Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 502

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овогт Л-ын У-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

   Сахилгын шийтгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга О, гэрч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У нь 2005 оноос хойш Увс аймгийн х сумын эрүүл мэндийн төвд жолоочоор 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ямар нэгэн ажил тасалж хойшлуулж байгаагүй. Миний бие ажиллах хугацаандаа 2009 онд Сумын аварга жолооч, 2011 онд Эрүүл мэндийн салбарын 90 жилийн Хүндэт тэмдэг, 2014 онд Мэргэшсэн жолооч, 2014 онд Онц тээвэрчин, 2016 онд авто тээврийн 90 жилийн Хүндэт тэмдэг, 2016 онд Эрүүл мэндийн яманы Жуух бичиг-ээр тус тус шагнагдаж байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар албан бичгийн дагуу эрүүл мэндийн төвийн нийт эмч ажилчдын хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж уг хурлаар надад албан бичгээр сануулах арга хэмжээ авсан. Ингээд дахин 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эрхлэгч эмч О албаны машинд гамгүй хандсан гэсэн шалтгаанаар 3 сар 20 хувийн үндсэн цалин хасах шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Би ирсэн дуудлагыг цаг тухайн үед нь хугацаанд нь барагдуулан ажиллаж байсан ба дуудлагад явахгүй, тасалдуулж байсан удаа байхгүй. Машин эвдэрсэн үед би засаж янзлан төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж ирсэн. Миний машин дээр Эрүүл мэндийн төвөөс болон сум орон нутгаас үзлэг дүгнэлт огт хийгээгүй. Машин гамгүй эдэлсэн гэж Хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулсан. Би Ардчилсан намаас хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Энэ байдлууд нөлөөлөөд байгаа байх түүнээс надад машин тэргээ эвдсэн асуудал байхгүй. Иймд би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2014 онд эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд ирсэн УАЗ хантар маркын УВА х дугаартай машин ашиглалтын хугацаанаас өмнө гурван жил болоод ашиглалтын шаардлага хангахгүй эвдэрсэн. Мөн 2018 оны 3 дугар сард 31.300.000 төгрөгийн үнэтэй шинээр авсан пургон маркын автомашин 2019 оны 10 дугаар сараас эхлэн аймаг өвчтөн тээвэрлэх боломжгүй болсон. Энэ хугацаанд хувийн унаагаар өвчтөн тээвэрлэн илүү бензин, тос зарлагадаж хохирол учруулсан. Жишээ: Жирэмсэн эх болон 0-5 насны өвчтэй хүүхдийг зориулалтын бус унаанд мэргэжлийн бус жолоочоор эрсдэл үүсгэж тээвэрлэж байсан. Бусдад өөрийн хүсэлтээр жолоо шилжүүлсний улмаас машины эд анги эвдэрсэн. Гэмтэл эвдэрлийг олж засахыг удаа дараа сануулсан боловч засаж сэлбээгүй. Дээрх удаа дараагийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж иргэдээс санал гомдол гарч эмч, мэргэжилтэнгүүдийн нэр төрд халдах болсон тул жолооч У-д сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч У нь хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот У-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч нь Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байгаад Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэн Хариуцсан авто машины ашиглалтын хугацаа дуусахаас өмнө гамгүй хандаж, эвдсэн учир жолооч У-д үндсэн цалингийн 20 хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах-аар заажээ.

     Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцсан авто машины ашиглалтын хугацаа дуусахаас өмнө гамгүй хандаж, эвдсэн болох нь тогтоогдохгүй байна.

  Хариуцагчийн зүгээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 тоот Орон нутгийн өмчийн тухай, Увс аймгийн х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 тоот Хариуцлага тооцох тухай, Увс аймгийн х сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 64 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгүүдэд мөн У-ыг ажлын хариуцлага алдаж, машин эвдсэн талаар нотлох баримт авагдаагүй.

    Мөн Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 30 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг нь хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

    Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот У-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч У-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төваас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот У-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч У-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төваас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР