| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2017/00006/Э |
| Дугаар | 4 |
| Огноо | 2017-01-13 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Эрүүгийн 201623010072 тоот хэргийн шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн .....д 1984 оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ... хамт, Хэнтий аймгийн .... тоотод оршин суух, хэрэгт татагдах үедээ ....ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б овоггт Б-н М /РД:............-т холбогдуулан Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч Б.М
Нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Шүүгдэгч Б.М нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 02 цагийн үед........... тоотод хохирогч Я.А, Х.Н нарыг нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн өдрөөрөө найзтайгаа гэртээ 0.5 граммын “Чингис” нэртэй архийг хувааж уугаад 23 цаг 40 минутын үед унтсан. Гэртээ унтаж байхад шөнө 02 цагийн үед манай ээж Х утсаар залгаж ах эгч хоёр чинь зодолдоод байна, намайг орон дээр гаргаад өг гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд гэрт нь очсон. Гэрт ороход А, Н хоёр гэрийн баруун хойд талд хоорондоо хэрэлдээд чангаацалдаад байж байхаар нь Аийг цааш нь түлхээд Нийг юундаа архи уугаад байгаа юм эхийгээ зовоогоод гэж хэлсэн. Тэгсэн Н миний өөдөөс хэрэлдээд эхийгээ аваад яв гээд хэрэлдээд байхаар нь уур хүрээд Нийг үүд рүү чирсэн чинь А араас зуураад байхаар нь Аийг тохойгоороо арагшаа тохойлдсон тэгэхэд хамраас нь цус гарсан. Тэгсэн А ээжийг чинь ор луу нь өргөж гаргах гэж чамайг дуудсан, ээжийг чинь асарч байгаа нь гай болоо юу гэсэн. Нийг надтай хэрэлдээд байхаар нь дахиад гадагшаа гаргах гээд үүд рүү чирсэн. А араас зуураад байхаар нь эргэж хараад арагшаа түлхсэн. Тэгээд ээж намайг гар гээд байхаар нь гараад явсан. Н нь Аийн хамраас цус гарахаар нь айсандаа цагдаад дуудлага өгсөн гэсэн...Цагдаагийн тасагт ирээд согтуурал хэмжих багажаар шалгуулахад 0,51 хувьтай гарсан. Болсон үйлд явдлыг мэдэж байгаа...Н нь миний төрсөн эгч, А миний хүргэн ах юм. Эгч бид хоёр эцэг өөртэй, эх нэгтэй, манай эгч ээжээр овоглодог...Би Аийг тохойгоороо түлхэж нүүрэнд нь гэмтэл учруулсан нь үнэн. Нийн биед хүрээгүй нүүр лүү нь цохиогүй, Аийг түлхэхэд л цуг давхаралдаж унаж нүдээ гэмтээсэн байх..” гэсэн мэдүүлэг /хх 37-38 дугаар хуудас/
Хохирогч Я.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ ирсэн эхнэр байхгүй гэр орон хүйтэн зэвэргэн, хадам хөгшин хэвтрийн өвчтэй даарчихсан байсан. Намайг орж ирээд удаагүй байхад эхнэр Н гаднаас халамцуу орж ирэхээр нь би уурлаад галаа түлсэнгүй хоол ундгүй гэр хүйтэн зэвэргэн байна. Ээжийгээ даарууллаа олигтой асарсангүй гэж хэлсэн. Тэгсэн эхнэр миний өмнөөс бага зэрэг уурласан. Би галаа түлчихээд гэрээс гарч яваад дүүгийндээ очиж 2,5 литрийн “Кружко” пиво найзуудтайгаа нийлж хувааж уусан...Тэгээд 24 цаг өнгөрч байхад эхнэрээ унтсан байх гээд гэртээ ирсэн эхнэр унтаагүй байхаар нь унтахгүй яасийн юу хийгээд байгаа юм гэж хэлээд бид хоорондоо маргаж байхад гаднаас М орж ирээд юу болоод байгаа юм, яасан гэхээр нь би өөдөөс нь юу ч болоогүй байна. Ээжийгээ халамжил ээж чинь ядраад байна орон дээр нь өргөж гарга гэсэн. М учрыг нь олоогүй байх намайг буруугаар ойлгоод эгчийгээ зодсон гэж бодсон байх, миний нүүр лүү цохиж бид хоёр барьцалдсан. Эхнэр Н бид хоёрыг салгах гэж байгаад нүдээ цохиулсан байсан. Би тухайн үед Нийг нүдээ цохиулсныг мэдээгүй. Нэг мэдсэн л цагдаа орж ирсэн байсан. Миний хамраас цус гарахаар эхнэр айсандаа цагдаад дуудлага өгсөн гэсэн...Болсон үйл явдлыг би ерөнхийдөө мэдэж байгаа. Би Мт жаахан ахархасан л байх, тэрнээс бид хоёрын дунд хэрүүл маргаан зодоон болох шалтгаан байхгүй. Урьд нь бид хоёр хэрүүл маргаан зодоон цохион болж байгаагүй...Хадам хөгшин Мийг дуудаад өг орон дээрээ гармаар байна гэхээр нь Мийн утасны дугаарыг залгаж өгсөн. М удалгүй ирээд л учрыг нь ололгүй эгчийгээ дээрэлхэж байна гэж бодсон байх...Миний нүүрний хэсэг хөхөрч хавдсан байсан. Өөр биед учирсан гэмтэл шарх байхгүй. Ажлаа хийгээд явж байна... гэсэн мэдүүлэг / хх 6-7 дугаар хуудас /
Хохирогч Х.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 сарын 30-ны өдөр манай хоёр найз манай ээжийг эргэж ирэхдээ 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи авчирсан. Тэр архиа бид гурав хувааж уугаад найзындаа очоод 0,5 граммын “Ерөөл” нэртэй архиа гурвуулаа хувааж уусан. Орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр А ажлаасаа ирчихсэн намайг галаа түлсэнгүй, хоолоо хийсэнгүй гэр орон чинь хүйтэн зэвэргэн байна ээж чинь даарчихсан байна гэж уурласан. Би өөдөөс нь чи өөрөө хийхэд яадгийн гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр А уурлаад гэрээс гараад явчихсан. Эргээд 12 цагийн үед л байх. А халамцуу орж ирээд намайг унтахгүй юугаа хийгээд байгаа юм, чамайг унтсан байх гэж бодоод орж ирлээ гэхээр нь чамд ямар хамаатай юм гээд өөдөөс нь хэрэлдсэн...Тэгээд А бид хоёрыг маргаад сууж байхад М гаднаас орж ирсэн. Нэг мэдсэн л М манай нөхрийг цохиж байх шиг байсан. Аийн хамраас цус гарахаар нь би айсандаа цагдаа руу очиж дуудлага өгсөн...М гэрт орж ирээд намайг өмөөрч Аийг буруугаар ойлгоод цохиж зодсон байх. М бид хоёр эхээс хоёулханаа болохоор эгчийгээ л өмөөрсөн байх...М миний төрсөн дүү юм. Бид хоёр эцэг өөр, эх нэгтэй. М намайг зодоогүй. М А хоёрыг зодолдож байхаар нь голоор нь орж болиулах гэж байгаад л цохиулсан байх. Тухайн үед цохиулсанаа мэдээгүй. Намайг М санаатай цохиогүй. Баруун нүдний дээр хөхөрч хавдсан. Өөр гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 10-11 дүгээр хуудас/
Гэрч Г.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой бие өвдөөд байхаар нь цагаан архинаасаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Манай охин Н гаднаас согтуу орж ирсэн байх. Хүргэн А ч согтуу орж ирсэн. Тэр хоёр хоорондоо маргаад байхаар нь болио гэж хэлсэн. Би намхан газар байдаг пүршин орноосоо гулгаад унасан. Тэр хоёрыг ор луу гаргаад өг гэсэн гаргаж өгөхгүй болохоор нь хүү Мийг утсаар дуудах гэсэн дугаараа харахгүй болохоор нь хүргэн Аийг М рүү залгаад өг гэсэн. А М рүү залгаж өгсөн. Би Мтэй яриад энэ хоёр хоорондоо маргаад боль гэхээр болихгүй байна. Миний хүү ирээд ээжийгээ орон дээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Удалгүй М ирсэн. Тэгээд тэр гурав хоорондоо маргаад барьцалдаад байх шиг байсан. Хэн хэнийгээ зодож цохьсоныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх 13-14 дүгээр хуудас/
Гэрч Н.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нөхөр М 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэр өдөр төрсөн өдөр нь байсан болохоор архи жаахан үнэртүүлсэн байсан. Тэгээд хоолоо идээд унтаж байхад шөнө 02 цагийн үед ээж Х нь утасдаад энэ хоёр агсан тавиад байна гэж хэлсэн. Би Мийг халамцуу юм чинь очиж яах юм гэсэн чинь М би очоод ирье Я.А, Х.Н хоёр ээжийг минь зодвол яах юм гээд гараад явсан. Шөнө 04 цагийн үед цагдаа ирж Мийг аваад явсан. Манай нөхөр М архи согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй. Амьдралынхаа төлөө зүтгээд л явдаг. Я.А, Х.Н нарт манай нөхөр аль болох тус болохыг боддог” гэсэн мэдүүлэг /хх 16 дугаар хуудас/
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.М нь хамт ажиллаж байх хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байранд очиж байгаагүй. Хүнтэй харьцахдаа хүний арга эвийг олоод харьцдаг нөхөрсөг харьцаатай. Миний хувьд хамт олны дунд нэр хүндтэй муу хэлэх хүн байхгүй гэж бодож байна” /хх 18 дугаар хуудас/
Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.М нь хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй. Хүнтэй харьцахдаа арга эвийг олоод харьцдаг. Зан байдлын доголдол гаргаад байдаггүй. Хамт олны дунд нэр хүндтэй муу хэлэх хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 206 тоот дүгнэлтэнд: 1.Я.Аийн биед баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод хэсэг, хамрын нурууны баруун хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 22 дугаар хуудас/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 205 тоот дүгнэлтэнд: 1.Х.Нийн биед баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, доод эрүүний баруун хажуу хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, баруун хөлийн өвдөгний дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний гадна дунд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 25 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Я.А, Х.Н нар нь шүүгдэгч Б.Мтэй эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул ЭБШ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Я.А,Х.Н нарыг шүүгдэгч Б.Мтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар 248.1.2,
283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б овоггт Б-н Мийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б овоггт Б-н Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА