| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00397/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 501
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С овогт Р-ийн Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох,
2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөгмжийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн хугацааны цалин 2.198.914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга С, гэрч З, О, О, А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Соёлын төвийн хөгжмийн багшийн гэрээ 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусаж, сумын Засаг даргын Тамгын газрын өгсөн чиглэлийн дагуу хөгжмийн багшийг чөлөөлснөөр сумын Засаг дарга З-тай зөвшилцсөний үндсэн дээр би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн ажлыг тасралтгүй 11 сар хавсран гүйцэтгэж хүнд нөхцөлд ажиллаж байсан. Энэ хугацааанд хүүхдийн найрал дууны уралдаан, Алтан намар наадам, Багш нарын баяр, ахмадуудын баяр, шинэ жил арга хэмжээнүүд, хөдөө багийн өдөрлөг 3 удаа, Улаанбаатар хот, Жаргалант суманд нутгийн уугуул иргэдийн өдөрлөгт, сар шинийн золголт арга хэмжээ, сургуулийн цэцэрлэгийн урлагийн үзлэг зохион байгуулах онцлог ажил үйлчилгээ, цуврал арга хэмжээнүүд, гэгээн хайрын өдөр, эх орончдын өдөр, мартын 8, цэргийн баяр, хонхны баяр, хүүхдийн баяр, хөдөө багуудад овгийн баяр, багуудын соёлын өдөр, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, хөдөө багуудын нэгдсэн арга хэмжээ, гурван багт соёлын явуулын үйлчилгээ үзүүлж, улсын баяр наадмын үзэл суртал, залуучууд болон нийтийн цэнгүүн үдэшлэг, концерт бэлтгэн явуулж, сар бүр хурал цуглаанд хөгжим техник хариуцаж ажиллуулах, тохируулах засварлах ажлыг тасралтгүй 11 сар гүйцэтгэж хөгжмийн багшийн ажлыг хавсран ажилласан цалингийн 40 хувиа авч чадаагүй. Тухайн үеийн засаг даргад гурван удаа өргөдөл өгсөн. Багшийн үндсэн цалин 657.185 төгрөг ба сарын 40 хувь 262.874 төгрөгх11сар=2.891.614 төгрөгөөс 700.000 төгрөг 2012 сарын төгсгөлд Засаг даргын захирамжаар олгосон. 2.198.914 төгрөг олгох байсан ч Засаг дарга солигдсон тул миний үлдэгдэл цалинг одоо болтол өгөөгүй байна. Энэ ажил аймаг сумын Засаг даргын жилийн ажлын соёлын зорилтыг биелүүлсэн ажил байсан. Засаг дарга З Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 5.000.000 төгрөгийг олгосон боловч, төрийн сангийн ташаа мэдээлэлээс болж Соёлын төвийн эрхлэгч миний Хөгжмийн багшийн орон тоог хавсран гүйцэтгэсний цалин 2.198.914 төгрөгийг дутуу олгосон болно. Иймд миний хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсний цалин болох 2.198.914 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай сумын Соёлын төвийн эрхлэгч Ө нь ажил хавсран гүйцэтгэсний цалин нэхэмжилсэн байдаг. Миний бие тус сумын Засаг даргын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч ажиллаж эхэлсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хөгжмийн багшийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж, 770.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард олгосон тухай дурдсан байдаг. Энэ нь тухайн байгууллагын 2019 оны төсвөөс хамааран олгогдсон бөгөөд Ө-ын хүссэн хэмжээний цалинг слгох төсөв тухайн байгууллагад байгаагүй тул Хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэх захирамж гараагүй болно. 2020 оны хувьд тус байгууллагын батлагдсан төсвөөс дээрх цалинг гаргах боломжгүй бөгөөд төсвөөс хэтэрсэн цалин олгох эрх төсвийн захирагчид байхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөгмжийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн хугацааны цалин 2.198.914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ө нь Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөгмжийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн хэмээн тайлбарладаг ба шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасань Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 сар, 17 хоногоор хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөгмжийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн хугацааны цалин 2.198.914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.133 улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-ын хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөгмжийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн хугацааны цалин 2.198.914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.133 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР