| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00388/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 477
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сум, 9 дүгээр багт оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО93112009, Булгадар овогт Даваанямын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Тэс сум, 11 дүгээр багт оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО92112032, Булгадар овогт Догсомын Баатарт холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, хариуцагч Д.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Д.Баатартай 2017 онд танилцан дотносож улмаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Пүрэвдагва төрсөн. Би хүүгээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Д.Баатар нь “Хоёулаа хамтран амьдарна, гэр бүл болно” гэж ярьдаг байсан. Бид хоёр нэг гэрт ороогүй бөгөөд гэрлэлтийн баталгаагүй юм. Гэтэл Д.Баатар нь хүү О.Пүрэвдагвыг төрснөөс хойш надтай уулзахаа больсон, мөн төрсөн хүүхдийнхээ барааг өнөөдрийг хүртэл хараагүй юм. Иймд хүү О.Пүрэвдагвад эцэг Д.Баатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Баатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч Д.Баатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр О.Пүрэвдагва төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогджээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Д.Баатар нь О.Пүрэвдагвын эцэг мөн болох нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2817 тоот дүгнэлт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү О.Пүрэвдагвыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Баатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баатараас улсын тэмдэгтийн хураамж 33.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү О.Пүрэвдагвыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Баатараар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баатараас улсын тэмдэгтийн хураамж 33.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР