| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00336/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 493
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 48 айлын орон сууцны 12 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО92110104, Борлууд овогт Цэндсүрэнгийн Оролзодмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 64-07 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ92031536, Акима овогт Бумцэндийн Нямаад холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа, хариуцагч Б.Нямаа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1992 онд төрсөн, 28 настай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би 2012 онд Их засаг их сургуульд элсэн суралцсан билээ. Тэгээд оюутан байхдаа Б.Нямаатай танилцан үерхэж эхэлсэн бөгөөд бидний дундаас 2015 онд хүү Н.Төгөлдөр төрсөн. Б.Нямаа бид хоёр хүүхэд гарсны дараа гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёр танилцан үерхэж байхад эхний үед нөхөр маань архи дарс уух нь бага, халамжтай байсан. Намайг оюутан байхад сургалтын төлбөр төлөх зэрэг ямар нэг хөнгөлөлт надад ердөө үзүүлж байгаагүй. Тэр үед Б.Нямаа ажил хийдэг байсан хэдий ч хааяа, хааяа архи уудаг байсан. Намайг төгсөлтийн шалгалт өгөх үед архи уугаад хоногоор алга болж байсан. Тэгээд 2015 онд хүү Н.Төгөлдөр төрснөөс хойш архи уух нь ихдэж, ажил төрөл хийхгүй амьдарлаа авч явах ямар нэг сэтгэл байхгүй байснаас бид хоёрын хооронд маргаан гардаг болсон. Бид маргалдаж, 2018 оны хавраас хойш тусдаа байгаа бөгөөд хүү, бид хоёрт ямар нэг эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэхгүй 2 жил шахам болж байна. Одоо би хүү Н.Төгөлдөрийнхөө хамт амьдарч байна. Иймд нөхөр Б.Нямаа бид хоёр цаашид амьдрах ямар ч боломжгүй, нөхөр маань хүү бид хоёрт ямар ч халамж анхаарал байхгүй байгаа ба нөхөр Б.Нямаа бид хоёрын гэрлэлтийг хуулийн дагуу цуцлан, хүү Н.Төгөлдөрт гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхэдтэйгээ уулзахаар ирж байгаагүй, хүрээд ирвэл уулзуулахад асуудалгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.
Хариуцагч Б.Нямаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Оролзодмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Улаанбаатар хотод ЭСТО ХХК-д жолоочоор ажилладаг, одоо ажил эрхэлж байгаа тул шүүх хуралдааныг хийж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөх болно. Ц.Оролзодмаагийн хэлж байгаа зарим зүйлс худлаа байна. Хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа нь хариуцагч Б.Нямаад холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Нямаа, Ц.Оролзодмаа нар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү Н.Төгөлдөр төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, “Дун цагаан” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон тул хүү Н.Төгөлдөрийг эх Ц.Оролзодмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н.Төгөлдөрийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Нямаагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оролзодмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямаагаас 174.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оролзодмаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Акима овогт Бумцэндийн Нямаа, Борлууд овогт Цэндсүрэнгийн Оролзодмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү Н.Төгөлдөрийг эх Ц.Оролзодмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н.Төгөлдөрийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Нямаагаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оролзодмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямаагаас 174.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оролзодмаад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР