Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 500

 

    Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 1-22 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89062608, Борлууд овогт Цэрэнчимэдийн Мөнгөнчимэгийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 11-56 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ТВ90102310, Мажаа овогт Дуламхандын Зоригт холбогдох,

     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг, хариуцагч Д.Зориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр болох Д.Зоригтой 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анх танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин З.Хунзаяа төрсөн. Би нэг охинтой юм. Гэр бүл болсноос хойш миний том охин Анхням гэрт маань ирэх болгонд байнга хэрүүл гарч байдаг болсон. 1 жил байнгын хэрүүлтэй өнгөрсөн. Би хэзээ ч том охиноо хүн муу үзүүлж, адлуулахыг хүсээгүй. Сүүдээ хадам ээж маань өнгөрч хадмууд намайг ээжийн үхэлд буруутгадаг болсон. Би 2016 оны 1 дүгээр сард гэрээсээ хүүхдээ аваад явсан бөгөөд салаад 4 жил болж байгаа. Одоо Д.Зориг өөр амьдрал зохиосон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдэдээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

   Хариуцагч Д.Зориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг бид хоёр 2014 онд гэр бүл болж, бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин З.Хунзаяа төрсөн. Гэр бүл болсноос хойш эхний хэдэн жил бусдын адил сайхан амьдарч байсан боловч сүүлдээ бидний дунд хэрүүл маргаан, үл ойлголцох асуудал байнга гардаг болсон. Үүнээс болж эхнэр маань охиноо аваад яваад өгсөн бөгөөд бид 2016 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Охин маань ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Миний хувьд одоо тусдаа амьдрал зохиосон бөгөөд цаашид буцаж нийлэх бодолгүй байгаа тул Ц.Мөнгөнчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Надад Ц.Мөнгөнчимэгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охиныг маань Ц.Мөнгөнчимэгийн асрамжинд үлдээж өгнө үү. Миний хувьд охиноо ээжийнх нь асрамжид үлдээж байгаа тул өөрийн охиндоо хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь хариуцагч Д.Зоригт холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Д.Зориг, Ц.Мөнгөнчимэг нар 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин З.Хунзаяа төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, “Дун цагаан” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.

     Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

    Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон байх тул охин З.Хунзаяаг эх Ц.Мөнгөнчимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин З.Хунзаяаг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Зоригоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригоос 174.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгт олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мажаа овогт Дуламхандын Зориг, Борлууд овогт Цэрэнчимэдийн Мөнгөнчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

    2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин З.Хунзаяаг эх Ц.Мөнгөнчимэгийн асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин З.Хунзаяаг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Зоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

   4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

     5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

    6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригоос 174.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгт олгосугай.

    7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР