| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
2023 11 10 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Э.Г**********,
Шүүгдэгч Ц.Б********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У**********овогт Ц.Б**********д холбогдох ************дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б**********нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *************уулзвар дээр Тоёота Ланд круйзер-200 маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаа яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Б********ын жолоодож явсан 87-99 ӨМЭ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, 87-99 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.Б**********нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр **************уулзвар дээр Тоёота Ланд круйзер-200 маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаа яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Б********ын жолоодож явсан 87-99 ӨМЭ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, 87-99 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Насанд хүрээгүй хохирогч О.Б**********ийн“...Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад 10 цаг 30 минутад сургууль дээр сонгонд орох гээд тэгээд ээжийгээ ирэхээр нь сургууль дээр хүргээд өг гэсэн тэгээд ээж бид хоёр сургууль орох гээд тоёота марк-2 маркийн *********** улсын дугаартай автомашиныг ээж жолоодоод би арын суудалд суугаад явж байсан. Тэгээд Говь зочид буудлын засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байхад баруун гар талаас хар өнгийн жийп гэнэт гарч ирээд мөргөөд замаас шидэгдсэн тэгээд хэсэг шокийн байдалтай байж байхад эмнэлэг ирээд ээж бид хоёрыг аваад явсан... Баруун талын 3, 4-р хавирга зөрүү хугаралтай, зүүн гарын долоовор хуруу тулсан одоо хөндүүртэй байгаа, өвдөг дал мөр шалбарсан, Толгой хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн О.Б**********ийн2 дахь удаа өгсөн “ Ц.Б**********нь эмчилгээний зардалд ээж, аав 2-т 1.500.000 өгсөн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонбанзрагчийн " 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед манай эхнэр *********** нь охин О.Б***********ийг хичээлд нь хүргэж өгөх гээд тоёота марк-2 маркийн ********** улсын дугаартай автомашиныг жолоодоод гэрээс явсан. Тэгтэл удалгүй машинд мөргүүлчихлээ гээд над руу утсаар ярихаар нь осол болсон газар нь яваад очиход ************* маркийн машинтай мөргөлдсөн байсан. Манай охин О.Б**********ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Б********** нь төлж байгаа, цаашид шаардлагатай эм тариаг авахаар Б************тай тохиролцсон байгаа ..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 46-47 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.О**************ийн “тоёота марк-2 маркийн ********* улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Ц.Б**********нь үнэлгээний газраас гаргасан үнэлгээний дагуу хохирол төлж барагдуулсан. Цаашид Б************ нь охины эмчилгээний зардал болон машины эвдрэлд нийт 1800.000 төгрөг өгөхөөр тохиролцсон тул одоогоор нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Н.Б********ын“2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед хүүхдээ 1 дүгээр сургууль дээр хүргэж өгөх гээд тоёота марк-2 маркийн 87-99 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодоод Говь зочид буудлын зүүн засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байхад Тоёота Ланд круйзер-200 маркийн ********** улсын дугаартай машин нэлээд хурдтай явж байгаад зогсох шиг болохоор нь би давуу эрхтэй юм чинь зогсох байлгүй гээд явахад баруун гар талаас эрчтэй орж ирээд мөргөсөн. Тухайн үед надад зөөлөн эдийн гэмтэл шөрмөс зангирсан байна гэж эмч хэлж байсан. Тухайн машин нь манай нөхөр О***********ийн нэр дээр байдаг машин. Би охин О.Б**********ийн эрүүл .мэнд болон машинд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг / хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12445 дугаартай “ О.Б**********ийн биед баруун 3, 4-р хавирганы хугарал, зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, өвдөгт цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 74-75 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 271 дугаартай “...Нийт дүн - 1.980.000...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан / хх-ийн 78-80 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “...Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь 1.Уг зам тээврийн ослыг шинжлэн судлахад Тоёота ланд круйзер-200 маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б**********нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн зам ' тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
Тоёота марк-2 маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх магадалгаа /хх-ийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Б**********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б**********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Ц.Б***********ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ц.Б**********нь насанд хүрээгүй хохирогч О.Б**********ийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг, автомашины засварт 1,980,000 төгрөг төлсөн. Цаашид 1,800,000 төгрөг өгч авахаар хоорондоо сайн дураар тохиролцсон болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Б*************ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Ц.Б**********нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.Б***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У********* овогт Ц.Б**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б***********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б**********нь насанд хүрээгүй хохирогч О.Б**********ийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг, автомашины засварт 1,980,000 төгрөг төлсөн. Цаашид 1,800,000 төгрөг өгч авахаар хоорондоо сайн дураар тохиролцсон болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Б**********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б**********ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА