| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0440/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/475 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0440/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Э-н Х-т холбогдох эрүүгийн 1818000000554 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Э-н Х /РД:****/, 19*** оны * дугаар сарын ***-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***, *** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, ***** дугаар хэсэг, *** дугаар гудамж, ***** тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн **** сумын *** дугаар баг **** дугаар хэсэг ***** дугаар гудамжны **** тоотын үүдэнд найз болох Э.М-ийг “согтуу машин барьж явах гэлээ” хэмээн маргалдаж улмаар толгойн тус газарт нь гараараа нэг удаа, хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойход Э.Х нь миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь миний хоолойг гараараа боосон ... гэх хохирогч Э.М-н мэдүүлэг /хх-ийн 5-6/,
- ...согтсон байсан болохоор зарим нэг асуудлыг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Э.Х нь Э.М-г цохисон бололтой Э.М доошоо тонгойгоод нүүрээ дарж байсан бөгөөд би Э.Х-г салгаж байснаа санаж байна... гэх гэрч Б.Ө-н мэдүүлэг /хх-ийн 9/,
- ...нэг харахад Э.М, Э.Х хоёр зууралдаж байсан бөгөөд би салгаж байсан санагдаж байна... гэх гэрч Б.М-н мэдүүлэг /хх-ийн 10/,
- ...Э.М-н хамраас нь цус гараад нүүрээ цамцаараа дараад зогсож байхаар би Э.Х-с “юу болсон юм бэ” гэж асуухад “Э.М намайг сая хавсраад унагахаар нь би нүүр лүү нь нэг цохичихлоо” гэж хэлсэн... гэх гэрч С.М мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- ...М-н нүүрлүү нь нэг удаа цохиод доошоо тонгойхоор нь дахиад нүүрлүү нь хоёр удаа өшиглөсөн... гэх шүүгдэгч Э.Х-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8/,
- Э.М биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38/,
- Э.М-н эзэмшлийн Самсунг А6 загварын шинэ гар утас 839.000 төгрөг гэх “Капитал Зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Э. Х-н согтуурлыг шалгахад 0.36 хувийн үзүүлэлт илэрч байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Х-н үйлдлийн улмаас хохирогч Э.М-н биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн хэлцлээр нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Х нь иргэн Э.М-г гараараа нэг удаа, хөлөөрөө нэг удаа өшиглөж биед нь баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Э.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн Засаг даргын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн **** дугаартай албан бичиг /хх-ийн 32/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Иймд шүүгдэгч Э.Х нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-т өмнө авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР