менежерээр, “Соёлын” дээд сургуулийг соёлын менежментийн чиглэлээр суралцаж төгссөн болно. Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 дугаартай захирамжаар Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд түр томилогдсон болно. Ингээд ажилд томилсон захирамж гарсны дараа сумын Засаг дарга “Ажил хүлээлцэх комисс чамайг дуудаж ажлыг чинь хүлээлгэж өгөх байх дуудтал хүлээж бай” гэж хэлсэн. Гэтэл надад тус ажлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд ажлаа хийх гээд шаардахаар “Чамд ажил хүлээлгэж өгөхгүй, ажиллуулахгүй” гэж, Засаг даргын тамгын газрын дарга “Чаддаг юм бол намайг ажил хүлээлцэх комиссоос хасаад ажлаа хүлээгээд ав” гэж хэлээд өнөөдрийг хүртэл намайг ажиллуулахгүй, мөн яагаад ажлуулахгүй байгаа үндэслэлээ хэлэхгүй явсаар өдийг хүрсэн. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Б гэх хүнтэй “Яагаад намайг ажилд томилсон захирамж гарчихаад байхад ажлыг маань хийлгэхгүй байгаа талаар асууж тодруулахаар очиж уулзтал ажлаас чөлөөлсөн захирамж гарсан” гэж хэлээд надад Хяргас сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/12 тоот захирамжийн хуулбар хувийг өгсөн. Тус захирамж дээр У гэх хүнийг Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд түр томилсон байх бөгөөд тус захирамжийн 5 дахь заалтаар намайг томилсон захирамжийг хүчингүй болгосон байна. Гэтэл захирамжийн үндэслэл болсон заалтууд дотор намайг Соёлын төвийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн болон өмнөх намайг ажилд томилсон А/11 тоот захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар юу ч тусгаагүй байна. Би Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж амжаагүй хугацаа нь өнгөрсөн байна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй нь миний буруу. Соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй учир дараагийн эрхлэгч томилогдохоор би ажлаа хүлээлгээд өгнө. Иймд намайг Увс аймгийн Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт явагдаж дараагийн эрхлэгч томилогдох хүртэл хугацаанд тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сумын Соёлын төвийн эрхлэгч У нь өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл болзол хангасан учир ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураар өгч 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар захирамжаар У-г Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Сумын Засаг даргын хувьд төрийн үйл ажиллагааны тасралтгүй байх зарчмыг хангах үүднээс тус орон гарсан ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр Э-г 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар ажилд түр томилох шийдвэр гаргасан. Тус ажлыг хүлээлцүүлэх комиссын даргаар сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц, гишүүдээр нэр бүхий ажилчдыг томилон 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар захирамж гарган хууль эрх зүйн ажилтнаар хүргүүлсэн. Гэтэл ажлын хэсгийн дарга, гишүүд соёлын чиглэлээр суралцсан иргэдийн санал авч түр ажилтан авч ажиллуулах шаардлагагүй гэсэн хурал хийж ажил хүлээлцүүлээгүй байсан. Иймд ажил хүлээлцээгүйгээс болж Соёлын төвийн ажил зогсохоор болсон тул тэтгэвэрт гарсан эрхлэгчийг буцаан түр томилон ажиллуулж байна. Ажил хүлээлцэх комиссын гишүүдийн ашиг сонирхол нэгдээгүй учир ажил хүлээлцэхгүй гэсэн цуурхал иргэдийн дунд тарсан учир томилгоог хүчингүй болгосон. Одоогоор аймгийн төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан. Ажлын хэсгийн гишүүдээс Э-т ажил хүлээлцүүлэхгүй байх талаар татгалзсан талаар мэдээлэл, тэмдэглэл нь тодорхойгүй учир мэдээлэл байхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөө хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч нь тушаалыг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бичиг хэргийн ажилтнаас хуулбар үнэн даруулж авсан хэмээн тайлбарласан ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзээгүй болно.
Нэхэмжлэгч Э нь Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 тоот захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд түр томилогджээ. Ингээд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/12 тоот захирамжаар Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.4, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 2.6 дугаар хавсралт, 472 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтыг тус тус үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Гэтэл Э-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Увс аймгийн Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд сонгон шалгаруулалт явагдаж эрхлэгч томилогдох хүртэл хугацаанд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газраас төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Хариуцагч Ц-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ц-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э-г Увс аймгийн Хяргас сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд сонгон шалгаруулалт явагдаж эрхлэгч томилогдох хүртэл хугацаанд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газраас төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР