Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0565   

 

2017 оны 07 сарын 19 өдөр             Дугаар 128/ШШ2017/0565          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Д"ХК.

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч.

Гуравдагч этгээд: Л.П

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны ******* дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл  нь 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулсан нь хууль бус байх тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчингүй болгуулах, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Р.Ц, гуравдагч этгээд Л.П нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны оны ******* дугаар сарын 31-ний өдөр хуралдуулж хурлын холбогдох материалуудыг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид хүргүүлсэн. Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичигт хувьцаа эзэмшигч Б.А танаа гээд “Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн баримтаар "Д" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2016 оны оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны оны ******* дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд 2016 оны оны 02 дугаар сарын 19-ний өдөр байршуулан олон нийтэд мэдээлсэн байдаг.  Иймд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй байна гэж үзэн ээлжит бус хурал хуралдуулах санал гаргасан нь үндэслэлгүй. ” гэсэн хариуг мэдэгдсээр байтал Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А-ийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдэлд “хороонд 2016 оны оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн "Д"ХК-ийн 2016 оны оны ******* дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан хурал 2016 оны оны ******* дугаар сарын 31-ний өдөр хуралдсан, хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хорооны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хугацаатай үүрэг өгсөн” гэж заасан боловч уг албан бичиг нь монгол шуудангаар дамжин тус компанийн удирдлагад очих ёстой байсан. Гэтэл "Д"ХК-ийн нэр дээр Санхүүгийн зохицуулах хорооноос албан бичиг ирээгүй болно гэсэн -Уул аймгийн шуудан үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар албан бичгээр нотлогдож байна. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хороонд компанийн хурлыг бүртгэж авсан эсэх талаарх мэдэгдэл гарган өгөхийг хүсч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1/38 дугаар албан бичгийг өгсөн.

“Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хариуг яаралтай буюу 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байхад Санхүүгийн зохицуулах хорооноос хайхрамжгүй хандан хариу мэдэгдэлгүй хэт нэг талд үйлчилж байгаа үйлдэлд нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1/02 дугаар албан бичгээр гомдол гаргахад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хариу өгсөн.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Б, Ж.О нарын хооронд хувьцааны маргаан үүссэн тул Б.Б-ын гомдлоор Улаанбаатар хотын мөрдөн байцаах газарт Ж.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ба энэ хугацаанд Ж.О нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцож санал өгсөн байдаг Санхүүгийн зохицуулах хороо нь тус компанийн 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр шаардлага хүргүүлсэн гэж байгаа боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Учир нь хурал хуралдсанаас хойш 5-8 сарын хугацаа өнгөрсний дараа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгүүд нь хууль бус болохыг нотолж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар бүхий шүүгчийн захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд хандаагүй байна гэсэн үндэслэлээр татгалзсаны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд хандахад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хариу өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилсан учир нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Тус компани 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны ******* дугаар сарын 31-ны өдөр зарлан хуралдуулж. Хурлын холбогдох материалуудыг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид  хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч Б.А 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Д"ХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласныг Монголын хөрөнгийн биржээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 01/787 тоот албан бичигт хувьцаа эзэмшигч Д.******* танаа гээд Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн баримтаар "Д"ХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны ******* дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаст 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баримтжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Энэ нь Компанийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй байна гэж үзэн ээлжит бус хурал хуралдуулах санал гаргасныг үндэслэлгүй байна гэж хариу өгсөн байна.

Би уг бичгийн хувийг хүлээж аваад Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч н.Б-тай очиж уулзахад, танай компанид 09 сард хугацаатай үүрэг өгсөн бичиг явуулсан та тэр бичгээ олж аваад хариуг нь аваад ир, ямар нэг хурал бүртгээгүй гэсний дагуу -Уул аймгийн шуудан үйлчилгээний газарт албан бичиг хүргүүлсэн боловч тус газраас албан бичиг  ирүүлээгүй гэсэн хариу өгсөн. Уг бичгийн эх хувийг 2016 оны 11 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт хэлтсийн ажилтан Б. гардаж авсан.

Уг бичиг манайд очоогүй гэж мэдэгдсээр байтал Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.гийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* мэдэгдэлд "Д"ХК-ийн 2016 оны ******* дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн хурал, 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн байхад 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0******* тоот албан бичгээр хугацаатай үүрэг өгсөн гээд "Д"ХК-ийн 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурал хүчин төгөлдөр болсон гэж тооцох боломжгүй болсон байна гэснээр манай хурлыг хүчингүйд тооцсон.

Санхүүгийн зохицуулах хороо манай компанийн хурлын материалыг хүлээж авснаасаа хойш бүтэн 8 сарын хугацаа өнгөрсний дараа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 0******* дугаартай мэдэгдлээр манай хурлыг хүчингүй гэж үзэж байгаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг илтээр зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хэт нэг талд үйлчилж байгаа нь зохисгүй үйлдэл юм.  Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д"ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэх үйлдлээ биелүүлээгүй. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйн улмаас манай компанийн хувьцаа эзэмшигчид дунд үл ойлголцол үүсэж улмаар бага хэмжээний хувьцаа эзэмшигч хууль бус хуралдаан зарлаж бусад хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр асуудал болох "Д"ХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын тухайд:

Тус компани нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй улмаас мөн оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг хуралдуулж холбогдох материалыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-дхувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх” гэсэнтэй нийцүүлж 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хороонд ирүүлсэн.

Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам” /цаашид “журам” гэх/-д заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

Дээрх журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын материалыг хянаж, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тул Хорооны 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр холбогдох тайлбар, нотлох баримтыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хороонд ирүүлэхийг "Д" ХК-д мэдэгдсэн.

Тус компани нь тогтоосон хугацаанд холбогдох тайлбар, нотлох баримтуудыг Хороонд ирүүлээгүй болно.

Хувьцаа эзэмшигч Б.иас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр Хорооны дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын материал хянасан албан бичгийг хүлээж аваагүй талаар мэдэгдэж, дээрх албан бичгийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой нэмэлт материал ирүүлсэн.

Хувьцаа эзэмшигч Б.Б-иас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр тус компанийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг хуулийн дагуу хуралдсан болох талаар албан тоот ирүүлэхийг хүссэн хүсэлтийг дахин хянаад Хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой тайлбар, нотлох баримтуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн баримт материал нь шаардлага хангахгүй байгаа тул тус компанийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болсон гэж тооцох боломжгүй талаар мэдэгдсэн.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг дээрх хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзэхэд дараах шаардлагыг хангахгүй байсан.Үүнд:

1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд:

1.1. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ба уг шийдвэрт хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу 32 хоногийн дараа хуралдуулахаар товлосон нь мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэж заасныг зөрчсөн.

1.2. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрт тооллогын комиссын дарга, гишүүдийг томилох асуудлыг тусгаагүй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргасан этгээд хурлын тооллогын комиссыг томилох бөгөөд уг комиссын үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тогтоож болно” гэж заасантай нийцүүлж хурлын тооллогын комиссыг томилоогүй, харин хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлын 01 тоот тогтоолоор тооллогын комиссыг томилсон шийдвэр нь Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж тооллогын комиссын гишүүнээр ТУЗ-ийн дарга Ж.ыг томилсон.

1.3. Журмын 3.10-т “Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичиг, хурлын зар мэдээг нийтэд анх хүргэсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид хүргүүлнэ” гэж заасныг хангасан талаарх мэдээлэл ирүүлээгүй;

1.4.  Журмын 3.3-т “Хурал зарлагч этгээд нь хурлын зарыг хурал хуралдахаас 30 болон түүнээс багагүй хоногийн өмнө өдөр тутмын 2-оос доошгүй сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевиз болон Хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ мэдээлнэ” гэж заасны дагуу зар мэдээ хүргэснийг нотлох баримтыг ирүүлээгүй;

1.5. Журмын 3.4-т “... мэдээг мэдээлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа анх мэдээлсэн хэлбэрийн дагуу дахин мэдээлнэ” гэж заасны дагуу зар мэдээ хүргэснийг нотлох баримтыг ирүүлээгүй;

1.6. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрт хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт /хуулийн 60.2.5 дахь заалт/,  саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга /хуулийн 60.2.6 дахь заалт/,  саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр /хуулийн 60.2.7 дахь заалт/, хурлын дарга /хуулийн 60.2.8 дахь заалт/, тооллогын комиссын дарга, гишүүдийг томилох /хуулийн 60.2.9 дэх заалт/ зэргийгтус тус тусгаагүй;

          1.7. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6-д заасан хугацаанд хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх мэдээллийг ирүүлээгүй.

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайд:

2.1. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн эсэх талаарх мэдээллийг ирүүлээгүй;

2.2. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад нь тоолно. Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж заасантай нийцүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон "Д"ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санал авах хуудсыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Саналын хуудсаар өгсөн саналыг дараах тохиолдолд хүчинтэйд тооцно”, 72.1.3-д “кумулятив аргаар санал хураан сонгох тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшигч бүрд өгсөн саналын тооны нийлбэр нь тухайн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийн тооны нийт дүнгээс илүүгүй байх бөгөөд саналын эрхийн тооны нийт дүн нь тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа саналын эрх бүхий энгийн хувьцааны тоог сонгогдох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна” гэсэн заалтыг зөрчиж саналаа өгсөн тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон асуудал хүчингүй болсон байна.

2.3. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна” гэж заасны дагуу шинээр сонгогдсон гишүүдийн дэлгэрэнгүй анкетыг ирүүлээгүй;

           2.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр 79.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх мэдээлэл ирүүлээгүй;

           2.5. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу гэрчилгээний хуулбарууд ирүүлээгүй.

3.Бусад

3.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д заасны дагуу Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороонд ирүүлээгүй.

Мөн хувьцаа эзэмшигч Б.иас Хороонд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр тус компанийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг дахин ирүүлсэн бөгөөд Хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичигт дурдсан асуудлаар холбогдох нэмэлт баримт, материалыг Хороонд ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар Хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр илэрхийлсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаар асуудал болох "Д"ХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тухайд:

"Д" ХК нь тогтоосон хугацаанд дээр дурдсан асуудлаар  холбогдох тайлбар, нотлох баримтуудыг Хороонд бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь журмын нөхцөл, шаардлагыг хангаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд "Д" ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Аийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах хуралдуулахаар мэдэгдэл ирүүлсэнийг хүлээн авч, хурал зарлан хуралдуулахад татгалзах зүйлгүй болохыг Хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Улмаар тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Аийн зарласан "Д" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалыг Хороонд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам” /цаашид “журам” гэх/-д заасны дагуу хуралдуулж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-д заасан үүргийн дагуу уг хурлын материал болон шинээр сонгогдсон ТУЗ-ийн хурлын материал, гарсан шийдвэрийг тус Хороонд хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

          Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагыг хангаж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд нийт саналын эрхтэй энгийн хувьцааны 77.9 хувийг эзэмшигчид оролцсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцохоор байна гэж үзсэн.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлаар "Д"ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж хуралд оролцож,санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар сонгосон байна. Хороонд ирүүлсэн баримт материалд үндэслэн "Д"ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох асуудлыг Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн шийдвэрлэсэн  гэж дүгнэсэн.

Харин Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу гэрчилгээний хуулбарууд, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх мэдээлэл зэргийг ирүүлэхийг шаардсаны дагуу тус компани нь компанийн засаглалын гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны анкетуудыг ирүүлсэн.

Хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр "Д"ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Аийн зарласан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хойшлогдсон хурлын материалыг хянаж хариу өгсөн болно.

Иймд "Д"ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.иас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  Өмнөх хурал дээр ч байнга хэлдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхой бус ойлгомжгүй хэвээрээ байна гэж бид үзэж байна. Яагаад вэ гэхээр ээлжит хурлыг бид хүчин төгөлдөр бус гэдгийг 12 дугаар сарын 23-нд хэлээгүй 09 дүгээр сарын 02-ны өдөр үүрэг даалгавар өгсөн. Энэ материалуудыг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд танай хурлыг хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэнэ гээгүй ийм материал нэмж ирүүлээ л гэсэн. Миний ойлгож байгаагаар нотлох баримтын хэмжээнд баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Энэ баримтыг үзэхэд манай хорооны архивд байхгүй байна. Төрийн байгууллага нөхөж хийдэг, худлаа ярьдаг гэсэн зүйл ярьж байна. Бид архивын материалаа авч ирээд тулгалт хийхэд сая шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд эх хувиараа байхгүй байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энэ баримтуудыг Хороонд өгөөгүй бид нар Хороонд өгсөн материалын хэмжээнд хурлын материалыг хянаад тэр хэмжээнд нь Хорооны шийдвэрүүд гарсан.

Хорооны шийдвэрээс болоод хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүсэн гэдэг зүйл ярьж байна энэ худлаа гэдгийг хорооны шүүхэд гаргасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариу тайлбартаа дурдсан. Яагаад вэ гэхээр энэ үл ойлголцол энэ жил үүсээгүй бараг сүүлийн 3, 4 жил үргэлжилж байна. Үүнийг бид тодорхой бичиж өгсөн. Энэ хурал зарласан этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурлаа сүүлийн 2010 оноос хойш Компанийн тухай хууль болон хорооноос баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журмын шаардлагыг аль алийг нь хангаагүй. 2013, 2014 онд хоёр удаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг сүүлийн 3, 4 жил зөрчсөн. Үүнээс үүдэлтэйгээр хувьцаа эзэмшигчдийн хоорондын зөрчил үүссэн болохоос биш хорооны 2012 оны 12 дугаар сарын 23-ны бичиг эсхүл 09 дүгээр сарын 02-ны бичиг авснаас хамаарч үүсээгүй. Энэ талаар бид шүүхэд тайлбараа тодорхой хэлсэн.

Бид үл ойлголцол үүсгэсэн учраас компанийн жижиг хувьцаа эзэмшигчид бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж хурал зарласан гэдэг зүйл ярьж байна. Компанийн тухай хуулиар иргэн Б.Б компанийн хувьцааны 32 хувийг эзэмшдэг томоохон нөлөө бүхий хувьцаа эзэмшигч мөн үү гэвэл мөн гэхдээ ийм хувьцаа эзэмшигчийнхээ хувьд "Д"ХК-ийн бүх хурлыг зарлан хуралдуулах, Төлөөлөн удирдах зөвлөлөө томилох бүх эрхийг эдэлж байсан. Энэ хооронд бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадаагүй. Энийг бол бүх үйлдлээр нь тогтоодог. Тиймээс хороо бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс бусад хувьцаа эзэмшигчдэд тэгш боломж олгох мөн энэ хүн сүүлийн 5, 6 жил хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж чадахгүй яваад байснаас үл ойлголцол үүссэн. Компани нь компани биш болсон тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр нэгэнт та хийж чадахгүй байгаа юм бол бусад хүмүүст нь боломж олгоё гэсэн. Тэрнээс биш бид нар аль нэг талд нь орж үйлчлээгүй.

Ер нь энэ асуудал үүссэн шалтгааныг би ойлгохдоо Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гээд тов тодорхой заачихсан байна. Компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа удаан хугацаанд хууль, журамд нийцүүлж зарлаж чадахгүй байгаа нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг боогдуулсан. Хувьцаа эзэмшигчдийнхээ тэгш оролцоог хангаад хуралдаад шийдвэрээ гаргаад явах боломж байсаар байхад энийг ашиглаагүй өдийг хүрсэн. Аль аль тал нь, энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхийн оролцоогүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2016 оны ******* дугаар сарын 31-ний хурлыг бүртгэхийг даалгах гээд байдаг. Энэ бол бүртгэх нь гол биш аль хэдийнээ манайд бүртгэгдчихсэн. Гэхдээ энэ хүчин төгөлдөр үйлчилж буй хууль журамдаа нийцсэн үү үгүй юу гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл хууль журмандаа нийцээгүй асуудал л яригдах ёстой. Нэг хоёрдугаар шаардлага нь үүнтэйгээ холбоотой явж байгаа. Мөн 3752 дугаар материал хянасан тухай бичгийг Хорооны зүгээс захиргааны акт гэж үзэхгүй байгаа” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Д"ХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал Б.Б нь 2007 оны оноос хойш компанийг удирдаж байгаа боловч удирдлагын үүргээ биелүүлдэггүй, компанийн хөрөнгө санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж их хэмжээний өрөнд удаа дараа оруулж 2007 оны хойш огт үйл ажиллагаа явуулж ажиллаагүйгээр барахгүй одоо үйлдвэрийн болон конторын барилга тоноглож хаалга, цонх, дээвэр байхгүй хана нь нурж ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож компанийг дампуурахад бэлэн болгосон байна. Б.Б нь 2007 оноос хойш цагдаа, шүүхээр зарга хийж байгаа нь 222 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байгаагаас гадна үйлдвэрийн нэр хүндийг унгаж зах зээлд эзлэх байр суурийг алдагдуулсан байна. Б.Б нь компанийн ажлыг хөөцөлдөх нэрийдлээр их хэмжээний мөнгө амлан иргэдийн мөнгийг зээлж авдаг ба -Уул аймаг, Улаанбаатар хотоос олон тооны өмгөөлөгч өндөр хөлсөөр авдаг боловч ажлын хөлсийн өгдөггүй компанийн өр болгох замаар ажиллаж байна. -Уул аймгийн анхан шатны шүүхээс 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хувь хүн, иргэд, аж ахуй нэгж албан байгууллагад холбогдох 17 шүүхийн шийдвэр гарсан ба шүүхийн шийдвэр гаргуулаагүй хохирсон иргэд маш олон байдаг./Шийдвэр нь гарсан боловч өрийг нь барагдуулахгүй байж, шийдвэрээ буцаагаад авчих удахгүй мөнгийг чинь өгнө гэж хуурч шийдвэрийн хүчингүй болгуулж мөнгийн өгөхгүй залилсан иргэд цөөнгүй байх ба компани ажиллаагүй байхад компанийн нэр дээрх өр нэмэгдсээр л байна./ Б.Б нь компанийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хөдлөх хөрөнгийг банканд тавин их хэмжээний зээл тавихаас гадна иргэдийн байр орон сууцыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад тавьж зээл авсан ба иргэдийг орх оронгүй болгож хохироосоор байна. Ор оронгүй, ажилгүй болсон иргэд олон байх ба одоо ч нэмэгдсээр байна. Үүнээс болж сэтгэл санаа болон амь насаараа хохирсон иргэд цөөнгүй. Компанийн тухай хуульд зааснаар иргэний хэргийн шүүх хэмжээний хэлцэл, хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоолыг үндэслэн авдаг боловч Б.Б нь компанийн нэр дээр гаргуулсан нэг тэрбум зуун арван нэгэн сая хоёр зуун ерэн мянган төгрөгийн өр, шүүхийн шийдвэр гаргуулаагүй байгаа өрнүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол байхгүй ба компанийн дансанд огт ордоггүй зөвхөн өөрийнхөн хувийн дансаар ордог.

Мөн Б.Б нь тодорхой орлогогүй хувийн өөр бизнесгүйн улмаас өөрийн хувийн өрийг компанийн нэр дээр гаргуулсаар даваа хувьцаа эзэмшдэг эрхээ хэтрүүлдэг боловсрол мэдлэг чадваргүй ажил хэрэгч бус зальжин, зөвхөн өр тавьж ажиллаж байгаа нь үйлдвэрийн нэр хүндийг унгаж зах зээлд эзлэх байр суурийг алдагдуулсан иймээс бид Б.ийг цаашид компанийг удирдах боломжгүй гэж үзэж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуулийн дагуу зарлаж хуралдуулсан юм. Гэтэл Б.Б нь ажлаа хүлээлцэхгүй байснаас -Уул аймгийн шүүхэд компанитай холбоотой бүх бичиг баримт, тамга тэмдгийг гаргуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч мөн л цаг хугацааг алдагдуулж байна.

Үйлдвэрийн сэргээх тал дээр төсөл бичиж засгийн газар ажлын байрын тодорхойлолт үйлдвэрийн яамнаас зарлагдсан төсөлд дэмжигдсэн боловч Б.Б цагдаа, шүүхээр зарга хийж явсаар асар их хугацаа алдаж өөрийнхөн бөгөөд үйлдвэрийг дэмжиж ажиллах гэсэн хүмүүс албан байгууллагуудыг цагдаа, шүүхэд өгч зарга үүсгэн залхаах замаар ажиллаж байна.

Иймээс Б.Б-ийн хийж байгаа дээрх үйлдлүүдийг таслан зогсоохын тулд хувьцаа эзэмшиг бид ээлжит бус хурлыг хуралдуулсан ба энэ асуудалд ул суурьтай хандаж хянан шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Энэхүү илт хууль мэдэгдлийн хүрээнд 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулсан нь хууль бус байх тул дээрх хурлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч тал болох ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-иас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Л.П шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нотлох баримтын хувьд хариуцагч тайлбараа хэлчихлээ. Ер нь энэ хувьцаа эзэмшигчдийн хувьд ээлжит бус хурал зарлах болсон шалтгаан нь Б.Б захирлын 7 жилийн хугацаанд компанийг дампууруулсан, өрөнд орсон, удирдах байгууллагынхаа үйл ажиллагааг хийж чадаагүй, хувьцаа эзэмшигчид хохироод байна гэдэг үндэслэл дээр Компанийн тухай хуулийн  61 дүгээр зүйлд заасан заалтын дагуу хувьцаа эзэмшиж байгаа, хувьцаа эзэмшээд хохирч байгаа бид нар ярилцаж байгаад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан. Тэрнээс биш өөр асуудал байхгүй. Хараат бус гишүүн буюу 10 хувиас доошгүй хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхтэй. Б.А гэдэг хүний шаардлагаар би тэр үед нь итгэмжлэл аваад уг ажлыг удирдан зохион байгуулаад явсан.

Төлөөлөн удирдах зөвлөл хуралдах гэж байгаа талаар би өөрөө Б.Бд бичиг өгөөд гарын үсэг зуруулаад явсан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заахдаа хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөл буюу гүйцэтгэх удирдлага бидэнд хариу өгөх ёстой.  Энэ хугацааны дотор бидэнд хариу өгөөгүй. 61 дүгээр зүйлийн 61.4-т заасны дагуу бид нэгэнт Төлөөлөн удирдах зөвлөлөөс бидэнд хариу өгөөгүй бол бид өөрсдөө бие даагаад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах эрхийнхээ дагуу хуралдсан.  Б.Б хавтаст хэргийн материалаар би 50 хувь эзэмшдэг гээд байгаа. Энэ хувьцаа нь байхгүй 4 жилийн өмнө 10000 ширхэг хувьцаанаасаа зараад цагдаад барьж өгөөд хоёр удаа эрүү үүсгүүлээд өнгөрчихсөн.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хувьд 50 хувийг эзэмшдэг Б.Б ганцаараа хийдэг. 2013, 2014, 2015 он гэх мэт онуудын хувьцаа эзэмшигчдийн хуралд нэг ч хувьцаа эзэмшигч ороогүй зүгээр Б.Б өөрөө хуульд заасан заалтыг ашиглаж хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд байгаа. Энэ ээлжит хурал нь ганцхан Б.ийн хурал өөр хэн ч ороогүй. Дээр нь н.Баттулга гэж хүн бий 600 ширхэг хувьцаатай энэ хоёр хүн л хэдэн жилийн ээлжит хурлыг удирдаад явсан. Мөн Б.Б захирал гүйцэтгэх захирал гээд яваад байна. Үүнийг нотлох баримтаар гаргуулах хэрэгтэй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Б.Б Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны ******* дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл  нь 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулсан нь хууль бус байх тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчингүй болгуулах, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлжээ.

           Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл  нь 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулсан нь хууль бус байх тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлэх шаардлагыг хангаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг орхиж үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан  шийдвэрлэв.

            Ийнхүү шүүх үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудаас 1 дэх шаардлага болох “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах;” шаардлагыг хангаж, 2 дахь шаардлага болох “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны ******* дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах;” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, 3 дахь шаардлага болох “2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах:” шаардлагыг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

            1.“Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах;” шаардлагын тухайд:

"Д" ХКийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны ******* дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар 09 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ.

            Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ шийдвэр нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдиййн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна.” гэсэн хугацааг зөрчөөгүй хуулийн энэхүү заалттай нийцсэн байна.

            Энэ нь нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тогтоолын дагуу өдөр тутмын “Өдрийн мэдээ”, “MN-Өнөөдөр” сонинд 2016 оны 02 дугаар сарын 05, 02 дугаар сарын 19-ны өдрүүдэд зар өгсөн баримтаар давхар нотлогдсон байна. 

            Ийнхүү "Д" ХКийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хурлыг 2016 оны ******* дугаар сарын 31-ны өдөр хуралдуулж холбогдох материалыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тус тус хүргүүсэн байна.

            Тус хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаас хойш 8 сарын дараа мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдлээр уг хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох боломжгүй тухай хариу хүргүүлжээ.

            Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх ******* дугаар мэдэгдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ.”, 1 дэх хэсгийн 4-д “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулна:”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэж хуульчилснаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн зохицуулалтын хүрээнд  нэхэмжлэгч “ – Хөвөн” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хариуг өгөх үүрэгтэй байжээ.

            Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хариу өгөх хугацааг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргадаг энэ харилцаатай холбоотой журмуудад зохицуулаагүй хэдий ч уг асуудлыг зохицуулалтгүй харилцаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ - Хөвөн” ХК 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8- д “хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх;” гэж заасан хугацааны дотор  хүргүүлсэн байхад материал хүлээн авснаас хойш 8 сарын дараа хянаж уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзсэн ******* дугаар мэдэгдэл илт хууль бус байна.

            Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасны дагуу маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдэл илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

            Аливаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэг хууль зүйн зохицуулалтгүй явагдах боломжгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хянаж шийдвэрлэх хугацаа ямарч хуулийн зохицуулалтгүй явагддаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. 

            Хариуцагч "Д" ХКийн 2016 оны ******* дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдиййн хурал, 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлын материалыг хянаж Хорооны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хугацаатай үүрэг өгсөн гэх боловч энэ албан бичгийг тус компанийн удирдлага хүлээн аваагүй байна.

            Дээрх ******* дүгээр албан бичгийг тус компанид хүргүүлснээ хариуцагч  нотлоогүй бөгөөд харин “Монгол шуудан” ХК-ийн -уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар албан бичгээр “...Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 09 дүгээр сард "Д" ХКийн нэр дээр албан бичиг ирүүлээгүй болно.”  гэж нотолжээ.

            Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас "Д" ХКийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон хойшлогдсон хурлын материалыг хянаж уг хурал хүчинтэй эсэх шийдвэрийг гаргах бүрэн эрхээ хуулинд заасан хугацаа, зохицуулалтын хүрээнд хийгээгүй гэж дүгнэх боломжтой бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 

            2. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны ******* дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “...Компанийн тухай хуулийн 69.1-д заасан шаардлагыг хангаж нийт саналын эрхтэй энгийн хувьцааны 77.9 хувийг эзэмшигчид хуралд оролцсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцохоор байна.” гэсэн агуулга бүхий 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар “Материал хянасан тухай” албан бичиг нь тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэж  хүлээн авч хянан шийдвэрлэв.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

            Учир нь нэхэмжлэгч "Д" ХКийн захирал Б.Б Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар “Материал хянасан тухай” албан бичгийг мэдсэнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд,хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”  гэсэн хуулинд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзэж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Б "Д" ХКийн  “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцож уг хуралдаан хууль бус болох талаар саналаа илэрхийлсэн гэж тайлбарлажээ.

            Нэгэнт нэхэмжлэгч тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, хурлын үйл явцын талаарх үйл баримтыг мэдэж байсан хирнээ эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад хандаагүй, уг хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн Санхүүгийн зохицуулах хорооны маргаан бүхий ******* дугаар албан бичгийг мэдсэнээс хойш хуулинд заасан хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

            3. 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хүлээн авч Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д зааснаар уг хурал хүчин төгөлдөр болсон эсэхэд хяналт тавьж ажилласан байна.

            Шүүх 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хуралдааныг хүчин болсон гэж үзээгүй Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ******* дугаар мэдэгдлийг илт хууль бус гэж тооцсон хэдий ч уг хуралдааныг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Учир нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хүлээн авч хянах, уг хурал хуульд нийцсэн эсэх талаарх асуудлыг санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо хууль. журмын хүрээнд хэрэгжүүлэх эрхтэй байна.

            Өөрөөр хэлбэл дээрх харилцаа нь  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамаарч байхад шүүхээс тухайн асуудлыг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13,  109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

            1.Компанийн  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3,  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус  тус  баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн "Д" ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны ******* дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР