Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

    2023             11                 09                                                       2023/ШЦТ/156

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч В.Т********,

Шүүгдэгч Б.М************нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********** овогт Б.М*********д холбогдох  ************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М************нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-ийн нүүрс ачиж буулгах хашаанд Х.О**********тай үл ялих зүйлээр маргалдаж, эрүүл мэндэд нь хутгаар халдсаны улмаас зүүн сарвуунд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М************нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн нүүрс ачиж буулгах хашаанд Х.О**********тай үл ялих зүйлээр маргалдаж, эрүүл мэндэд нь хутгаар халдсаны улмаас зүүн сарвуунд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гаргасан Х.Олонбаярын өргөдөл /хх-н 10-р хуудас/,

Хохирогч Х.О**********ын “...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хашаанд нүүрсээ буулгасны дараа чиргүүлийн арын хоёр хаалгаа хаагаагүй машинаа жолоодоод явж байхад хажуу талын зогсож байсан нүүрс тээврийн машины чиргүүлийн хаалгыг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн хаалгаар шүргэж гарсны дараа би зогсоод би чиргүүлийн хаалгаа хааж байхад чиргүүлийн хаалгаа шүргүүлсэн жолооч намайг хаалгаа хааж байхад ирээд толиндоо харж явахад яадаг юм бэ гэхээр нь би чиргүүлийн хаалга шүргээд гарах үе байдаг шүу дээ чи ямар сүртэй юм бэ гэж хэлтэл тэр залуу намайг гартаа барьж байсан дугуйны лапатикаар цохих гээд байхаар нь би буцаж очоод чиргүүлийн хаалгаа хааж байгаад эргээд харахад тэр залуу хутга бариад ирж байхаар нь би тэр залууд чи ийм жоохон зүйлээс болж хүн алах гэж байгаа юм уу гээд хэлтэл тэр залуу ална гэж хэлээд над руу гартаа барьсан хутгаараа над руу чиглүүлэхээр нь би хутга барьсан гарнаас нь баруун гараараа бугуйн дээрээс нь барьж аваад зүүн гараараа хутга барьсан гарны ар хэсгээс нь барьж авах гэхэд миний зүүн гарын алга хэсэг рүү амдуулаад хутгалахад миний өмсөж явсан бээлий нэвтрээд цус гараад эхлэхээр нь би тэр залууд чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд хэлтэл тэр залуу би чамайг ална гээд дахиж над руу дайрч байгаад яваад өгсөн....дараа нь би тээврийн хэрэгслээ жолоодож пүүн дээр тээврийн хэрэгслийн ачаа шалгах, очоод байж байгаад би хариуцсан удирдах хүмүүст хүн хутгалсан талаар хэлээд байж байхад тэр залуу хүрээд ирэхээр нь би тэр залууд хүн алах гэж байна шүү дээ гээд хэлэхэд тэр залуу надад хэлэхдээ алсан ч яадаг юм гэж хэлээд байж байхад *********** ХХК-ийн хариуцсан хүмүүс ирээд чи мэс барьж хүн хутгалчхаад юу яриад байгаа юм бэ гээд хэлэхэд тэр залуу за уучлаарай гээд хэлж байсан. Тэгээд би Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлэг рүү тээврийн менежер Цоомоог гээд дуудаад байдаг залуутай очиж үзүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/,

2023.10.26-ны өдрийн дахин өгсөн “...Надад эмчилгээний хагалгаанд орох зардал мөнгө 2.300.000 төгрөг гаргаж өгсөн...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/,

Гэрч Б.М***********ийн “....Би “************ ХХК-ийн ачиж буулгах талбайн хашаанд өөрийн жолоодож явсан ************ улсын дугаартай нүүрс тээврийн машины чиргүүлийн хучлага даруулдаг хаймар хутгаар зүсээд зогсож байсан юм. Тэгтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн хаалга онгорхой байхад хажуугаар нүүрс тээврийн машин өнгөрөөд явахдаа онгорхой байсан чиргүүлийн хаалгаар миний чиргүүлийн хаалга цохиж гарахдаа эхний чиргүүлийн хаалга нь миний хамгаалах малгайтай байсан толгой руу цохиод хоёр дахь хаалга нь цохигдож хаагдсан юм. Тэгтэл нүүрс ачиж  буулгах талбайн хүн ахын дүү тээврийн хэрэгслээ урагш нь шахаарай гэхээр нь би өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний чиргүүлийн хаалга шүргэж гарсан тээврийн хэрэгслийн ард нь зогсоод байж байтал тэр тээврийн хэрэгслийн жолооч машинаа тойроод гараад ирэхээр нь би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээс буугаад та толиндоо харж явдаггүй юм уу гээд хэлтэл миний өөдөөс тэр залуу тэгээд би чамаас уучлалт гуйх ёстой юу гээд хэлхээр нь би та хүн дайрч алах нуу ямар сонин пизда вэ гэж хэлээд эргэж хараад машин дээрээ очих гээд явж байхад тэр залуу чи юу гэнээ гэж хэлээд над руу чиглээд алхаж хүрч ирээд чи юу гэнээ би чамайг хойшоо гарахаар чинь алнаа, гуйлгачин болгоно гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд машин дээрээ очоод байж байснаа муу янхны үр сад, пизда гөлөг гээд хараагаад байхаар нь би очоод чи юу гэнээ намайг доромжилж болно миний ээжийг доромжлохгүй шүү гэж хэлтэл миний зүүн мөр хэсгээс хувцаснаас бариад авахаар нь би хувцаснаас барьсан гарыг нь салгах гээд ноцолдож байхад тэр залуу чи намайг хатгачихлаа гээд гараа атгаснаа яваад өгсөн. Тэгээд байж байтал нүүрс ачиж буулгах талбайн хүмүүс ирээд юу болоод байгаа талаар асуухаар нь би наад хүн чинь чиргүүлийн хаалгаар хүн дайрч алах гэж байна гээд хэлтэл пүүн дээр хүрээд ирээрэй гэж хэлээд яваад өгөхөөр нь би араас нь тээврийн хэрэгслээ жолоодоод пүүн дээр яваад очтол тэр залуу пүүний хажууд гараа атгаад гарнаас нь цус гараад байж байтал нүүрс ачиж буулгах талбайн хүмүүс анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг дээр үзүүлэх гээд бид нар эмнэлэг рүү авч ирээд эмчээс зөвлөгөө авахад эмч хэлэхдээ хутга орсон байна гэж хэлээд оёдол тавьж боохоор нь би тооцоо мөнгийг нь өгөөд гарч ирээд байж байхад тэр залуу эргээд холбогдоно гэж хэлээд яваад өгсөн...Тэр залуу бид хоёр байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй...Би чиргүүлийн хаалгаа хаах гэж байхдаа гартаа лапатик барьсан байхад тэр залуу хүрч ирээд намайг цохих гээд байхаар нь би гартаа барьсан лапатикаар далайсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дугаартай "...Х.О***********ын биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Х.О************ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Х.О***********ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.М************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.М************г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.М*************г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Б.М************нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С********** овогт Б.М**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М***********г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Х.О********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Б.М***********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М***********н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА