Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 4

 

                                     

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн 201623010072 тоот хэргийн шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаанд 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг, Геологи 18-19 тоотод  оршин суух, хэрэгт татагдах үедээ Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Баргилт цехэд Кат ДС-ын жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигин овогт Батсүхийн Мэгзэр /РД:СЩ84113016/-т холбогдуулан Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Тунгалагтуяа

                                            Шүүгдэгч Б.Мэгзэр

                                 Нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Шүүгдэгч Б.Мэгзэр нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 02 цагийн үед Бор-Өндөр сумын 4-р баг Геологи 09-02 тоотод хохирогч Я.Алтангэрэл, Х.Нарангэрэл нарыг нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мэгзэр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн өдрөөрөө найзтайгаа гэртээ 0.5 граммын “Чингис” нэртэй архийг хувааж уугаад 23 цаг 40 минутын үед  унтсан. Гэртээ унтаж байхад шөнө 02 цагийн үед манай ээж Халтар утсаар залгаж ах эгч хоёр чинь зодолдоод байна, намайг орон дээр гаргаад өг гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд гэрт нь очсон. Гэрт ороход Алтангэрэл, Нарангэрэл хоёр гэрийн баруун хойд талд хоорондоо хэрэлдээд чангаацалдаад байж байхаар нь Алтангэрэлийг цааш нь түлхээд Нарангэрэлийг юундаа архи уугаад байгаа юм эхийгээ зовоогоод гэж хэлсэн. Тэгсэн Нарангэрэл миний өөдөөс хэрэлдээд эхийгээ аваад яв гээд хэрэлдээд байхаар нь уур хүрээд Нарангэрэлийг үүд рүү чирсэн чинь Алтангэрэл араас зуураад байхаар нь Алтангэрэлийг тохойгоороо арагшаа тохойлдсон тэгэхэд хамраас нь цус гарсан. Тэгсэн Алтангэрэл ээжийг чинь ор луу нь өргөж гаргах гэж чамайг дуудсан, ээжийг чинь асарч байгаа нь гай болоо юу гэсэн. Нарангэрэлийг надтай хэрэлдээд байхаар нь дахиад гадагшаа гаргах гээд үүд рүү чирсэн. Алтангэрэл араас зуураад байхаар нь эргэж хараад арагшаа түлхсэн. Тэгээд ээж намайг гар гээд байхаар нь гараад явсан. Нарангэрэл нь Алтангэрэлийн хамраас цус гарахаар нь айсандаа цагдаад дуудлага өгсөн гэсэн...Цагдаагийн тасагт ирээд согтуурал хэмжих багажаар шалгуулахад 0,51 хувьтай гарсан. Болсон үйлд явдлыг мэдэж байгаа...Нарангэрэл нь миний төрсөн эгч, Алтангэрэл миний хүргэн ах юм. Эгч бид хоёр эцэг өөртэй, эх нэгтэй, манай эгч ээжээр овоглодог...Би Алтангэрэлийг тохойгоороо түлхэж нүүрэнд нь гэмтэл учруулсан нь үнэн. Нарангэрэлийн биед хүрээгүй нүүр лүү нь цохиогүй, Алтангэрэлийг түлхэхэд л цуг давхаралдаж унаж нүдээ гэмтээсэн байх..” гэсэн мэдүүлэг /хх 37-38 дугаар хуудас/

Хохирогч Я.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ ирсэн эхнэр байхгүй гэр орон хүйтэн зэвэргэн, хадам хөгшин хэвтрийн өвчтэй даарчихсан байсан. Намайг орж ирээд удаагүй байхад эхнэр Нарангэрэл гаднаас халамцуу орж ирэхээр нь би уурлаад галаа түлсэнгүй хоол ундгүй гэр хүйтэн зэвэргэн байна. Ээжийгээ даарууллаа олигтой асарсангүй гэж хэлсэн. Тэгсэн эхнэр миний өмнөөс бага зэрэг уурласан. Би галаа түлчихээд гэрээс гарч яваад дүүгийндээ очиж 2,5 литрийн “Кружко” пиво найзуудтайгаа нийлж хувааж уусан...Тэгээд 24 цаг өнгөрч байхад эхнэрээ унтсан байх гээд гэртээ ирсэн эхнэр унтаагүй байхаар нь унтахгүй яасийн юу хийгээд байгаа юм гэж хэлээд бид хоорондоо маргаж байхад гаднаас Мэгзэр орж ирээд юу болоод байгаа юм, яасан гэхээр нь би өөдөөс нь юу ч болоогүй байна. Ээжийгээ халамжил ээж чинь ядраад байна орон дээр нь өргөж гарга гэсэн. Мэгзэр учрыг нь олоогүй байх намайг буруугаар ойлгоод эгчийгээ зодсон гэж бодсон байх, миний нүүр лүү цохиж бид хоёр барьцалдсан. Эхнэр Нарангэрэл бид хоёрыг салгах гэж байгаад нүдээ цохиулсан байсан. Би тухайн үед Нарангэрэлийг нүдээ цохиулсныг мэдээгүй. Нэг мэдсэн л цагдаа орж ирсэн байсан. Миний хамраас цус гарахаар эхнэр айсандаа цагдаад дуудлага өгсөн гэсэн...Болсон үйл явдлыг би ерөнхийдөө мэдэж байгаа. Би Мэгзэрт жаахан ахархасан л байх, тэрнээс бид хоёрын дунд хэрүүл маргаан зодоон болох шалтгаан байхгүй. Урьд нь бид хоёр хэрүүл маргаан зодоон цохион болж байгаагүй...Хадам хөгшин Мэгзэрийг дуудаад өг орон дээрээ гармаар байна гэхээр нь Мэгзэрийн утасны дугаарыг залгаж өгсөн. Мэгзэр удалгүй ирээд л учрыг нь ололгүй эгчийгээ дээрэлхэж байна гэж бодсон байх...Миний нүүрний хэсэг хөхөрч хавдсан байсан. Өөр биед учирсан гэмтэл шарх байхгүй. Ажлаа хийгээд  явж байна... гэсэн мэдүүлэг / хх 6-7 дугаар хуудас /

Хохирогч Х.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 сарын 30-ны өдөр манай хоёр найз манай ээжийг эргэж ирэхдээ 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи авчирсан. Тэр архиа бид гурав хувааж уугаад найзындаа очоод 0,5 граммын “Ерөөл” нэртэй архиа гурвуулаа хувааж уусан. Орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Алтангэрэл ажлаасаа ирчихсэн намайг галаа түлсэнгүй, хоолоо хийсэнгүй гэр орон чинь хүйтэн зэвэргэн байна ээж чинь даарчихсан байна гэж уурласан. Би өөдөөс нь чи өөрөө хийхэд яадгийн гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Алтангэрэл уурлаад гэрээс гараад явчихсан. Эргээд 12 цагийн үед л байх. Алтангэрэл халамцуу орж ирээд намайг унтахгүй юугаа хийгээд байгаа юм, чамайг унтсан байх гэж бодоод орж ирлээ гэхээр нь чамд ямар хамаатай юм гээд өөдөөс нь хэрэлдсэн...Тэгээд Алтангэрэл бид хоёрыг маргаад сууж байхад Мэгзэр гаднаас орж ирсэн. Нэг мэдсэн л Мэгзэр манай нөхрийг цохиж байх шиг байсан. Алтангэрэлийн хамраас цус гарахаар нь би айсандаа цагдаа руу очиж дуудлага өгсөн...Мэгзэр гэрт орж ирээд намайг өмөөрч Алтангэрэлийг буруугаар ойлгоод цохиж зодсон байх. Мэгзэр бид хоёр эхээс хоёулханаа болохоор эгчийгээ л өмөөрсөн байх...Мэгзэр миний төрсөн дүү юм. Бид хоёр эцэг өөр, эх нэгтэй. Мэгзэр намайг зодоогүй. Мэгзэр Алтангэрэл хоёрыг зодолдож байхаар нь голоор нь орж болиулах гэж байгаад л цохиулсан байх. Тухайн үед цохиулсанаа мэдээгүй. Намайг Мэгзэр санаатай цохиогүй. Баруун нүдний дээр хөхөрч хавдсан. Өөр гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 10-11 дүгээр хуудас/

Гэрч Г.Халтарын мөрдөн байцаалтанд  өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой бие өвдөөд байхаар нь цагаан архинаасаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Манай охин Нарангэрэл гаднаас согтуу орж ирсэн байх. Хүргэн Алтангэрэл ч согтуу орж ирсэн. Тэр хоёр хоорондоо маргаад байхаар нь болио гэж хэлсэн. Би намхан газар байдаг пүршин орноосоо гулгаад унасан. Тэр хоёрыг ор луу гаргаад өг гэсэн гаргаж өгөхгүй болохоор нь хүү Мэгзэрийг утсаар дуудах гэсэн дугаараа харахгүй болохоор нь хүргэн Алтангэрэлийг Мэгзэр рүү залгаад өг гэсэн. Алтангэрэл Мэгзэр рүү залгаж өгсөн. Би Мэгзэртэй яриад энэ хоёр хоорондоо маргаад боль гэхээр болихгүй байна. Миний хүү ирээд ээжийгээ орон дээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Удалгүй Мэгзэр ирсэн. Тэгээд тэр гурав хоорондоо маргаад барьцалдаад байх шиг байсан. Хэн хэнийгээ зодож цохьсоныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг  /хх 13-14 дүгээр хуудас/

Гэрч Н.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “Манай нөхөр Мэгзэр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэр өдөр төрсөн өдөр нь байсан болохоор архи жаахан үнэртүүлсэн байсан. Тэгээд хоолоо идээд унтаж байхад шөнө 02 цагийн үед ээж Халтар нь утасдаад энэ хоёр агсан тавиад байна гэж хэлсэн. Би Мэгзэрийг халамцуу юм чинь очиж яах юм гэсэн чинь Мэгзэр би очоод ирье Я.Алтангэрэл, Х.Нарангэрэл хоёр ээжийг минь зодвол яах юм гээд гараад явсан. Шөнө 04 цагийн үед цагдаа ирж Мэгзэрийг аваад явсан. Манай нөхөр Мэгзэр архи согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй. Амьдралынхаа төлөө зүтгээд л явдаг. Я.Алтангэрэл, Х.Нарангэрэл нарт манай нөхөр аль болох тус болохыг боддог” гэсэн мэдүүлэг /хх 16 дугаар хуудас/

Гэрч А.Батхуягийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “Б.Мэгзэр нь хамт ажиллаж байх хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байранд очиж байгаагүй. Хүнтэй харьцахдаа хүний арга эвийг олоод харьцдаг нөхөрсөг харьцаатай. Миний хувьд хамт олны дунд нэр хүндтэй муу хэлэх хүн байхгүй гэж бодож байна” /хх 18 дугаар хуудас/

Гэрч Г.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Мэгзэр нь хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй. Хүнтэй харьцахдаа арга эвийг олоод харьцдаг. Зан байдлын доголдол гаргаад байдаггүй. Хамт олны дунд нэр хүндтэй муу хэлэх хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 206 тоот дүгнэлтэнд: 1.Я.Алтангэрэлийн биед баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод хэсэг, хамрын нурууны баруун хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн  дүгнэлт /хх 22 дугаар хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 205 тоот дүгнэлтэнд: 1.Х.Нарангэрэлийн биед баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, доод эрүүний баруун хажуу хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, баруун хөлийн өвдөгний дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, баруун шилбэний гадна дунд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 25 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мэгзэрийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мэгзэр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Я.Алтангэрэл, Х.Нарангэрэл нар нь шүүгдэгч Б.Мэгзэртэй эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул ЭБШ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Я.Алтангэрэл,Х.Нарангэрэл нарыг шүүгдэгч Б.Мэгзэртэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мэгзэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мэгзэр нь шүүх хуралдаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар 248.1.2,

283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Батсүхийн Мэгзэрийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Батсүхийн Мэгзэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэгзэрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3.Шүүгдэгч Б.Мэгзэр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Мэгзэрт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

    

 

                               ДАРГАЛАГЧ                                     С.БАЙГАЛЬМАА