Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/465

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0430/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Насанд хүрээгүй хохирогч Л.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ч овогт Н-н Л-д холбогдох эрүүгийн 1818006030382 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт Н-н Л /РД: ****/, 19*** оны *** дугаар сарын ***-нд Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ***  ажилтай, ам бүл ***, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар баг**** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Л нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг, **** гудамж, **** тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин **** настай Л.А-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн бугалга, шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Л-н өгсөн: Манай хүүхэд удаа дараа хулгай хийгээд байхаар нь таслан зогсоохын тулд буруу арга хэмжээ авсандаа хоёр охиноосоо уучлалт гуйж, дахиж ийм байдал гаргахгүй гэж тангараглаж байна. Би зүүж байсан өмдний бүсээрээ хүүхдийнхээ дал руу нь ороолгосон. Л.А-г “эгч нь байж яагаад ийм үйлдэл хийсэн юм бэ?” гээд илүү ороолгосон. Би бүсээ хэдэн хэсэг болгоод хээр булсан гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Л.А-н өгсөн: Би хичээлдээ явж байгаа, онц сурдаг, аав дахиж зодоогүй... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-н өгсөн: Би 2018 оны 7 дугаар сарын ***-ний өдөр Дарханд ирсэн. Би хүүхдүүддээ хоол авч өгөөд, хувцас авч өгөхөөр зах ороод хүүхдүүдийнхээ бүх хувцсыг нь тайлахад манай хоёр хүүхдийг хоёуланг нь аймаар зодсон байсан. Би захаас гарч ирээд, энэ хүнтэй утсаар ярьж загнаад цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч Л.Д-н өгсөн: ...аав гаднаас халамцуу орж ирээд эгч бид 2-ыг “гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ?” гээд өмдний тэлээгээр зодсон. Эхлээд Л.А эгчийг тэлээгээр ороолгоод дараа нь намайг хэд хэдэн удаа ороолгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.Б-н өгсөн: ...би Н.Л уулзаж ярилцахад “2 охины ааш нь эвдрээд миний халааснаас мөнгө, банкны карт аваад дэлгүүрээс дураараа юм худалдаж авсан байхаар нь уур хүрээд 2 охиноо зодчихлоо” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч М.О-н өгсөн: 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Н.Д нь Л.А, Л.Д хоёрыг дагуулаад явж байхдаа “Н.Л согтуудаа 2 охиноо өмдний бүсээр зодсон байна” гэж хэлсэн. Л.А, Л.Д нарын гар, хөл, цээжин хэсэг орчим нь зодуулсан гэмээр хөх эрээн болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай “Л.А-н биед тархи доргилт, цээж, хэвлий, нуруу, баруун зүүн бугалга, шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Нэгдсэн эмнэлгийн эмчийн дүгнэлт ирээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, **** дугаартай “Л.Д-н биед нуруу, зүүн гуяны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу, мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх цус хуралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Нэгдсэн эмнэлгийн эмчийн дүгнэлт ирээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Л, насанд хүрээгүй хохирогч Л.А нар нь төрсөн эцэг охин, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан Л.А-н *** дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 53/, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон насанд хүрээгүй гэрч Л.Д, гэрч Б.Б, М.О мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Л-н 2018 оны 7 дугаар сарын ****-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар баг, ***** дугаар гудамж, **** тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин **** настай Л.А-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн бугалга, шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.А-н биед тархи доргилт, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн бугалга, шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Н.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид торгох ялын хамгийн хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, төлөх хугацааг боломжит урт хугацаагаар тогтоож өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Н.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Л нь **** ажилладаг гэх боловч түүний цалин, орлогын талаар баримт хэрэгт авагдаагүй, бага насны **** охины хамт амьдардаг тул түүний ам бүлийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Н-н Л-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР